| |
Алтны 2.5 хувийн татварыг үлдээх эсэхийг УИХ шийднэ
УУХҮЯ-наас мэдээлж буйгаар Монгол Улсын алтны нөөцийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 41 шороон ордын 4521.6 кг нөөц, таван үндсэн ордын 18697.9 кг нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн тус тус хүлээн авч Монгол Улсын алтны нөөцийг 23.2 тонноор нэмэгдүүлээд байна.
Нөөц нь нэмэгдсээр буй энэ салбар манай улсын ДНБ-ийн 3 орчим хувь, уул уурхайн салбарын орлогын 12 хувь, экспортын орлогын 10 орчим хувийг бүрдүүлж байна. Монголбанк болон түүнээс эрх олгосон банкуудад тушаасан алтнаас авдаг ашигт малтмалын нөөц ашигласны татварыг 5 хувиас 2.5 хувь болгож бууруулснаар 2014 оноос хойш алтны салбарын орлого нэмэгдэж, Монголбанкинд тушаах алтны хэмжээ жилээс жилд өсч ирсэн бөгөөд хамгийн сүүлийн жишээгээр Төвбанк оны босгон дээр 22 тонн алт худалдан авснаа мэдэгдсэн нь өмнөх оныхоос 9.5 хувиар ахиу байна. Алт олборлолт, тушаалт ийнхүү нэмэгдсэнийг "Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг улс орон даяар амжилттай хэрэгжүүлж, Дархан-Уул, Баянхонгор аймагт алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төв байгуулсан нь үр дүнгээ өгсөн гэж Монголбанк үзэж байна. Мөн Ашигт малтмалын нөөц ашигласны татвар буюу роялтийг 2.5 хувь болгосон хуулийн зохицуулалт ч эергээр нөлөөлсөн гэж эдийн засагчид, мэргэжилтнүүд хэлж байгаа.
Гэтэл хуулийн дээрх зохицуулалтын үйлчлэл нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дуусч, хүчингүй болоод байна. Засгийн газраас уг татварын хөнгөлөлтийг дахин таван жилээр сунгах саналыг гаргаж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-нд УИХ-д өргөн барьсан. Харамсалтай нь УИХ-ын чуулган хуралдалгүй гацсаар байгаа нь энэхүү хуулийн төслийг батлах боломж олгосонгүй. Уг нь хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн бөгөөд УИХ-ын чуулганы арванхоёрдугаар сарын 20-ны нэгдсэн хуралдаанаар нэн яаралтай дэгээр хэлэлцэх байсан ч ирц бүрдээгүйгээс хуралдаж чадаагүй юм.
Төвбанкинд алт тушаалт 9.5 хувиар өсч, зорилтот хэмжээ 22 тоннд хүрчээ
Уг хуулийн төслийг батлалгүй шинэ онтой золгосноор алтны салбарт хэд хэдэн хүндрэл үүсэхээр байгаа аж. Тухайлбал, энэ хуулийн зохицуулалт байхгүй болсноор татварын суурь ачаалал 5 хувь болж байгаа юм. Дээр нь өсөн нэмэгдэх роялти нь үнийн дүнгээс хамаараад 4-5 хувь орчим болно. Ингээд 9-10 хувийн татварын ачаалал нэмэгдэх нөхцөл бүрдэж байгаа нь хамгийн том хүндрэл юм гэж алтныхан хэлж байна.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 3.2-т зааснаар, Монголбанк түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтнаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсвэл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ нь 5 хувьтай байна гэсэн хуулийн зохицуулалттай. Энэ нь бас эрх зүйн маргаан дагуулах нөхцөлийг бүрдүүлжээ. Ер нь алтны зохицуулалт яаж явах вэ гэдэг нь эрх зүйн талаасаа төвөгтэй болоод байна.
Тодруулга: Монголбанк 2020 он гэхэд жилд 25 тонн алт худалдан авахаар төлөвлөж байгаа бөгөөд салбарын яамнаас алтны салбарыг тэрбум ам.доллар олдог, эдийн засгийн тулгуур багана болгох зорилт дэвшүүлээд байгаа юм.
montsame.mn