|
Видео

Шинэ мэдээ

Сонгууль явуулбал үхлийн өөдөөс өөрсдөө тоссонтой адил болно

 

  • Ерөнхийлөгчийн уриалгыг монгол хүн бүр дэмжээсэй гэж хүснэ

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ард түмэндээ хандаж уриалга гаргасны дараа Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт нийгмийн өмнө хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа УИХ-ын ээлжит сонгуулийг товлосон хугацаанд нь явуулна, түүнчлэн үүссэн цагийн байдалтай холбоотойгоор төсвийн тодотгол хийх шаардлагагүй гэж мэдэгдлээ. Өмнө нь, бараг тэрхүү уриалгатай зэрэгцээд "Бүхий л асуудлаар ҮАБЗ-ийн гишүүд нэгдмэл бодол санаатай, нэг цонхоор харж байна” хэмээн хэлж байсан үгнээсээ тэрбээр буцжээ. Учир нь Ерөнхийлөгчийн уриалгад сонгуулийн хугацааг хойшлуулах, яаралтай төсвийн тодотгол хийх зэрэг зургаан асуудлыг хөндсөн байсан. Тэгэхээр Ерөнхий сайдын мэдэгдлээс хэрэв тэд өнөөдрийг хүртэл нэг цонхоор харж байсан юм бол цаашдаа үгүй гэдгийг бид ойлгох хэрэгтэй болж байгаа юм байна. Түүнчлэн бидэнд эл хоёр эрхмийн үзэл бодол, бодлогоос шууд хамаарах хоёр сонголт тулгарлаа. Коронавирусийн аюул биднээс холдож одсон, одоо бол хорио цээргүй болно гэсэн өөдрөг үзлээр Ерөнхий сайдын байр суурийг дэмжин бүх нийтээрээ сонгуульдах, эс бөгөөс хяналт, хорио цээрийн дэглэмээ барьж, нэг л алдвал тогтоож дийлэхгүй болж мэдэх аюулаас болгоомжилж, өнөөдөрт үл хууртаж, илүү хашир байж, төсөвт тодотгол хийж, шаардлагагүй зардлаа танаж, сонгуулийн хугацааг байдал илүү найдвартай болох хүртэл хойшлуулах уу гэсэн хувилбар тулгагдлаа. Хүн төрөлхтөнд учруулж буй, учруулж болох аюул маш тодорхой байхад, тэр тусмаа эсрэг авах арга хэмжээ, эмчилгээ тодорхойгүй, арга хэрэгслийг хараахан олоогүй, дэлхий нийтээрээ айн түгшиж байхад бид энэ цар тахалтай аз эзээ үзэж байгаа юм шиг амь насаараа бооцоо тавих нь дэндүү тэнэглэл. Бид Ерөнхий сайдынхаа мангар зоригтойг нь мэднэ. Гэхдээ Монгол Улсын аюулгүй байдал, ард иргэдийнхээ амь насаар бооцоо тавьж "тоглох” хэмжээний мангар зориг гаргадаг байж болохгүй шүү дээ. Дэлхийн бүх улс оронд аюулт тахал нэгэнт тархаж, үхэл цаг, минутаар нэмэгдэж, улс орнууд онцгой цагийн байдал, бүр дайны цагийн байдал зарлачихаад байхад сонгууль явуулна гэж байгаа зоригийг тэнэг гэж хэлэхээс өөр арга алга. Ерөнхий сайд болон намд нь амин чухалд үнэлэгдэх улс төрийн олон шалтгаан байгаа ч, улс үндэстний эрх ашгаас дээгүүр эрэмбэлэгдэж таарахгүй шүү дээ. Дэлхийн улс орны төр, засгууд зөвхөн сонгуулийн үйл ажиллагаа төдийгүй нийгэм, эдийн засаг, урлаг, спортын олныг хамарсан бүхий л арга хэмжээг хойшлуулах шийдвэрийг ээлж дараалан гаргаад эхэлсэн. Бүхий л Засгийн газрууд хэмнэлтийн горимд шилжиж, төсвөө дахин тодотгож, зардлаа танаж байна. Монгол Улс энэ оны сонгуульд зориулж 23.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тэгвэл энэ их мөнгийг эрүүл мэнд, аюулгүй байдал, ард иргэдийн амьжиргаа, аж ахуй нэгжүүдийн хэвийн ажиллагаа, ажлын байр, орлогыг тэтгэж дэмжихэд зориулах нь сонгуульд зарцуулахаас хамаагүй амин чухал биш шүү! Яг одоо титэмт вирусийн тахал өвчний аюулыг үл тоон сонгууль явуулах чухал шаардлагатай гэж үзэж, бодож яваа хүн Монголд хэр олон байгаа бол гэдгийг бодож үзсэн үү, Ерөнхий сайд аа! Үгүй бол бодоод үзэх хэрэгтэй. Цөөн тооны улстөрчөөс өөр ингэж бодож, зүтгэж байгаа хүн гарахгүй, бараг байхгүй л болов уу! Монголын эмч, эмнэлгийн ажилтнууд, онцгой байдлын болон хүчний байгууллагуудын ажилтнуудын нойр, хоолгүй зүтгэж байгаа энэ олон өдөр хоногуудын хүчин зүтгэлийг ядаж хүндэтгэх сэтгэл эрх баригчдад байх ёстой шүү дээ. Тэд амь насаараа дэнчин тавьж өнөөдрийг хүртэл гэр орон, үр хүүхэд, хань ижил, аав ээждээ очилгүй тусгаарлагдан Монгол Улсад, монгол хүнд халдварт тахлыг тархааж алдчихгүйн тулд өнөөдрийг хүртэл тэсвэрлэн тэмцсээр л байна. Анхны халдварлагчаас хойш тоо буурсангүй нэмэгдсээр байна. Цаашдаа ч хилийн чанадаас олон зуун иргэн маань ирнэ. Тэдний дунд халдвар тээсэн хэчнээн хүн ирэхийг хэн ч тааж мэдэхгүй байна. Тахал тээж ирэхгүй гэхээсээ тээж ирэх магадлал нь илүү байгаа шүү дээ. Сэтгэл амгалан, үл тоомсорлон хандаж байсан улс орон яаж хохирол амсаж байгаа мэдээг бид өдөр бүр харж, сонсож байна. Иран, Франц улсууд улс оронд нь халдвар тархахгүй гэж үзээд сонгууль явуулснаараа өнөөдөр ямар байдалд хүрээд байгаа билээ. Халдварласан болон нас барсан хүнийхээ тоогоор хамгийн өндөр байна. АНУ-ын жишээ маш том сургамж. Энэ цар тахлын хэмжээ хумигдах биш улам тэлж байна. Эдгэрсэн хүн дахиад өвдөж байна. Халдварын тархалт буурч байсан улс орнуудад дахиад царлан дэгдэж байгааг Япон, БНСУ, Хятадаас ирүүлж буй мэдээ нотолсоор. Яг одоо үүнийг бичиж байхад дэлхий дахинд 65 мянган хүн нас барж, 1 сая 300 мянган хүнд халдварлаад байна гэсэн мэдээ ирж, тоолуур мэт энэ тоо цаашаа хором хормоор нэмэгдэж гүйх нь дотор эвгүйцүүлж байна. Дэлхийн вирус судлаач нэртэй эрдэмтэд тахлын аюул ирэх саруудад хамгийн ноцтой үедээ орно гэдэгт санал нэгдэж байгааг монголчууд уншиж, сонсож байгаа байх. Тэр ч бүү хэл АНУ-д тавдугаар сард 280 мянгаас илүү хүн нас барна гэдгийг эрдэмтэд, эмч эмнэлгийн ажилтнууд нь маш айдастайгаар хэлж байна. Хорио цээрийн улмаас дэлхийгээр нэг очих газаргүй, оочих аягагүй болсон цагаач, дүрвэгчдийн асуудал ид яригдаж байна. Энэ олон сая хүн бүр вирус тээгч амьд "бөмбөг” байх магадлал улам өндөр болж байна. Тэгээд нөхцөл байдал ийм байхад Монгол Улс санаа амарч, тэр ч бүү хэл сонгууль хийнэ гэж зүтгэх улстөрчдийг бид зөвшөөр ч дагана гэдэг үхлийн өөдөөс өөрсдөө тосон очиж байгаагаас ялгаа юун. Дэлхийн улс орнууд, ДЭМБ-аас Монгол Улс харьцангуй сайн байна гэж дүгнэсэн дүгнэлт манай угийн хөөрүү зарим нэг улстөрчийг бүр манантуулж орхисон бололтой. Энэ дүгнэлт одоо бүр ард иргэдэд халдварлах шинжтэй болоод явчихлаа. Улстөрчдийн энэ хандлагаас болж улс орноороо тайвширч байгаа нь маш аюултай юм. Өнөөдөр амны хаалтгүй алхах хүний тоо гадуур, дотуур өдөр бүр нэмэгдэж байгааг та бид харж байна. Хүүхэд, залуус энд тэндгүй маскгүй тоглож, цуглах нь ихэслээ. Нөгөө их сэрэмжилж байсан сэрэмж бүүдийсээр байна. Улс орнууд хөл хорио, цээр, онцгой байдлаа улам өндөржүүлж байхад бид эсрэгээр суларсаар. Хорио цээрийн дэглэм зөрчсөн этгээдийг өчиггүй буудаж болох хүртэл шийдвэрийг зарим улс гаргаж байна. Саяхан "Гүүгл” компаниас коронавирусийн цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор 131 улс орны гар утас хэрэглэгчдийн хөдөлгөөнд хяналт хийж үзсэнд улс орнууд дургүйцлээ илэрх ийлсэн байна билээ. Монголчууд биднийг ч бас хянасан байна. Хамгийн гол нь тэдний хийсэн хянал таар бидний сэрэмж суларч, зорчих хөдөлгөөн нэмэг дэж байгаа нь тодорхой гарчээ. Хамгийн анхны халдвар тээгч илэрсний дараах үед бидний хөдөлгөөн эрс багасч бараг 4-5 хувь болсон байсан бол одоо нэмэгдэж 16 хувь болсон байх жишээтэй. Бид ийм амархан нөхцөл байдалдаа итгэж тайвшрах цаг хараахан биш, аюул улам бидэнд дөтөлсөөр байгаа шүү дээ. Ерөнхий сайд хийгээд эрх баригч намынхан ийм үед сонгууль явуулна гэж байгаа бол өнөөдрийг хүртэл улс орноороо тахлын эсрэг сөрсөн тэмцэл, хүр сэн, олсон амжилт, аюулт тахалтай нүүр тулан тэмцэж буй эмч эмнэлгийн ажилтнууд, иргэдийнхээ зүтгэл, амь насаар бооцоолж, таамаглаж үл чадах аюулт тахалтай халзагнаад үзье гэсэн хэрэг болж таарна.Тэгвэл сануулчихъя. Энэ бол казиногийн ширээн дээр тэрбумаар нь тавиад алдаж болдогтой адилтгах үйлдэл биш билээ.

 
Засгийн газрын мэдээ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler