|
Видео

Шинэ мэдээ

ИТХ-ын дарга Б.Өлзийбаяр: Манай суманд гэмт хэргийн гаралт өмнөх оныхоос 9,8%-иар буурсан

ИТХ-ын дарга Б.Өлзийбаяр: Манай суманд гэмт хэргийн гаралт өмнөх оныхоос 9,8%-иар буурсанДундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ-ын дарга Б.Өлзийбаяртай хийсэн ярилцсан аа хүргэж байна.

Сайнцагаан сумын 2020 оны зорилтуудаас яриагаа эхлэе гэж бодож байна. Ямар ямар зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна бэ?

2020 он бол хэдийгээр сонгуулийн жил боловч төрийн албаны тасралтгүй үргэлжлэх зарчмыг хэрэгжүүлэх, залгамж холбоог хангах үүднээс Засаг даргын мөрийн хөтөлбөрийн ойрын болон хэтийн төлөвлөгөөнд багтсан нэлээдгүй ажлыг хэрэгжүүлэхээр дэмжин ажиллаж байна. Сайнцагаан сумын 2021-2031 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулахад иргэдийн төлөөлөгчдийн оролцоог нэмэгдүүлэх, Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” үндэсний хөтөлбөр, "Гэр бүлийн хүчирхийллийн  эсрэг хамтдаа” аян гэх мэт нийтийг хамарсан томоохон арга хэмжээнүүдийг дэмжин ажиллахаар төлөвлөөд байна.

Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт улс аймгийн хөрөнгө оруулалтаар ямар ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа бол...

Энэ жил аймгийн ИТХ-ийн хурлын шийдвэрээр аймгийн ОНХС-ийн хөрөнгөөр Сайнцагаан сумын иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалтын болон хөрөнгө оруулалтын  олон ажлыг төлөвлөсөн. Эдгээр ажлын хүрээнд төвийн 5,12-р орон сууцны гадна фасадны засвар, Далай хорооллын 0,4кв цахилгаан дамжуулах агаарын шугам, Арвижих, АйрагМандал багийн гэр хорооллын гэрэлтүүлэг, Залуус хорооллын нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт,  5,9,12,13-р байрнуудын гадна тохижилт, тоглоомын талбай, Хот тохижуулах газрын албан хэрэгцээнд 5 бункер, өргөгч машин, ковш, хог тээврийн авто машин, Аймгийн төвд нийтийн тээврийн 12 хүний суудалтай 2 эко автобус, Ерөнхий боловсролын 4 сургуулийн хэрэгцээнд автомашин, Ус цэвэршүүлэх төхөөрөмж зэрэг ажлуудыг хийхээр шийдвэрлэгдсэн байгаа бид ч бас их баяртай байгаа.

Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлууд ямар ажлууд байгаа бэ?

Зөвхөн сумын орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажил гэвэл Сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төв, багийн өрхийн эмнэлгийг тоног төхөөрөмжөөр хангах, Нэгдсэн хогийн цэгийг хашаажуулах, Тэвш, далай багуудад мал угаалгын вантай болгох, Хөдөөгийн 4 багт энгийн уурхай худаг засварлах, Хот тохижуулах газарт тоног төхөөрөмж худалдан авах зэрэг ажлыг хийхээр төлөвлөөд байна

ИТХ-аас хийгддэг нэг томоохон ажил бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил байдаг. Өнгөрсөн онд энэ талаар хийсэн ажлуудаас дурдвал бас ямар үр дүн гарсан бэ хүлээсэн үр дүндээ хүрсэн үү?

Сайнцагаан сумын ГХУСАЗСЗ-ийн ажлын төлөвлөгөөний дагуу төсөвт байгууллагын ГХУСЗөвлөлийг ажиллуулах, ААН камержуулалт, гэр бүлийн хүчирхийлэл, малын хулгай, эргүүл, хорих ангиас суллагдсан иргэд, хүүхдүүдийг аюулгүй орчинд суралцах нөхцөлийг  бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах тухай, түүх соёлын дурсгалт газруудын хамгаалах, төлбөрт тоглоомын газруудыг хянах, сүм хийдийн үйл ажиллагаанд хяналт хийх зэрэг олон ажлуудыг нэрлэж болно. Гэхдээ үүний үр дүнг хэмжих хэмжүүл бол гэмт хэргийн гаралтын талаарх мэдээ байдаг. Сайнцагаан сумын хэмжээнд гэмт хэрэг өмнөх оныхоос 9,8%-иар буурсан. Энэ нь Сумын ИТХ болон Сайнцагаан сумын ЗДТГ-аас сумын төвийн  5 багт гудамж хариуцсан 25  хэсгийн ахлагч, хөдөөгийн 2 багт малчдын бүлэг ажиллуулсантай салшгүй холбоотой гэж бид үзэж байгаа.

Хэсгийн ахлагчдыг урамшуулах, үйл ажиллагааг идэхижүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байна. Цаашид энэ хүмүүс маань тогтвортой ажиллах боломжтой юу?

Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар ажиллах журмыг баталж хэсгийн ахлагч нарыг мөнгөн урамшуулал олгож, үнэмлэхжүүлсэн. Хэсгийн ахлагч нар маань хариуцсан гудамж талбай болон ойр орчмын эргүүлийг тогтмол хийж, зөрчилтэй байгаа асуудлын талаар мэдээлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж байгаа. Түрүүнд хэлсэн гэмт хэргийн тоо буурсан гэж энэ үзүүлэлтэд малын болон ахуйн хулгай буурсан үзүүлэлт өндөр хувь эзэлж байгаа. Эдгээр  ажил нь аймгийн хэмжээнд сумдад үлгэр дуурайлал болохуйц гэж үнэлэгдсэн. Ер нь манай сумыг ГХУС ажил аймагтаа сүүлийн 3 жил тэргүүн байрыг эзэлж байгаа. Хэсгийн ахлагчид маань үүндээ маш их урамшиж, хамтын ажиллагаа маань улам өргөжсөөр байна. Тэдний маань хүч хөдөлмөрийн л үр дүн гэж боддог.  

Таны хувьд анх ИТХ-ын даргаар томилогдоод ямар ямар ажлыг хийхээр төлөвлөж байсан бэ? Энэ хугацаанд гарсан гол үр дүнг юу гэж бодож байна бэ?  

Энэ ажлыг хүлээж аваад иргэдтэйгээ хамгийн ойрхон ажиллая, төрийн үйлчилгээг иргэдэд аль болох түргэн шуурхай хүргэе гэсэн гол зорилго тавьж ирсэн. Зорилгодоо хүрэхийн тулд иргэдийн хурлын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй хүргэх, багийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, БИНХ-ын үйл ажиллагааг идэвхжүүлэх, чадваржуулах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч зохих шатны байгууллагад нь уламжлах, сангуудын үйл ажиллагаанд хяналт тавьж зөвлөмж өгч шийдвэрлүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөн ажиллаж байна. ИТХ-ын албаны вэб хуудас, пэйж хуудас, сумын сонин хэвлэл, телевиз радиотой байнгийн хамтран ажилласнаар иргэд мэдээллийг олон сувгаар түргэн шуурхай олж авч байгаа нь бидний ажлын гол үр дүн байлаа. Аймгийн ИТХ-ын ажлын мониторинг үнэлгээгээр манай ажлын алба 90%-аас дээш хувьтай үнэлэгдэж байгаа.

Өнгөрсөн хугацаанд малчидруу чиглэсэн ямар ямар ажил арга хэмжээн зохион байгуулаад байна бэ?

Сайнцагаан сумын хөдөөгийн багийн малчдын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлтэй танилцах ажлын хүрээнд ажлын хэсгийг ахалж малчдын санал хүсэлттэй газар дээр нь очиж танилцахаас гадна тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалт сурталчилгааг цагдаагийн байгууллагатай хамтарч зохион байгуулсаар ирсэн. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сумын эрүүл мэндийн төвтэй хамтран жил бүр тогтмол зохион байгуулж байна. Малчдын дунд малын хулгай, ахуйн хулгай, авто ослоос урьдчилан сэргийлэх зорилготой Хөдөөгийн багийн өдөрлөгийг ажлын төлөвлөгөөнд тусган хоёр жил тутамд зохион байгуулж байна. Мөн Далай, Наран багуудад малын болон ахуйн хулгайгаас урьдчилан сэргийлэх зорилгоор малчдын бүлэг байгуулан баг тус бүрээс 3 малчинг идэвхжүүлэн ГХУС-х бүлгийн гишүүнээр ажиллуулах зэрэг ажлуудыг санаачлан зохион байгуулсан нь үр дүнгээ өгч байгаа.

Манай аймгийн хувьд хүн амын өвчлөл бусад аймгуудын дунджаас бага зэрэг доогуур тоон мэдээлэл байдаu л даа хүн амын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр Сайнцагаан сумаас ямар бодлого баримтлан ажиллаж байна бэ?

Сумын  засаг даргын иргэдийн эрүүл мэндийн талаарх жил бүр хэрэгжүүлдэг дэд хөтөлбөрүүдийг ИТХ-аараа баталгаажуулан хамтран ажиллаж байна. Энэ жилийн хувьд "Эрүүл хот-Эрүүл гэр бүл” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа

Төв суурин газруудад тулгамдаж байгаа нэг асуудал бол орчны бохирдол байдаг хог түүнээс гадна. Ариун цэврийн байгууламжийн асуудал байдаг шүү дээ энэ тал дээр ямар арга хэмжээг зохион байгуулж байна бэ?

Иргэдийн дунд тархдаг халдварт өвчлөл нь хувийн болон ахуйн ариун цэвэртэй холбоотой гэж үзэж, би 2017 онд Сайнцагаан сумын гэр хорооллын 500 орчим иргэдийн дунд судалгаа явуулсан юм. Судалгаанд хамрагдсан айл өрхийн 48 орчим хувь нь хашаандаа дахин нүхэн жорлон ухах газаргүй гэсэн дүгнэлт гарсан  байна.

Иймд гэр хорооллын иргэдийн ариун цэврийн байгууламжийг эко жорлонгоор шинэчлэн сайжруулах "Жорлонгоо шинэчилье” санаачлагыг хэрэгжүүлэн багийн иргэдийн төлөөлөлтэй хамтран Улаанбаатар хотод очиж эко жорлонгийн  сургалт сурталчилгаа, бүтээгдэхүүнтэй танилцах, судлах ажлыг зохион байгуулсан. Мөн энэ ажлын хүрээнд хэрэгжүүлэх дараагийн асуудал болох санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх банкуудыг судалж, хамтран ажиллах, асуудлыг шийдвэрлүүлэхээр зорин ажиллаж байна

Таны хувьд багш мэргэжилтэй мэргэжлээрээ бас багагүй хугацаанд ажилласан. Улс төрийн алба тушаал багшийн ажил хоёрын ялгаа нь юу байна гэж та харж байна бэ?

Би боловсролын байгууллагад тасралтгүй 22 жил ажилласан. Энэ хугацаанд би багш, нийгмийн ажилтан, сургуулийн захирал гээд бүх шатны албан тушаалд ажиллаж ирсэн. Багш гэдэг бол үнэхээр сайхан мэргэжил. Үе үеийн төгсөлтийн олон арван шавь нараараа одоо хүртэл багшаа гэж хүндлүүлж, дуудуулж явдагтаа бахархаж явдаг. Улс төрийн албан хаагч, багш хоёрын хооронд нийгмийн харилцаа, хүрээлэл, шийдвэрлэх асуудал гэх мэт олон зүйлээрээ ялгаатай. Сурган хүмүүжүүлэх ажлаас улс төр олон нийтийн үйл ажиллагаанд шилжихэд эхэндээ бэрхшээлтэй мэдэхгүй чадахгүй зүйлүүд тулгарч байсан ч шантрах, ухрах эрх байгаагүй. Өөрийн бүхий л мэдлэг чадвараа дайчлан ажилласан, нэг л мэдэхэд сонгуулийн жил ойртсон байна. Өөрөөр хэлбэл одоо л ажил маань гарт минь орж байна гэхүү дээ. Ер нь улс төрийн албан хаагч болсноороо аливаа зүйлийг илүү өргөн цар хүрээтэй харж, маш олон хууль дүрмийг судлах, хэрэгжүүлэх, орон нутаг, засаг захиргааны үйл ажиллагаа болон улс төр, нийгмийн амьдралд илүү оролцож, олон талт үйл ажиллагааг, хэрэгжүүлдгээрээ онцлог ялгаатай гэж харж байна.  

Орон нутагт иргэдээс шалтгаалах иргэдийн дэмжлэг оролцоо шаардсан ямар ямар ажлууд байна. Иргэдийн идэвх санаачилга хир байна гэж та харж байна?

Иргэдийн зүгээс шалтгаалах оролцоо дэмжлэг гэвэл жил бүр орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажлын санал авах, сум хөгжүүлэх сангаар хийгдэх төсөл хөтөлбөрийн талаарх мэдээлэл авах, БИНХ-аар багийн засаг дарга, багийн иргэдийн хурлын даргыг сонгох сонгуульт ажлууд, орон нутгийн захиргааны байгууллагаас зохион байгуулж байгаа олон нийтийг хамарсан арга хэмжээнүүд зэрэг ажлуудыг хэлж болно. Иргэдийн  идэвх оролцоо дутмаг байдгаас иргэдийн санал, санаачилга  төлөвлөгөөнд тэр бүр тусгагдаагүй, Ер нь иргэдийн тэр тусмаа залуучуудын маань аливаа ажилд оролцох оролцоо санал санаачилга зарим талаар тааруу байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Аливаа хурал цуглаан олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хараад байхад ахмадууд маань дийлэнх хувийг эзэлж, идэвхтэй оролцож байгаа харагддаг. Цаашдаа нийгмийн гол хөдөлгөгч хүч болсон залуучуудын оролцоо мэдлэг чадвар, санал санаачилга нь орон нутгийн хөгжилд хамгаас чухал гэдгийн ухамсарлаж үүрэг хариуцлагаа өндөржүүлэхийг уриалж байна. Мөн  орон нутгаа хөгжүүлэх аливаа санал санаачлагыг дэмжин ажиллахад нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын маань үүд хаалга үргэлж нээлттэй байх болно оо гэдгийг хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна.

Иргэдийн оролцоог хангахын тулд ямар ямар ажлуудыг зохион байгуулж байна бэ?

Орон нутгийн иргэдийн оролцоог хангахын тулд мэдээж мэдээлэл түгээх ажил маш чухал тэр үүднээсээ гарын авлага боршур, сонин хэвлэлийг үнэ төлбөргүй тогтмол хугацаанд тарааж, иргэдийг мэдээллээр хангахад чиглэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Сайн дурын идэвхтнүүдээр сургалт сурталчилгаа хийлгэх, Цахим орчны мэдээллийн чанарыг сайжруулах зэрэг ажлуудыг зохион байгуулсаар ирсэн.  Гэвч эдгээр асуудалтай холбоотой хөрөнгө санхүүгийн бэрхшээл тулгардаг. Гэхдээ энэ зардлыг орон нутгийн төсөвт  тогтмол суулгаж шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа.

Иргэдэд мэдээ мэдээлэл хүргэн ажиллахад ямар асуудлууд тулгамдаж байна бэ?

Сайнцагаан сумын хувьд аймгийн хамгийн их хүн амтай  хүн амын төвлөрөл ихтэй байдагтай холбоотой иргэдэд мэдээ мэдээллийг цаг хугацаанд нь хүргэхэд бэрхшээл тулгардаг. Бас гэр хорооллын болон хөдөөгийн иргэд цахим орчноос мэдээлэл авах боломж хомс, орон нутгийн сонин хэвлэл нь иргэдэд хүртээмжтэй бус, орон нутгийн мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа тогтмол биш зэрэг тулгамдсан асуудлууд нилээн байдаг. Гэсэн хэдий ч сургалт сурталчилгаа явуулах, болон иргэдэд аливаа зүйлд бодитой хандах хандлагыг төлөвшүүлэх шаардлагатай байна. Үүний тулд л ажиллаж байна даа.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler