| |
Видео
Шинэ мэдээ
Д.Сарангэрэл: "COVID" илэрсэн иргэдээ эмчлэх нь бидний гол ажил боллоо
Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар, тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн гурван иргэнээс "COVID-19” илэрсэнтэй холбогдуулан холбогдох албаныхны мэдээллийг сонссон тухай Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэв.
Монгол Улсад энэ сарын 10-нд Франц иргэнээс "COVID-19” илэрч анхны тохиолдлоор бүртгэгдсэн. Тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван монгол иргэнтэй нийлээд манай улс нийт халдартай дөрвөн тохиолдол бүртгээд байна. Франц иргэний биеийн байдал тогтвортой, эмчийн зөвлөгөө, санамжийг биелүүлэн эмчлүүлж байгааг Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин мэдээллийн үеэр онцоллоо. Тэрбээр, "Франц улсын Засгийн газраас тухайн иргэнийг тусгай нислэг гарган татаж авах хүсэлт гаргасан ч биеийн байдал сайжирч байгаа тул эндээ эмчлэх боломжтой гэж үзсэн” гэлээ.
Өчигдөр орой халдвар илэрсэн гурван монгол иргэний шинжилгээг дахин нягтлахад "COVID-19” халдвар авсан нь батлагджээ. УОК-оос гадаадад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ татаж авах шийдвэр гаргасан ч эрсдэлийг тооцож бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажилласныг Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэлдээ тэмдэглэв. Энэ талаар тэрбээр, "Гадаадаас эх орондоо ирсэн 750 орчим хүнийг тусгаарласан бөгөөд тэдний ойрын хавьтлууд нь тодорхой байна. Эрсдэлийг тооцож, аль болох нэг өрөөнд цөөн тоогоор байрлуулж, үзлэг шинжилгээ авсан. Одоо бидний ойрын хугацаанд хэрэгжүүлэх гол ажил халдвар илэрсэн иргэдээ эмчлэх болоод байна” хэмээв. Түүнчлэн өмнөх Францын иргэний тохиолдол шиг олон тооны хавьтагч байхгүй, бүх зүйл хяналтанд байсан тул иргэд сандралгүй, тайван байж зөвхөн УОК, ЭМЯ-ны мэдээллийг хүлээн авч байхыг зөвлөв. Тэрбээр, агаар дуслын замаар халдварладаг энэ өвчнийг хүн өөрийн буруугаас тусдаггүй учраас халдвар авсан хүмүүсийг элдвээр хэлэхгүй, тайван байлгах хэрэгтэйг мөн сануулав.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар, шинэ коронавирусний халдварын сэжигтэй 1330 хүнийг тусгаарласан, үүнээс 257 иргэнийг ХӨСҮТ-д ажиглаж байгааг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэв. Тэрбээр, "ХӨСҮТ-д тусгаарласан хүмүүсийн 88 нь халдвар илэрсэн Франц иргэний ойрын хавьтлын хүмүүс. Тэдгээрээс давтан шинжилгээ авахад халдвар илрээгүй бөгөөд тусгаарлах 14 хоногийн хугацаа нь арай дуусаагүй байна. Франц иргэний амин үзүүлэлтүүд хэвийн. Манай эмч нар бүх хүч, хөдөлмөрөө дайчлан ажиллаж байна. ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгслийг бэлтгэсэн, ХӨСҮТ оройлон эмнэж байна” гэлээ. Цаашид эмчилгээг анхаарах бөгөөд эмнэлгийн ор хүрэлцээтэй, эрүүл мэндийн салбар бүх бэлтгэл, бэлэн байдлаа хангасан, эхний эмчилгээ үр дүнгээ өгч байгаа тул иргэд сандрах хэрэггүйг онцлов.
Баян-Өлгий аймгаас бусад аймаг, нийслэлийн орох гарах хөдөлгөөнийг хязгаарлахгүй гэдгийг мэдээллийн үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин тэмдэглэв. Учир нь Баян-Өлгий аймагт Казахстанаас ирсэн нэг иргэнийг сэжиглэж тусгаарласан байгаа юм. Тухайн иргэний эхний шинжилгээ сөрөг буюу "COVID-19" илрээгүй ч давтан шинжлэх юм байна. Үүний дараа Баян-Өлгий аймгаас орж гарах хөдөлгөөнийг хэрхэх талаар шийдвэр гаргана гэлээ. Турк Улсын Истамбул хотоос тусгай үүргийн онгоцоор энэ сарын 18-нд иргэдээ татан авна гэдгийг мөн онцоллоо. Цаашид хилийн чанадад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай монгол иргэдийнхээ судалгааг гаргаж энэ төрлийн татан авах ажлаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгааг дуулгав.
Montsame.mn