|
Видео

Шинэ мэдээ

Т.Баясгалан: Хүмүүс Жавхаа бид хоёрыг гэр бүл болоосой гэж хүстэл нь дуулж чадсан

Цаг хугацаа гэдэг бүхнийг эдгээдэг төдийгүй өөрчилдөг, бас хүссэнийг биелүүлдэг аж. Дуучин Т.Баясгаланг дөнгөж олны танил болж байх үе буюу 2003 онд энэхүү ярилцлагыг авчээ. Тэр үед түүний ярьж, мөрөөдөж байсан зүйл болоод сэтгүүлчийн асуусан асуулт яг л ирээдүйн зөнч мэт өнөөдрийг зөгнөсөн байх нь гайхалтай.
Тухайн үед "Яах аргагүй энэ мэргэжлийг сонгосон болохоор зүгээр л суух гэхээр замхарчих гээд болдоггүй” гэж ярьж байсан Т.Баясгалан гавьяат яг үнэндээ урлагийн тогооноос замхарчихаад байна.
Тэр үеийн залуу дуучин, одоогийн МУГЖ Т.Баясгалангийн яриаг сонирхон уншина уу. 

-Сүүлийн үед С.Жавхлан та хоёрыг хамтран дуулахгүй гэдэг яриа гарах боллоо. Энэ үнэн үү?
-Бид хоёр мэдээж ор тас хамтран дуулахгүй байна гэж байхгүй шүү дээ. Хамгийн гол нь бид хоёр ганц ганцааар дуулдаг дуунуудаа хүмүүст хүргэж чадахгүй болоод байгаа юм. Тоглолтод хамт очихоор яг л нөгөө хамт дуулсан дуэт дуунуудаа дуул гэж шаарддаг. Бид хоёрын ганц ганцаар дуулсан зөндөө дуунууд үзэгчдэд хүрч чадахгүйд хүрээд байна. Тиймээс ийм шийдвэрт хүрсэн. Хэсэг хугацааны дараа бид хамтран дуулна. Мэдээж энэ хугацаанд ч гэсэн хамтран дуулсан дуэт дуунуудаа дуулж л таарна.


-Тэгвэл цаашид юу ч болоо билээ. Жавхлан өөр хүнтэй дуулвал харамлах уу?
-Яалаа гэж дээ. Би хэнтэй ч дуулсан чөлөөтэй. Жавхаа ч хэнтэй ч дуулсан чөлөөтэй шүү дээ. Тухайлбал нэг кинонд тоглосон жүжигчид дараа дараагийн кинондоо хамт тоглодоггүй биз дээ.
-С.Жавхлан та хоёрыг оюутан ахуйдаа дуулсан дуунууд тань "од” болголоо. Тэгэхээр та хоёрын хувьд хамгийн дурсамжтай үе тань оюутан цаг уу?
-Тийм ээ, оюутан цагтаа дуулсан Жавхаа бид хоёрын дуунууд олны сэтгэлд хүрсэнд би маш их баяртай явдаг. Тиймээс хамгийн жаргалтай, дурсамжтай үе бол оюутан нас. Би оюутан байхдаа их нийгмийн идэвхитэй хүүхэд байсан. Манай ангийнхан ч бас эвсэг, нийтэч, хөгжилтэй хамт олон.
-Оюутан цаг сайхан шүү. Нээрээ Жавхлан та хоёрыг хайр сэтгэлийн холбоотой гэлцэх юм. Гэр бүл болчихоосой ч гэж хүсдэг хүмүүс олон байх шиг. Та хоёрт уран бүтээлээс гадна хайрын холбоо байдаг юм биш биз?
-Тэгж сайхан зүйл боддог хүмүүст талархаж, хүндэтгэж байна. Үнэхээр бид хоёр хүмүүст тийм болтолоо харагдаж, гэр бүл болчихоосой гэж хүстэл дуулж чадсандаа баяртай байна. Хэр баргийн хүмүүсийг үзэгчид тэгж хүсдэггүй байх. Хослон дуулдаг дуучид зөндөө л байдаг. Тэднийг тэр болгон тэгж хүсдэггүй л биз дээ. Жавхаа бид хоёр тэгж дуулж чадсандаа өөрсдөөрөө бахархаж байна.
Гэвч үнэндээ Жавхаа бид хоёрт ямар ч хайр сэтгэлийн холбоо байхгүй. Үзэгч, сонсогчид биднийг хамт дуулахгүй гэснийг бас энэ асуудалтай холбож яриад байх шиг байна лээ. Битгий тэгээч ээ, би чинь залуу хүн шүү дээ.
-Одоо мөнгөгүй бол ажил урагшлахаа байсан цаг. Урлагийнханд ивээн тэтгэгч маш их хэрэгтэй байдаг байх?
-Ер нь бол спонсор хэрэгтэй л дээ. Одоо миний энэ CD-г Залуучууд зочид буудлын хажуугийн Let it be гэдэг шинэ цогцолборын захирал Мөнгөншагай эгч ивээн тэтгэж байна.
-Өөрийн гэсэн мөнгөтэй болохын тулд тоглолтоо хийх хэрэгтэй байх. Жавхлантай хамтран эсвэл ганцаарчилсан тоглолтоо хийх төлөвлөгөө байна уу?
-Мэдээж хийнэ. Гэхдээ тэрийг ярихад арай эрт байна. Уг нь Жавхаа бид хоёр хавар сургуулиа төгсөх үеэрээ тайлан тоглолтоо хийе гээд ярьчихсан байсан чинь тэр үед "Sars” өвчин гараад, удалгүй шалгалтууд ар араасаа хөвөрсөн учраас больсон.
-Нууц биш бол та хоёр нэг дуугаа хэдээр дуулдаг вэ. Олон л тоглолтод уригдсан харагддаг юм билээ?
-Өө, янз янз л даа. Ярьж тохирч байгаад л дуулдаг. Бүр ор тас үнэгүй ч дуулах үе байна.
-Ингэхэд Баясаа уран бүтээлийн тоглолтоор хилийн дээс алхаж үзэв үү?
-Хилийн дээс алхаж үзээгүй. Одоо л харин Хөх хот, Бээжин явж зураг авалтад орно. Харин АПУ компанитай хамтран хөдөөг бараг гүйцээсэн.
-Урлагийнхан гэхээр хөнгөн явдалтай гэж хүмүүс хардаг. Өөрийн тань бодлоор?
-Үүнийг би эсэргүүцнэ. Хүн болгон адилгүй шүү дээ. Өөрөө өөрийгөө авч яваагаас л шалтгаална. Тодорхой хэмжээний олны танил байж хамаагүй хүнтэй уулзаад байвал хэцүү шүү дээ.
-Олны танил байна гэдэг хэцүү юу?
-Маш хэцүү. Олон хүн таньдаг болохоор хүний нүдэнд эвгүй өртчих вий гэхээс айдаг. Хүмүүс танихаараа эргэж хараад, зааж яриад байдаг нь хэцүү. Уг нь их сайхан. Хаа ч явсан хүндлэгдэх ч тэр нэр хүндийг дааж явна гэдэг хэцүү.
-Харин олны танил хүнд ганцаардах үе байх юм уу. Ганцаардахаараа юу хийдэг вэ?
-Ганцаардах үе ховорхон. Тэгж гуних зав ч гардаггүй. Би ер нь их нийтэч хүн. Надтай танилцсан хүн болгон найз болдог. Яг дотны найз гэвэл нэг эгч бий. Манай дээд айлынх. Тэр надад маш их зөвлөгөө өгдөг. Ялангуяа урлагийн эгч нартай би найзлах дуртай. Уран бүтээл талаасаа зөвлөгөө авахад дөхөм байдаг.
-Саяхан баяр наадам боллоо. Г.Өсөхбаяр түрүүлж аварга болсон. Сэтгэгдэл ямар байна?
-Би бөх үзэх их дуртай. Морь, бөх хоёрт нугасгүй. Өсөхбаярыг аварга болсонд баяртай байна. Жавхаа бид хоёр олон бөх найзтай. Энэ жил начин болсон хүмүүсээс ч танина.
-Уг нь ч өөрөө бөхийн удамтай юм билээ. Дуучин бас бөх Төвшинжаргал гуай өөрийн тань аав гэж сонссон?
-Тэр хүний талаар өнөөдөр яримааргүй байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler