| |
Аргентины Ерөнхийлөгч "Спутник V" вакциныг хийлгэжээ
Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес Оросын "Спутник V" вакцины эхний тунг хийлгэсэн тухай тус улсын хэвлэлүүд төрийн тэргүүнийхээ тамгын газрын мэдээллээс иш татан уламжиллаа.
Тэрбээр пүрэв гаргийн өглөө Посадас эмнэлэгт вакцин хийлгэжээ. Өдгөө 61 настай Фернандес вакциныг гарган авсан Оросын Н.Ф. Гамелеян нэрэмжит судалгааны хүрээлэнд талархал илэрхийлсэн байна. "Өнөөдөр би "Спутник V" вакциныг хийлгэлээ. Энэхүү вакциныг нийлүүлэхэд ажилласан хүмүүст болон манай улсын бүх эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлье. Вакцинжуулалт коронавирусний эсрэг дархлааг бэхжүүлнэ. Бүгдээрээ вакцинд хамрагдцгаая” гэж тэрбээр твиттер хуудсандаа бичжээ.
Аргентины Эмийн чанарын хяналтын газар өмнө нь "Спутник V" вакциныг 60-аас дээш настай хүмүүст хэрэглэхийг зөвшөөрчээ. Үүнээс өмнө зөвхөн 18-59 насны эмч, эмнэлгийн эрчимт эмчилгээний ажилтнуудад вакцин хийж байсан байна.
"Спутник V" вакцин нь Оросын шууд хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр Н.Ф.Гамалеян нэрэмжит үндэсний төвийн мэргэжилтнүүдийн сайн судалсан аденовирусний векторт суурилан боловсруулсан "COVID-19”-ээс урьдчилан сэргийлэх дэлхийн анхны вакцин юм. ОХУ-ын Эрүүл мэндийн яам уг вакциныг өнгөрсөн оны наймдугаар сарын эхээр бүртгэсэн бөгөөд оросуудыг энэ вакцинаар 12 дугаар сараас вакцинжуулж эхэлсэн билээ.
"Спутник V" вакциныг Аргентин, Боливи, Серби, Унгар, Алжир, Палестин, АНЭУ, Венесуэл, Парагвай, Туркменстан, Беларусь улсууд бүртгэжээ.