|
Видео

Шинэ мэдээ

Монголд гээгдсэн боловсрол: Сэтгэлзүй

Монголд гээгдсэн боловсрол: Сэтгэлзүй

Хичээлийн шинэ жил эхлээд гурван сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд эцэг, эхчүүдийн талархлыг хүлээх сайн мэдээ ч олон дуулдав. Иргэдийн санаа сэтгэлийг зовоох саар мэдээлэл ч бас цөөнгүй дуулдах болов. Гэхдээ чихний хажуугаар урсан өнгөрөх эдгээр мэдээлэл дундаас нийгмийн сэтгэлзүйг эмчлэхэд дорвитой ажил болох нэгэн мэдээлэлд онцгой анхаарч ажилламаар  санагдав. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг саяхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордицатай уулзсан. Тэрээр энэ үеэр орчин цагийн хүүхдүүд хичээл сургалтын хажуугаар элдэв төрлийн мэдээлэл, нийгэм, гэр бүлийн орчны нөлөөллөөс шалтгаалж стресстэх, цаашлаад сэтгэл зүйн хямралд орох асуудал газар авсаар байгаа учраас ЕБС-иудыг орон тооны сэтгэл зүйчтэй болгоход хамтарч ажиллаач гэсэн хүсэлтийг тавьсан. Хэдийгээр боловсролын салбарын бодлого сайдаа дагаад олонтаа хөрвөж өөрчлөгддөг ч,  өмнө нь хэн ч хүүхдийн сэтгэлзүй рүү өнгийсөн дорвитой ажил хийж байсангүй. Тиймээс боловсролын салбараар дамжуулан  хүүхдийн сэтгэлзүйг эмчлэх, улмаар нийгэмд сэтгэлзүйн боловсрол олгох энэ мэт нийгэмд хэрэгтэй чухал ажлыг нэн яаралтай эхлүүлмээр байгаа юм.  Учир нь, сүүлийн жилүүдэд архидалт тамхидалт, гэмт хэргийн гаралт нийгэмд газар авахын хэрээр хүүхэд, өсвөр насныхан сэтгэлзүйн хямралд орох, үүнээсээ болоод гэмт хэргийн хохирогч болох, амиа хорлох үзэгдэл газар авсаар байгааг хүүхдийн эрхийн байгууллагууд, мэргэжлийн сэтгэлзүйчид онцгойлон анхааруулсаар байна.   Нөгөөтэйгүүр, өнөөдөр Монголд амиа хорлох явдал бүх насныхан дунд гарч байна. Хамгийн аюултай нь 10-25 насны хүүхэд, залуусын дунд амиа хорлох үзэгдэл жилээс жилд өсч байна.  Амиа хорлосон тохиолдлын хамгийн залуу нь 10 настай хүүхэд байна гэсэн мэдээлэл нийгэмд аюулын харанга дэлдээд байна. Энэ тухай  УЕПГ-ын Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэнгийн захирал, Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа хэлэхдээ "Хүүхдүүд энэ насандаа тоглоод л явж байдаг. Гэтэл 10 настай хүүхэд амиа хорлож байна. 10-12 настай хүүхэд амиа хорлосон тохиолдлыг судлаад үзэхээр, ар гэрийн амьжиргаа нь муу эсвэл эцэг, эхийнхээ хэн нэгнийг зуурдаар алдчихсан. Үгүй бол өсвөр насны хямрал, сэтгэл зүйн байдлаа даван туулж чадахгүй байгаагаас болж, ангидаа гадуурхагдах,  амиа хорлох явдал гарч байна. Өнөөдөр хүүхдийг харж хандаж, зан араншингийн өөрчлөлтөд  хяналт  тавьж байх  ёстой  багш, сурган хүмүүжүүлэгчийн үүрэг гэж алга байна. Зөвхөн мэдлэг олгох сургалтаар хүүхдийг хэт бөмбөгдөөд, бусад зүйлсээ хаячихсан явна. Хүүхдийн сэтгэл хямрал, гутрал, зан араншингийн өөрчлөлтийг огт анзаардаггүйгээс болж хүүхдүүд ийм аймшигтай алхам хийхэд хүрээд байна” гэж байв. Нээрээ ч бид аливаа гэмт хэргийн шалтгаан нөхцлийг нийгмийн, ажилгүйдэл ядуурал, эдийн засгийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж олон жил явсан.  Мэдээж, эдгээр зүйлс нь гэмт хэрэг өсөхөд нөлөөлдөг хүчин зүйл мөн үү гэвэл тийм.  Харин амиа хорлох нарийн учир шалтгааныг судлаад үзэхээр энэ нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай холбоотой байдаг гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар хэлж байна.

Сэтгэцийн тулгамдсан асуудал юунаас үүдэлтэй вэ гэхээр  архины хамаарал, сэтгэл гутрал, хайр дурлал, цуу яриа, өөртөө итгэлгүй байдал гээд  маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг аж. Гэтэл Монголд аль нэг эд эрхтэн өвдөх, хамрын ханиад хүрсэн, өвдсөн үедээ улсын болон хувийн аль нэг эмнэлэг бараадаж тусламж үйлчилгээ авдаг.

Харин ганцаардаж, шаналсан айж бухимдсан үедээ сэтгэлзүйн тусламж үйлчилгээ авах газар Монголд өнөөдөр алга байна. Өөрөөр хэлбэл, Монголын нийгэмд бид сэтгэлзүйн боловсрол гээч зүйлийг ор тас мартчихсан явна.

Монголд сэтгэлзүйн боловсрол эрүүл мэнд, боловсролын салбарын бодлогоос ч хүртэл хаягдсан гэдгийг өнөөдрийн нийгэмд гарч буй энэ бүх хар бараан мэдээллүүд, гэмт хэргийн гаралт харуулж байна. Тиймээс цаашид энэ асуудлыг шийдвэрлэхын тулд,  нийгмийн сэтгэлзүйг эрүүлжүүлэхын тулд хүүхдүүдийнхээ сэтгэлзүйгээс эхлэх нь хамгийн зөв шийдлүүдийн нэг гэдгийг цахим орчинд эцэг эхчүүд ч идэвхтэй дэмжсээр байна. Бүр дээр нь, "Томчуудаас илүү хүүхэд стресст амархан өртдөг. Тэд амьдралын туршлагагүй, стрессээ яаж гадагшлуулах, хэрхэн тайвшрахаа мэддэггүй. Аав ээжийнхээ болон  бусад хэн нэгний хэлсэн үгийг хүндээр хүлээн авч сэтгэлээр унаж дотроо маш их шаналдаг.

Гэр бүлийнхэн нь дэмжихгүй, ойлгохгүйгээс гадна хүүхдэд сургууль дээр үе тэнгийнхэндээ шоолуулж шоовдорлуулах, багшаараа загнуулах гээд багагүй бэрхшээл учирдаг. Ингэж дотроо удаан шаналж явснаас болж ганцаардан, хичээлийн идэвх буурч, цаашлаад депресст орох, цаашлаад энэ нь  амиа хорлох шалтгаан болдог” гэдгийг сэтгэлзүйчид хэлж байна. Нөгөөтэйгүүр, манай улсад сүүлийн гурван  жилд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо нэмэгдэж, тэдгээр хүүхдүүд болон тэдний гэр бүлд үзүүлж буй сэтгэлзүйн болон нийгмийн ажлын үйлчилгээг чанаржуулах шаардлагатай байна. Иймд эрхэм сайдын ДЭМБ-д тавьсан санал буюу боловсролын салбарт сэтгэлзүйч ажиллуулах нь  бүх масст хүрч ажиллах бас нэгэн шийдэл юм гэдгийг хүүхдийн байгууллагууд, мэргэжлийн сэтгэлзүйчид хэлж байна.

Мэдээж үүний цаана ургах олон асуудал бий. 2019-2020 онд Монгол Улсын хэмжээнд ЕБС-ийн 850 гаруй сургуульд 645 мянган хүүхэд суралцаж байгаа гэж бодохоор тэр бүгдэд хүрч үйлчлэх сэтгэлзүйчийн орон тоо гаргах,  хөрөнгө мөнгийг нь хэрхэн шийдэх вэ гээд олон асуулт ар араасаа ургах нь дамжиггүй юм. Ямартай ч "Монгол өрх” хүрээлэнгийн сэтгэлзүйч С.Баасанбатын хэлсэнчлэн "Боловсролын салбар бол оюуны дархлааг бий болгодог үндэсний аюулгүй байдлын нэг том функц юм. Харин энэ салбар сэтгэлзүйчгүй байна гэдэг урьдчилан сэргийлэх боломжоо алдаж байна гэсэн үг” хэмээн дүгнэсэн байдаг. Тиймээс өнөөгийн нөхцөл байдалд бид боловсролын салбараар, хүүхэд өсвөр үеэр дамжуулан нийгмээ эрүүлжүүлэх, хот хөдөөгийн ЕБС-ийг мэргэжлийн сэтгэлзүйчтэй болгох шаардлагатай байна.

Б.Туул

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.