| |
Н.Номтойбаяр: УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвших хуулийн болзлыг хангалаа
УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшиж буй 95 хүний материалыг Сонгуулийн Ерөнхий хороо энэ сарын 22-ны өдөр хүлээн авсан. Тэгвэл Н.Номтойбаярын СЕХ-нд өгсөн материалыг ямар ч тайлбар хэлэхгүйгээр "нягтлаж” үзнэ хэмээн татаад авсан тухай мэдээлэл цацагдах болсон юм.
Үүнтэй холбогдуулан Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр өчигдөр өөрийн цахим хуудаст "Сүүлийн хоёр өдөр намайг хөдөө явсан хойгуур Сонгуулийн ерөнхий хороо миний бүрдүүлж өгсөн материалыг үндэслэлгүйгээр татлаа, бие даан нэр дэвшигчээс хаслаа гэх мэт дэл сул яриа түгэж намайг дэмжиж гарын үсгээ зурсан Хан-Уул дүүргийн мянга мянган сонгогчдыг төөрөгдүүлэх, нэр бүхий улстөрчидтэй муудалцуулах башир арга явагдаж байна" гэх мэдэгдлийг нийтэлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр "Сонгуулийн ерөнхий хорооны тогтоол гарч миний бие Нямтайширын Номтойбаяр 2020 УИХ-ын сонгуульд ХАН-УУЛ дүүрэгт бие даан нэр дэвших хуулийн болзлыг хангалаа. Бие даан нэр дэвшиж буй намайг дэмжиж 5 хоногийн дотор гарын үсгээ зурсан 31,041 сонгогч болон гарын үсгээ зурж амжаагүй ч дэмжихээ илэрхийлсэн мянга мянган залуучууддаа БАЯРЛАЛАА. Жич: Хуульд зааснаар 6/2-нд сонгуулийн ажил эхэлмэгц ямар бодлого, шийдэлтэй ХАН-УУЛ дүүргээс УИХ-д нэр дэвшиж байгаагаа танилцуулна" гэж Н.Номтойбаяр бичсэн байна.