![]() |
ОСОРЫН ГАНБАТ ЦӨВҮҮН ЦАГИЙН МОНГОЛ ТӨР ЖИНХЭНЭ “ТӨРИЙН ХҮН”-ИЙ ХОМСДОЛД ОРООД БАЙНА.
Сайн байна уу? Танд намрын энэ сайхан налгар өдрийн мэнд хүргэе! Богд Зонхова лам, түүний 2 шавийн сэрэг дүрийг Эрдэнэдалай сумын Дамбадаржаалин хийдэд залах ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ сайхан болж өнгөрлөө. Энэ ариун үйлийг хэзээнээс төлөвлөж хийхээр болов?
-Энэтхэгийн Сэрамэ хийдийн их хувилгаан лам, Монгол Улсын иргэн Жавжэ Одсэр ринбүчи хэдэн жилийн өмнө Эрдэнэдалай сумын Дамбадаржаалин хийдэд морилохдоо сахиусынх нь зурмал дүрийг цутгамал дүрээр солихоор болсон байдаг юм аа. Ринбүчи Богд Зонхова лам, түүний 2 шавийн дүрийг Непалаас авчраад, хийдэд залах ажлыг надад даалгасан. Энэ шийдвэр нь уугуул сумынхаа хийдэд бурхан багшийг залах юмсан гэж бодож явсан миний санаанд нийцсэн учраас ах дүү, үр хүүхдүүдийнхээ дэмжлэгтэйгээр бэлтгэл ажлыг нь хангаад сая 11 дүгээр сарын 3-нд заллаа. Нүсэр ажил байдаг юм байна. Залах бурхаддаа тааруулж тавцан, сэнтий, шилэн хорго зэргийг шинээр хийлгэлээ. Арга хэмжээ сайхан болж өнгөрлөө. Нутгийн маань яруу найрагчид, уран бүтээлчид, лам хуврагууд, сумын удирдлага, олон түмэн их ч дэмжлээ. Аймаг, хот орноос ч олон хүн ирж оролцлоо. Ёстой л шашин, урлаг, яруу найргийн цэнгүүн болж өнгөрсөөн. Удаан зорьсон ажлаа гүйцэлдүүлээд, сэтгэл маш хангалуун байна.
Үнэхээр олныг хөгжөөсөн, сүсэг бишрэл, итгэл найдварыг дэлгэрүүлсэн арга хэмжээ болсон гэж олон хүн ярьж байна. Танд баяр хүргэе! "Ган-Илч” ХХК байгуулагдсанаас хойш 20 гаран жил өнгөрч, өөрийн гэсэн өнгө төрхөө аль хэдийнэ олж. Компаниа цөөн үгээр танилцуулахгүй юу гэвэл та юу гэж хэлэх бол?
-Манай компани 1997 оноос өнөөг хүртэл аймагтаа дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, хангах үйл ажиллагаа эрхэлж байна. Энэ бүх хугацаанд олныг цочроосон ямар нэгэн осол аваар гаргалгүй, харилцагч нарынхаа өмнө хүлээсэн үүргээ "Нүүр буруулахааргүй”-гээр биелүүлж ажилласан. "Ган-Илч” халаалтын тогоо үйлдвэрлэх, сантехникийн материалын дэлгүүр ажиллуулах зэргээр үйл ажиллагаагаа төрөлжүүлэх замаар аймагтаа 120 гаран хүнийг тогтвортой ажлын байраар хангаж, аймаг, улсынхаа хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байгаа гэж боддог. Ер нь эрчим хүчний салбар өөрөө өндөр хариуцлага шаарддаг. Тиймээс ч бид хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нийцсэн чанартай үйлчилгээ үзүүлэхийг гол зорилгоо болгон ажилладаг. Хамт олон маань ч хариуцлагаа ухамсарлан ажилладагт би талархаж явдаг.
Дундговьчууд таныг "Ган-Илч”-ийн Ерөнхий захирал гэхээсээ илүү "улстөрч” гэж хардаг л даа. Улстөрч, төрийн хүн хоёрын ялгаа таныхаар юу бол?
-Нэг аймгийн улстөрийн нэг намын байгууллагыг тэргүүлж, улстөрийн сонгуулиудад ялалт байгуулахаар олон түмнийг уриалан оролцдог хүнийг "улстөрч” гэж харах нь зөв байх л даа. Гэхдээ миний хувьд Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Гаалийн ерөнхий газарт төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалуудад ажиллаж байсан түүх байхаас Монгол төрд улстөрийн алба хашиж байсан түүх байхгүй.
Төрийн хүн гэж хэн бэ гэжүү? Төрийн өндөр албан тушаалд ажиллаж байхдаа улс орны хувь заяатай холбоотой шийдвэр гаргах явцад ард түмэн, үндэснийхээ эрх ашгийг ямагт магнайлан дээдэлдэг, төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа, явсан хүнийг л хэлэх байх даа. Монгол төрд Ж.Самбуу, Ю.Цэдэнбал нар л төрийн хүний дүр төрх болон мөнхрөн үлдсэн байх. Хулгай, хуйвалдаан, гэмт хэрэг төрийн түвшинд нүүрлэсэн өнөөгийн цөвүүн цагийн монгол төр жинхэнэ "Төрийн хүн”-ий хомсдолд ороод байх шиг. Гэхдээ ч бас зөв сэтгэж, зөв ярьж, зөв зүйлийн төлөө элдэв эрсдэлээс эмээлгүй тэмцэж байгаа залуус байнаа. Тэднийхээ үйл хэргийг дэмжиж, улс үндэстнээ хөгжүүлж чадах аваас тэд маань "Төрийн хүн” болон төлөвших биз ээ.
Улстөрч гэвэл. Хэцүү асуулт. Уг нь бол төрийн болон сонгуульт улстөрийн алба хашиж, улстөрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа хүнийг л "улстөрч” гэх байх даа гэж боддог. Гэтэл гудамжинд 2 авгай хэрэлдсэн ч, олон түмний төлөө шударга шаардлага тавьсан ч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн ч улстөржлөө гэх болжээ. Тэгэхээр өнөөгийн нийгэмд бүх л хүмүүс "улстөрч”-ид болсон юм байлгүй дээ. Мэдэх юм алга.
Сайн, муу "улстөрч” гэж бас байх шиг. Ашиг сонирхолын эрэмбийг аль өнцгөөс нь харж байна гэдгээр нь л үнэлэх байх даа.
"Ган-Илч”-ийн орон нутагтаа хийсэн олон хөрөнгө оруулалт, зохион байгуулсан олон ажлыг хүмүүс Ганбатын сонгуулийн сурталчилгаа гэж харж байна. Таны хувьд энэ талаар юу гэхсэн бол?
-Сонгуулийн сурталчилгааг Сонгуулийн тухай хуулиар зохицуулдаг шиг санах юм. Хэн нэгний ажил, амьдралын үйл хөдлөл бүрийг сонгуультай холбон ойлгож болохгүй байх л даа. Аливаа сонгуульд нэрээ дэвшүүлэлгүй, сайн санаа, сайхан сэтгэлээр нутаг орондоо ихийг хийж бүтээж буй олон хүн байдаг. Тэдний талаар ямар нэгэн улстөржсөн яриа хэл гардаггүй бөгөөд гагцхүү талархал үлддэг. Ганбатыг бодит өрсөлдөгч гэж хардаг хүмүүс л ийм яриа гаргадаг байгаа байх.
Улстөрийн намууд үнэ цэнээ алдаж, олон түмэнд итгэл төрүүлэхээ болилоо гэж ахмадууд уулга алдах болсон байна. Энэ тал дээр та ямар бодол тээж явна вэ?
-Аливаа улс орныг ямар нэгэн бүлэглэлээр дамжуулан удирддаг шиг. Хаант засаглалд ч мөн адил хааны хүрээллийн бүлэглэл удирдана. Тэгэхээр улстөрийн намууд байх нь дамжиггүй шиг. Харин "улстөрийн нам” гэж чухам ямар хүчин, ямар нэгдлийг хэлэх вэ гэдэг бол маш чухал асуудал болов уу.
Биеэ "Би”-рэхсэн хэн нэгний байгуулсан, дарга, орлогчоосоо өөр дэмжигчгүй, УИХ-ын сонгууль дөхөхөөр амилдаг, сонгуульд оролцоод ч олон түмний дэмжлэгийг авч чаддаггүй, өөрт ашигтай байвал улс орныхоо хувь заяаруу нулимахад ч бэлэн, хатуу гишүүнчлэлээр хүн ардаа хуваан хагаралдуулах сонирхолтой "нам”-анцарууд байх эсэх зэрэг асуудлыг Улстөрийн намын тухай хуулиар зохицуулах л хэрэгтэй гэж бодож явдаг.
Улстөрийн намууд үнэ цэнээ алдаж, олон түмэнд итгэл төрүүлэхээ болилоо гэж ахмадууд ярьж байна гэдэг үнээн үнэн. Тэд маань хатуу зохион байгуулалттай, сахилга хариуцлагыг дээдэлдэг ганц намтай байх үед төлөвшсөн хүмүүс. Өнөөгийнх шиг удирдлагынх нь түвшинд ч тэр, төрийн засаглал хэрэгжүүлэх шатанд ч тэр хүний нийгмийн аль муу муухай үйлдэл газар авсан "улстөрийн нам”-ын тухай зүүдлээ ч үгүй байлгүй.
Монгол улсын төрийн эрхийг сүүлийн 30-аад жилийн турш ээлжлэн, сүлэлдэн барихдаа тусгаар тогтнол нь алдарсан, бүрэн эрхт байдал нь сэмэрсэн орон болгосон МАН, АН-ын удирдлагыг жирийн гишүүд нь зэвүүрхэн жигшиж байгаа нь тодорхой. Ирэх жилийн сонгуулиар ард түмэн дүнгээ тавих байх даа.
Сүүлийн үед Монголын төрийн эрхийг баригч цөөн гэр бүлийн тухай ярих болсон…
-Энэ сэдвийг хөндвөл 1990 оны ардчилсан хувьсгалыг хаанаас зохион байгуулсан юм бол, өнгөрсөн 30-аад жилд Монгол төрийн жолоог хаанаас залж байсан юм бол, өмч хувьчлал, газар өмчлөл ба эзэмшүүлэлт, иргэн бүрийг байгалийн баялаг эзэмшигч болгох бодлогын цаад санаа юу байв гэх мэт олон ээдрээтэй, эргэлзээтэй асуудлуудтай шууд холбогдоод явчих байх. Гагцхүү бүхний мэлмий, сонорт илхэн болсон зүйл гэвэл төрд маань хулгай нүүрлэж, хариуцлага тооцох механизмууд нь ажиллагаагүй, өнгө мөнгө харах болж, баялгийн хуваарилалт дэндүү тэгш бус байгаа явдал болно. Эрх мэдэл, мэдээлэлд ойр 30-аад гэр бүл ямар ч үед төрийн эрхийг барих болсон талаар УИХ-ын танхимд хүртэл ярилцаж байгаагаас дүгнэвэл бодит үнэн гэж үзэхээс яах бэ. Гэхдээ тоо нь арай л олон болов уу гэж бодогдоно. Учир нь зөвхөн өмч хувьчлалаар л гэхэд 340-өөд "босс” төрсөн гэдэг байх аа. Дээр нь газрын наймаа, ашигт малтмалын лиценз, тендер, концесс, тусгай зориулалтын сангуудын зарцуулалт гээд олон луйврын тухай яригддаг даа. Монголчууд бид нийтээрээ л нэг бэртэгчин зан төлөвтэй болж байгаа юмдаг уу даа. Сонсдог л байх, уншдаг л байх, хардаг л байх, мэдэрдэг л байх. Мартнаа дорхноо, хөдлөхгүй ээ. Мань дээр тулаагүй бол халдага цаашаа. Энэ байдлаар удвал тусгаар тогтнолоо ч алдахад ойрхон болсон гэх. Үнэн ч байх. "Тэнгэр заяа”-тай гэгддэг болохоор цаг нь ирэхээр нэг айхтар зүйл тохиож аврагдах ч юм болов уу, хэн мэдлээ.
Төрийн шүүх, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг та хэрхэн дүгнэх бол?
-Шударга ёсны шалгуур байгууллагуудын тухай асуулт байна даа. Шударга ёс, тэгш эрх гэдэг бол идеал шинжтэй харьцангуй ойлголтууд даа. Туйлын шударга гэж хаа ч байхав. Нэг талдаа шударга байхад, нөгөө талдаа шударга бус ч байж болох. Хувь хүнийхээ хувьд шударга ёс гэдэгт нэгдүгээрт, шүүх, хууль хяналтын байгууллагууд нь гагцхүү хуульд захирагдан шударга ажиллах, хоёрдугаарт, төрийн байгууллагууд нь ард иргэддээ алагчлалгүй үйлчлэх, гуравдугаарт, нийгмийн баялгийг иргэдээ гэсэн сэтгэлээр зөв хуваарилахыг ойлгодог.
Шүүх, хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд олон түмэн дүнгээ тавиад дарга, удирдлагуудыг нь хольж сольж. Зарим нааштай зүйл ажиглагдаж эхэлсэн. Гэхдээ нэг ч их өөрчлөгдөхгүй л болов уу. Зохицуулалтын эрхзүйн орчинд нь, тогтолцоонд нь, боловсон хүчнийх нь сэтгэлгээний хандлагын түвшинд гүнзгий өөрчлөлт хийхгүйгээр засрал эс авах хэмжээнд хүрсэн байна.
Уул уурхайн ашиглалтыг хэт задгай тавьсанаас ухуулж сэндийчүүлсэн тал хөндийд малчид маань амьдарч, мал нь усгүй, хүүхдүүд нь цагаан шороо самарч тоглож болсонд миний сэтгэл эмзэглэж явдаг. Тэгээд ч сүүлийн үед "Баялгийн сан” байгуулах тухай их ярьдаг боллоо. Энэ талаар таны бодлыг сонсвол…
-Уул уурхайн лицензийг хүссэн бүхэнд олгодог явдлыг би огт зөвшөөрдөггүй хүн. Гартаа алх, хүрзтэй хүн уурхай нээн ашиглана гэж байхгүй. Хэн нэгэнтэй хамтрана. Манай нөхцөлд тэр нь "Хужаа” л байж таараа. Бусад улсын хөрөнгө оруулагчид бичил уурхайг тоохгүй. Ашгийн ихэнх нь хаашаа? Өмнөд хөрш рүү л байж таараа. Тэгэхээр Ашигт малтмалын тухай хууль хэнд үйлчлээд байгаа нь тодорхой. Захиалагч нь ч тодорхой. Ард нийтэд тэгш хүртээж буй дүрээр мэдээлэл, эрх мэдэлд ойр, гадаад, дотоодод холбоо сүлбээтэй байсан хүмүүс. Тэд авъя гэснээ ч авсан байх.
Гуравхан сая хүний хэрэгцээ, хэрэглээг зөв менежменттэй "Эрдэнэт”, "Таван толгой”, "Росцветмет”-ийн залгамж байгууллага, Монголын талд даруй ашгаа өгч эхлэх шинэчилсэн гэрээний дагуу олборлогдох "Оюу толгой” бүрэн хангачихмаар санагдах юм.
Өнөөгийн бидний оюун санааны хандлага, сахилга, хариуцлага бүх шатандаа алдагдсан, шүүх, хууль хяналтын байгууллагуудын шийдвэр тэр бүр шударга, зөв байж чадахгүй байгаа зэрэгтэй уялдаад "Баялгийн баян сан”-тай болох асуудлыг дэмждэггүй. Нэг нь ариуханаар хэдэн зоос цуглуулж болох ч, овилгогүй нөгөө нь сонгуулийн сурталчилгаандаа сэгсэрчих магадлал дэндүү өндөр байна.
Тэгснээс бүх бичил, жижиг уурхайг хаагаад, бүх хувь хүнд өгсөн лицензийг хүчингүй болгоод баялгийг нь хойч үедээ үлдээсэн нь зөв шийдэл болов уу гэж боддог доо.
Та хоёр ч удаа МАХН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан. Гэтэл ойрмогхон таныг ШИНЭ намд элсэж, Ерөнхий зөвлөл буюу бидний хэлж заншсанаар Удирдах зөвлөлд нь сонгогдсон гэж дуулдах болсон. Үнэн бол яагаад ийм алхам хийх болсон юм бол?
-МАХН-аас 2012, 2016 онуудад УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр хоёр ч удаа аймгийнхаа МАХН-ын байгууллагыг удирдан оролцож байлаа. 2019 оны хавар энэ намаас гарсан. Шалтгаан нь намаа бэхжүүлэх, шат шатны сонгуулиудад амжилттай оролцох олон боломжийг Н.Энхбаяр даргын удирдлагын арга барил, хувийн эрх ашгийн давамгайлалаас алдсан, МАХН-ын зохион байгуулалт хувийн компанийн хэлбэртэй байгаа зэрэгтэй санал нэгдээгүйтэй холбоотой. Өнгөрсөн 6 дугаар сард ШИНЭ намыг үүсгэн байгуулах Их хурал зохион байгуулагдахад оролцож, Ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Шалтгаан нь ШИНЭ намыг үүсгэн байгуулагчдын дэвшүүлж буй бодлогын зорилтууд нь миний сэтгэлдээ тээж явдаг бодол санаатай нийцэж байсантай холбоотой. Тухайлбал, би гэдэг хүн ард иргэдээ улстөрийн намаар талцуулан хуваасан хатуу гишүүнчлэлийн зарчим, нийгэмд шударга ёс, хариуцлагын зарчмууд алдагдаад байгаа зэрэгт шүүмжлэлтэй ханддаг, төрийн удирдлагыг мафи маягийн МАНАН-гийн сүлэлдсэн дэглэм хэрэгжүүлэх болсон, баялгийн хуваарилалт дэндүү тэгш бус байгаа зэргийг эсэргүүцдэг нэгэн тул ШИНЭ намыг дэмжсээн. Дээр нь энэ намыг удирдаж байгаа 2 гишүүн янз янзын эрсдэл, бэрхшээлийг үл хайхран нийгэмд бүрэлдэн тогтсон муу муухайг залруулах гэж хатуу тэмцэж, тодорхой үр дүнд хүрч яваа нь нэмж урам зориг өгсөөн. Тэгээд ч ШИНЭ намыг Монголын улстөрд МАНАН үүсч, мафийн тогтолцоог өөрчлөе гэсэн ард түмний хүсэл эрмэлзэл буюу нийгмийн шаардлагаар үүсэн байгуулагдсан 3-дагч нам гэж харж байгаа. Харин өөрийгөө бол би аль нэг намын өмч, хэн нэг даргын хүн биш, төрж өссөн Монгол улсынхаа төлөө зөв зүйл бодож, хийж байгаа хэн бүхнийг дэмжих ёстой гэж боддог хүн дээ.
Орон нутагт "Үнэн ба зөв” намын нэвтрүүлгийг үздэг хүмүүс нилээдгүй байдаг. Дэмжмээр байна гэсэн улсууд ч тааралддаг. Та тэр намын үзэл баримтлал, бодлого, зорилтуудтай санал нэгддэг үү?
-"Үнэн ба зөв” нам гээд Отгонбаатар гэдэг залуу телевизээр ярьдаг. Их л сайхан ярьдаг залуу байна лээ. Монголд 34 улстөрийн нам бүртгүүлсэн байдаг. Дахиад хэд ч байгуулагдах билээ, хэн мэдлээ. Тэр олон намуудын бичиг баримтыг үзээд, судлаад байдаггүй. Бүгдээрээ л адил төстэй, нэгнээсээ хуулбарласан шахуу, олон сайхан зүйл тусгасан бичиг баримтуудтай байх.
МАН, АН-ны дүрэм, журам гээд биширмээр гоё үгс бүхий цааснууд байж л байдаг. Тэгсэн хэрнээ төрийн эрхийг хууль бусаар авах, сонгуульд ялж л байвал ямар ч хуулийг аймшиггүйгээр зөрчих, улс орон, ард иргэдэд хохиролтой шийдвэрүүдийг үйлдвэрлэх зэрэг зохисгүй үйлдлүүдийг бүх шатандаа эрээ цэрээгүй хийдэг л биз дээ. Тэгэхээр уран хоншоортой залуугийн яриа, уярам үгсийн чуулган адил бичиг баримт, амлалтаар аль нэг намыг дүгнэх боломжгүй юм. Тухайн намыг ямар бодолтой, ямар төлөвшилттэй, ямар туршлагатай хүмүүс удирдаж байна вэ, нийгмийн сайн сайхны төлөө тэд юу хийж байна вэ, хэр олон хүний дэмжлэгийг авч байна вэ, төлөвлөж, амласнаа хэрэгжүүлэх боломж, бололцоог бүрдүүлэх чадвар байгаа эсэх зэрэг олон зүйлийг харгалзан үзэх хэрэгтэй байх. Нэг их айхтар шударга, туршлагатай нөхөр бүх зүйлийг шүүмжлээд, үлгэрийн юм шиг зүйлүүд амлаад сонгогдлоо гэж бодъё. Хэлсэн, ярьсанаа биелүүлчих нь гэж горьдох хэрэг байна уу? Засгийн эрхийг дангаараа болон хамтраад ч болов хэрэгжүүлээгүй цагт ямар нэгэн зүйл хийж чадах билүү? Бодох хэрэгтэй. "Үнэн ба зөв” нам гээд нэг хүү л ярьж харагддаг. Өөр хүмүүс байдаг юм болов уу? Хэн нэгний Ерөнхийлөгчид нэр дэвших кармааны нам ч гэж ярих. Нэг ч их бүтэлтэй юм болохгүй байх гэж бодож байна. За даа тэгээд, хөдөөгийн энэ олон замуудын алиар нь явах гэж дуулдаг байсан бид өнөөгийн энэ олон намуудын алийг нь сонгох вэ гэж дуулахаар болж дээ. Сонголт олшрох тусам төөрч будилах байх л асуудал, амаргүй хэрэг ээ.
Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд таньд баярлалаа.
Баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсэе.
