| |
ЭМЯ: Улаанбаатарт 5 тохиолдол батлагдаж, бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар илрээгүй
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш 10599 хүнд шинжилгээ хийхэд 5 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатарт 5 тохиолдол илэрсэн байна. Үүний 3 нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал гэр бүлийн хүмүүсийн 2-3 дахь давтан шинжилгээнээс илэрсэн. Харин хоёр нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байсан хоёр иргэнээс илэрсэн байна.
Тухайн хүмүүс нь хэвтэхдээ түргэвчилсэн тест болон PCR шинжилгээ нь сөрөг гарч байсан. Хэвтсэнээс нь хойш давтан хийсэн үед 4, 5 хоногийн дараа халдвар илэрсэн байна. Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 145 болж байна.
Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.
Аймгуудаар авч үзвэл,
- Архангай аймгийн батлагдсан тохиолдол 3
- Сэлэнгэ аймаг 216
- Орхон 25
- Улаанбаатар 140
- Дорноговь 32,
- Говьсүмбэр 4
- Дархан-Уул 45 хэвээрээ байна.
Дотоодын халдвар 470 байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 923, эдгэрсэн 384, эмчлэгдэж байгаа 530 байна. Үүнээс 481 хөнгөн, 45 хүндэвтэр, 3 хүнд, 1 хүн маш хүнд байна" гэлээ.