| |
Бааварын үгнээс бид юу ухаарах вэ?
Баавар:
-Хар тамхины бизнес сүлжээ төрийн хууль хүчний байгууллага, хил гаальд нөлөөтэй, өөрийн оруулж ирдэг, борлуулдаг, хамгаалдаг бүрэн сүлжээтэй, том мафи болсоныг
-Тэд шаардлагатай үед жижиг жараахайг уснаас гаргаж, нийгмийн үзэн ядалтыг төрүүлж, түүнийг барьж баатарлаг үйлс бүтээж, шуугиулан бүх юм хяналтад байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, том акулуудаа хамгаалдагийг
-МҮОНРТ-ээр хар тамхины сэдэвтэй кинонууд гаргаж байгаа нь тэдний сурталчилгаа, сүлжээ ямар өндөр авсныг хэлж өглөө.
-Хүн ухаарвал өөрөө өөрийгөө хорт зуршлаас татаж авч болдог, хар тамхи гэдэг тийм дийлдэхгүй юм биш гэдгийг, алдаж онож үзсэн хүн өөрийн амьдралын туршлагаас хуваалцлаа. Түүний хэлсэн хар тамхийг ангилаад, ялгаад, нэг хэсгийг нь зөвшөөрөөд, зөөлчлөөд, өөгшүүлээд байх биш бүрмөсөн хориглох хэрэгтэй гэдэгтэй бүрэн санал нэг байна! Хар тамхитай холбоотой гэмт хэрэгт оноож байгаа ял шийтгэл дэндүү сул байгааг бид халаглан ярьдаг. Азийн бусад орнуудтай адил хар тамхитай холбоотой бүх гэмт хэрэгт оноох ялыг чангатгах, хэрэглэгчдээс гадна тарьж, ургуулж, хийж, оруулж, түгээж, борлуулж байгаа, тийм хэргийг хаацайлж, өмгөөлж, өөгшүүлж байгаа улс төрчид, албан тушаалтнууд, хууль хүчний байгууллагад үүрлэсэн этгээдүүдэд хатуу хариуцлага тооцож, цаазаар авдаг болох нь хүн ам цөөн манайх шиг улсад хойшлуулшгүй хэрэгжүүлэх бодлого ажээ.
Залуусыг чөлөө завгүй, хорт зуршлаас ангид, эрүүл сэтгэлгээтэй байж, сэргийлэх тал дээр илүү ажиллах, түүндээ Баавар мэтийн алдаж онож, ухаарсан залуусын хүч, нөлөөг ашиглах нь зүйтэй мэт. Өөрөө ч сайхан уриалга гаргалаа! Одоо өмнөх шигээ урдаас нь загнаж зандрахын оронд уухайлан дэмжээд, талдаа татаад, хамтран ажиллаасай! Чиглүүлж, ашиглаж чадвал манай залууст их хүч бий шүү!
Монголын ирээдүй хойчийн оюун тунгалаг, ухаан саруул, бие эрүүл байг!
Л.Мөнхтөр
Лос Анжелес 2020 оны 2 сарын 4