| |
Ж.Отгонбаяр: Х.Нямбаатараас “Сар бүр 20 сая төгрөг өг” хэмээн нэхсэн гэдэг худлаа
Сүүлийн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд үзэл бодлоо илэрхийлсэн хүн бүрийг торгож байна гэх шүүмжлэлд өртөөд буй. Мөн Парламент телевизийн захирал Ж.Отгонбаярыг ч торгожээ. Тэрбээр цахим орчинд эсэргүүцлээ илэрхийлэн байр сууриа илэрхийлсэн байна. Түүнээс энэ асуудлаар тодруулга авлаа.
-Өнөөдөр оруулсан зургийнхаа талаар та тайлбарлаж болох уу. Та бас Хууль зүй, дотоод хэргийн сайдаас сар бүр 20 сая төгрөг өгөхийг шаардсан юм уу?
-Ирсэн цагдаа нарынх нь хэлснээр нэг агентлагийн даргыг шүүмжилсний төлөө Х.Нямбаатарын боловсруулж батлуулсан Зөрчлийн тухай хуулиар торгуулах гэж байна. Ганц өнөөдрийн оруулсан зурагтай холбоотой асуудал биш юм. Намайг Зөрчлийн тухай хуулиар зургаа, долоо дахь удаагаа шийтгэж, торгуулийн ял оноосон. Үзэл бодлоо илэрхийлсний төлөө нэг удаа торгохдоо хоёр сая төгрөгөөр торгодог. Худалч хүнд сар бүр хоёр цагдаа ирж намайг торгож байна. Би бүр нэг хүний пост дор коммэнт бичээд торгуулсан. Гэхдээ би энэ мөнгийг нь төлөөгүй. Мөнгө төлөхгүй болохоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулдаг юм байна. Намайг тэд энэ мэтээр удаа дараа оролдож байна. Дүүг, ойр тойрны хүмүүсийг минь хянаж, шалгаж, торгож, болж өгвөл эрүүгийн хэрэг үүсгэчих гээд байна. Аа Х.Нямбаатараас сар бүр 29 сая төгрөг өг хэмээн нэхсэн гэдэг худлаа.
-Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэхийг эсэргүүцээд байгаа шалтгаанаа тайлбарлаач?
-Зөрчлийн тухай хуулиа болимоор байна. Монгол хүн жилд дунджаар 3-4 удаа торгуулдаг. Жишээ нь, Элийрэгч Уянга байнга шалгуулж, торгуулж, гишгэх газаргүй болоод, аргагүйн эрхэнд гадаадад амьдрахаар явлаа шүү дээ. Өнгөрсөн хугацаанд нийт 5.5 сая иргэнээ торгоод 460 тэрбум улсад төвлөрүүлсэн байна. Гараад байгаа зөрчлийг арилгахад дээрх мөнгөө зарцуулсангүй. Зам дээрээс машин ачаад улсын төсөвт 83 төгрөг төвлөрүүллээ. Энэ мөнгөөрөө замаа зассангүй, зогсоол хийсэнгүй. Гэтэл Швед, Норвегид энэ мөнгөөрөө зогсоол барьдаг.
-ХЗДХЯ Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг чангатгахаар хуулийн төсөл боловсруулсан юм билээ. Үүнийг Та бас нэлээд эсэргүүцсэн буй.
-Хуулийн төслийн эсрэг байр суурьтай байна. Иргэдийг мэдэх эрхийг устгах гээд байна шүү дээ. Үндсэн хуулийн 16-д "Монгол хүн үгээ хэлэх үзэл бодлоо илэрхийлэх тайван жагсаал цуглаан хийх эрхтэй” гэж заасан. Гэтэл иргэн хүн хэн нэг даргыг шүүмжилсний төлөө 80 саяар торгуулж, таван жилээр хоригдох нь. Том зургаар нь харвал наана нь Х.Нямбаатар байгаа ч цаана МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн мөнгөө босгох, 2021 оны төсвийн тодотголын будилааныг хийх бэлтгэл ажлаа эхлүүлсэн гэж хардаж байна. Х.Нямбаатар Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтын өөрчлөлтийг Хэвлэл мэдээллийн зөвлөл хийнэ гэж тайлбарласан, халхавчилсан. Мөн Х.Нямбаатар зарим хэвлэл мэдээллийн байгууллагыг худалдаж аваад байгаа. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлага уулзаж, Х.Нямбаатарыг огцруулах акц зохион байгуулахаар ярьж буй. ОХУ-д В.Путин яг ийм заалтыг хуулийн төсөлд оруулж, иргэдээ шоронд хийхээр хуульчилж байсан. Яг энэ акц яваад байгаа юм.