|
Видео

Шинэ мэдээ

"УГЖ"-тай оюутнуудаас халамжийг нь хураая

"УГЖ"-тай оюутнуудаас халамжийг нь хураая"Шийдлийн” тодотголтой Засгийн газар  байгуулагдсанаас хойш чинээндээ тултал бөөгнөрчихөөд байгаа асуудлуудыг шийдэж эхэллээ. Юуны өмнө учир нь олдохгүй олон яамдыг нэгтгэлээ. Улмаар байхгүй болсон яамдуудын байрлаж бай­сан байруудыг хүүхдийн болон төрөх эмнэлэг болгохоор шийдсэн. Энэ өвлийн хувьд нийслэлийн иргэдэд хамгийн их тулгамдаж байсан асуудал эмнэлэг байсан. Улсын ирээдүй болсон бяцхан иргэд ханиадад дарлуулж, хажуугаар нь эмнэлгийн шалан дээр хэвтэж, өдөр хоногийг өнгөрөөж байв. Тийм болохоор яамдууд байрлаж байсан байрыг эмнэлэг болгохоор пшйдсэн нь яах аргагүй нүдээ олсон шийдэл байлаа.
 
Хэдийгээр зориулалтын биш ч гэсэн шалан дээр унтаж байсан хүүхдүүд орон дээр гарахаар болж байгаа нь сайшаалтай. Нөгөө талаар улс орны эдийн засгийг аврахын тулд зоригтой олон алхам хийхээ мэдэгдчихлээ. Аль эрт л хийх ёстой байсан ажлууд уг нь. Өмнө нь засаг барьж байсан нөхдүүд зөвхөн ард түмэнд таалагдахын тулд бугшуулаад яваад байсан улсын төсвийн дарамтууд. Яах вэ, халамжийн тогтолцоо гэж байх ёстой гэдэгт санаа нийлж болно. Гэхдээ зорилтот бүлэг гэж байх ёстой. Тэгэхгүй тэрбумтны хүүхэд ч, хоногын хоолоо яая гэж байгаа айлын хүүхдэд адилхан 20 мянган төгрөг өгөх нь зөв шийдэл мөн үү. Хичээл сургуульдаа шамдаад, онц сураад явж байгаа оюутан, баар сав хэсч дөрвөн жилийг өнгөрөөчихөөд, диплом авсан болоод төгсч байгаа нөхөр хоёр адилхан тэтгэлэг авах нь ариун явдал уу гэдгийг ялгах цаг нь болсон. Үүнийг л Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ялгаж, салгах гэсэн хэрэг. Энэ шийдвэрийг хүн бүр хоёр гараа өргөж дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.
 
Олон янзын хавтгайруулсан халамжийг цэгцлэх асуудал яригдаж байгаа. Тэр дундаас хамгийн түрүүнд хасах нь оюутны элдэв тэтгэлэг. Оюутан гэхээр сурч хөдөлмөрлөж, тэмцэх ёстой залуу хүмүүс төсөөлөгдөнө биз дээ. Түүнээс биш тэтгэвэрт гарсан өндөр настан, хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүн мэтээр төсөөлөгдөнө гэж байхгүй баймаар. Гэтэл яасан гэж оюутнуудад автобусаар үнэгүй зорчих карт, cap бүр 70 мянган төгрөг өгөөд байгаа юм. Угтаа бол оюутнууд сурлагадаа шамдаж, хажуугаар цагийн ажил хийж, боломжтой бүх аргаар тэмцэх ёстой. Автобусаар үнэ­гүй зорчих карт өгснөөр хотоор дураараа сэлгүүцэж хэсч тэнэ гэж байгаатай ялгаа алга. Яах вэ, хэрэгтэй хүндээ хэрэгтэй байх. Автобусны мөнгөгүй, үнэгүй зорчих эрхийн үнэмлэхээрээ хичээлдээ ирээд, орой гэртээ харьдаг оюутнууд олон байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ яг ийм зорилтот бүлгийнхнээс илүүтэй зүгээр сэлгүүцэгсэд, эсвэл оюутны холбоонд ажилладаг таньдаг хүнээрээ дамжуулаад үнэгүй зорчих эрхийн үнэмлэх авчихсан ажилчид олон бай­гаа шүү дээ.
 
70 мянга дээр ч ялгаагүй. Өнөөдөр ямар хамаагүй сургуулийн оюутнуудын 80 хувь нь энэ мөнгөөрөө зү­гээр л наргиж, цэнгэж, залуусын хэлдгээр "шоудаж” байна. Чихээ жаахан "сунгаад” их, дээд сургуулийн хажуугаар яваад үзээрэй. "70 буувал нэг сайхан баардая”, "70 буугаасай, ломбарднаас утсаа авах юмсан”, "70 буучихвал хэдүүлээ нэг сай­хан шарсан тахиа авч идье” гэх яриаг хангалттай сонсоно. Үндсэндээ төр засаг борооны дараах мөөг шиг олширсон хэрэгтэй, хэрэггүй олон их, дээд сургуульд сурч байгаа нэртэй хэдэн шоучин нөхдийн баар, уушийн газарт орж архи, шар айраг уух мөнгийг нь бэлтгэж өгч байгаагаас ялгаа алга. Сардаа 70 мянган төгрөг авсан нөхдүүд ганц хоёр хоногтоо хангалттай архидчихаар л мөнгө юмдаг. Үгүй бод доо, оюутны 70 мянга буух үеэр баар, уушийн газар, зочид буудлын ашиг орлого огцом нэмэгддэг. Бараг хүн орох зайгүй болоод, ачаал­лаа даахаа больдог гэсэн албан бус статистик судалгаа байна. Дээрээс нь оюутны 70 мянга буусны дараагаас үр хөндөлт хэд дахин нэмэгддэг гэсэн судалгаа ч бий шүү, тэгж ярьвал. Хуучин шинэ жил, хонхны баярын дараа үр хөндөлт нэмэгддэг гэж ярьдаг байсан бол одоо 70 буух үе нэмэгдээд байгаа хэрэг. Оюутны тодотголтой 70 мянгын үр ашиг нэг иймэрхүү л байна. Тиймээс одоо хамгийн сурлага сайтай, зүтгэлтэй оюутанд мөнгө өгч байя.
 
Автобусны билетийг ч гэсэн ялгаагүй. Хэн онц сурна, тэр л тэтгэлэг энэ тэрээ авдаг байх нь хамгийн шударга зарчим. Европ, Америкийн дэлхийд алдартай сургуулиудын төлбөр ямар өндөр билээ. Тэнд суралцах эрх авахын тулд өгдөг шалгалт нь хүнд. Тэгээд бүгд тэтгэлэгт хөтөлбөртэй. Оюутан үнэхээр сайн суралцаж чадвал тэтгэлэгт хамрагдах боломжтой. Бүр үнэгүй шахам ч суралцах боломж бий. Сургуулиа сайн сураад төгсвөл өндөр нэр хүндтэй байгууллагад өндөр цалинтай ажилд орох нь баараггүй байх жишээтэй. Манайх ийм систем рүү шилжмээр байна. Өнөө­дөр Монголд 100 давсан "сургуулинцарууд” байгаа. 10 жил нойлын ногоон тэгээрээ дуудуулаад, нусаа гоожуулж явсан, ганц ч томъёо мэдэхгүй хөлдүү толгойтой нөхөр ч аль нэг сургуульд нь орчих боломжтой. Дээрээс нь дээд сургуульд сурсан нэр зүүж, шоудаж явсаар дипломны булантай төгсч байгаа юм. Төрөөс баахан халамж авч, "угжны хурга” аятай давхина даа. Ингэж явсаар сургуулиа төгсөх нь нэг юм төгсөнө. Ажил олдох уу гэвэл ёстой "түй май”. Иймэрхүү дээд боловсролтой, юу ч хийж чадахгүй нөхдүүдээр Монгол Улс дүүрчихлээ.
 
Түүний оронд их сургуульд орох шалгуур өндөр, онц сурч чадсан хүнд тэтгэлэг өгдөг, төр нь ч харж үздэг байвал арай өөр биз дээ. Сургуульд орох шалгалтыг нь дийлэхгүй, онц сурч, тэтгэлэг авч чадахгүй нөхдүүд нь мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сураад, өрлөгчин, барилгачин болно биз. Ингэж байж энэ улс орон чинь данхайсан төсвөөсөө багахан ч болов хасч чадна. Оюутнууд ч 70 мянга биш хичээл номоо эргүүлж явбал аятай юу.
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler