| |
“Албан ёс”-ны худалч Сангийн сайд ба давхар төлбөрийн балаг
Хэдэн жилийн өмнө АНУ-ын судалгааны байгууллагууд хэвлэлийнхэнтэйгээ хамтраад хамгийн худалч хүмүүсийг ажил мэргэлжээр ангилж гаргасан байлаа. Энэ судалгаагаар тэргүүн эгнээнд эдийн засагчид орсон бол удаах байранд улс төрчид бичигдсэн юм. Одоо эргээд санахад харин нэлээд баримжаатай дүн байжээ. Бас энэ үнэлгээ нь манай улс төрчдөд яг тохирч байна. Манайхан үнэндээ хамгийн шилдэг худалчууд бололтой. Төрийн ордонд тухалж суугаа тэд Монголынхоо өнөөгийн хөгжил дэвшил, эдийн засаг, нийгмийн амьдарлын талаар чин үнэнийг хэлнэ гэж бараг үгүй дээ.
Саяхан Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар өнгөрсөн оны хавар УИХ-аас баталсан Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн зарим заалтыг Үндсэн хууль зөрчсөн гээд хүчингүй болгож орхив. Өөрөөр хэлбэл, өнөөх худал хуурмагаар "хувин” дүүргэдэг улс төрчдийн гологдол бүтээгдэхүүнийг Үндсэн хуулийн цэц нь хуулийн хог дээр хаячихжээ. Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бараг боож үхэх нь холгүй юм болов. Түүний яриад байгаагаар бол уг нь тухайн үед УИХ-аас хамгийн мундаг хууль батласан юм байх. Тэгээд мань хүн Үндсэн хуулийн цэцийн хэдэн өгөр толгойтууд хайран сайхан хуулийн заалтыг үгүй хийгээд 1.3 тэрбум төгрөгийн төсөв дутагдаж, эмч, багш нарын цалин будаа болох нь гэх зэргээр баахан дөвчигнөв. Гэвч яс юман дээр нөхцөл байдал төс өөр байна. Сангийн сайд нь урьдын адил худал ярьжээ. Худал ярихдаа бас дээрх хуулийнхаа өөрчлөлтөөр уул уурхайн аж ахуйн нэгжүүдээс ашигт малтмалын нөөц ашигласан хэмээн давхар төлбөр авдаг болсноо тас нуух гэж оролдохыг яана.
Тэрхүү Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтуудыг хүчингүй болгосон байлаа. Эдгээр заалтуудаас болоод наад зах нь Монгол банкинд тушаах алтны хэмжээ эрс багасч, ихэвчлэн урд хөрш рүү хулгайгаар зөөгддөг болжээ. Жишээлэхэд, хамгийн сүүлд буюу энэ оны есдүгээр сард Замын-Үүдийн боомтоор Хятад иргэдтэй хамтарсан хэсэг монголчууд 6.4 кг алт хувцсандаа нуугаад хил давуулахыг оролдсон бол аравдугаар сард 2.7 кг алт гар тээшиндээ хийж яваад гаалийнханд баригдсан байна.
Ийм гамшигт үзэгдэл юунаас болов гэхээр УИХ дахь МАН-ын бүлгээр хүч түрээд батлуулсан Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтуудын балагаас болжээ. Энэ хуулийн 47.1 дэх хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд ашигт малтмал ашигласны төлбөрөө төлдөг байсныг өөрчлөөд ашигт малтмал ашигласан, худалдсан, худалдахаар ачуулсан этгээд тус бүрдээ өсөн нэмэгдүүлсэн татвар төлөөд ёстой баларч байв. Алтнаас гадна нүүрс, төмрийн хүдэр болон бусад эрдэс баялгийг худалдаж авах юм бол 2.5 хувь, угааж боловсруулбал 5 хувь, экспортод ачуулбал 3 хувь гээд нийт дүнгээрээ 10.5 хувийн татвар төлөх болж, давхар давхар төлбөрийн дарамтанд унасан хэрэг л дээ. Гэтэл харамсалтай нь зарим хүмүүсийн ёстолж хэлдэгээр өнөөгийн төрийн "албан ёс”-ны худалч Ч.Хүрэлбаатар сайд нь зөвхөн төсөв тасалдах тухай л гонгинож байна. Тэгж ярих юм бол тэртэй тэргүй ирэх сонгуулиар санал худалдаж авахад зориулж хийсэн маш их үрэлгэн төсвөө танаж яагаад болохгүй байх билээ.
Мөн худалч сайд Ч.Хүрэлбаатар нь Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны дээрх шийдвэрийг "гаднын нөлөөтэй” гээд л цуурч байна. Тэгвэл мань эрийн оролцоотой хийгдэж батлагдсан тэр хууль нь Хятадуудад илүү ашигтай байсныг учир мэдэх хүмүүс ярьж байгаа аж. Зарим нь бүр "Хятадын импортлогчдод зориулсан хууль болчихоод байсан юм” гэж шүүүмжилж буй нь үнэний ортой болов уу.
Худалч хүмүүс ер нь голцуу хулгай, булхайгаа нуун дарагдуулахын тулд л худал ярьдаг муу зуршилтай. Ч.Хүрэлбаатар сайдын тухайд урьд нь ах нартайгаа нийлж Хотгор шанагын ордыг Солонгосуудад зарсан гэх дуулианы гол эзэн болж байлаа. Энэхүү ноцтой асуудал нь одоо ч хуулийнхны өмнө нээлттэй байгаа юм. Гэвч мань хүн арьсаа хамгаалаад "Намайг зориуд гүтгэж байна” хэмээн бүлтэлзэх ажээ. Хариуцлагатай эх сурвалжууд харин "Хотгор шанагын уурхайн лицензийг П.Улаанхүү, Л.Дүгэржав нараас ах нар нь 350 сая ам.доллараар аваад БНСУ-ын төрийн өмчит компанид 51 хувийг нь 12 сая ам.доллараар зарсан” гэдэг. Мөн нүүрс боловсруулах 14 тэрбумын төслийг өөрийнхөө ах Ч.Гантулгын найз Баатарсүрэн гэгчид өгөөд юу ч хийгээгүй бөгөөд 3 тэрбум төгрөг нь тэдний ах дүү нарын данс руу орсон гэх юм билээ. Гэвч энэ бүхнийг Ч.Хүрэлбаатар тас мэлзэж, аанай л "Эд нар намайг гүтгэж байна” гэхшүү юм бувтнаад явж байна. Худалч хүмүүс угаасаа үнэнийг хэлнэ гэж байдаггүй ажээ.
О.Баяр
Шуурхай.мн