| |
Видео
Шинэ мэдээ
Ж.Энэбиш: Намайг ”хуц”, ”ухна” гэх нь холгүй байх юм
Нэрт соён гэгээрүүлэгч С.Лувсанвандангийн нэрэмжит Гоо зүйн дээд шагналтан, хөгжим судлаач, урлаг судлалын ухааны доктор Ж.Энэбишид баяр хүргэж, товч ярилцлаа.
-Танд баяр хүргэе. Уг шагналыг энэ удаад нэг бус хүнд олгожээ. Хэдхэн хоногийн өмнө зохиолч, орчуулагч Г.Аюурзанад хүртээсэн байсан.
-Гурван хүнд олгожээ. Шагнал олгох үед нь би байгаагүй юм. Өчигдөр "Бодь интернэшнл” компанид урьж, батламж гардууллаа. Миний өчүүхэн хөдөлмөрийг үнэлж байгаад нь их баяртай байна.
-Та хөгжим судалсаар байна уу?
-Зогсоо зайгүй ажиллаж байна. Монголын орчин цагийн хөгжмийн урлагийн ноён гурван оргил болсон Ардын жүжигчин Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа нарын хэн нь хэн байсан талаар оройтоогүй дээр ботиор бичих хүн олдохгүй юм. Хөгжим судалдаг, эрдмийн зэрэг, элдэьв цолтой олон хүнд хэлсэн. Тэгэхээр өөдөөс "Та л бичих хүн дээ” гэх юм. Миний нас өндөр болсон, хуучных шигээ биш. Гэтэл залхуураад байдаг юм уу, дэмий цаг үрэхийн нэмэр гэдэг юм уу, барьж авах хүн гарахгүй юм. Тэгэхээр нь өөрөө ханцуй шамлаад орсон. Энэ онд насаараа хийсэн ажлаа дээжилж эмхэтгээд таван боть гаргаж санаа амарлаа гэж бодтол, ажил дороосоо ундраад байх юм. "Та чадна, сүргийн манлай шүү дээ” гэсэн. Арай л хуц, ухна гээгүй (инээв).
-Инээдтэй зүйрлэл вэ. Гурван том соён гэгээрүүлэгчийн амьдрал, уран бүтээлийн түүх гэж лут юм байгаа даа.
-Сайтар судалсан хүн байхгүй, барим материал ховор байх гэж бодтол бас ч гэж гайгүй. Гурван сайн архивыг олон ч өдөр ухлаа. Гурван бандгар боть болох юм бичлээ. Бараг дуусах гэж байна. Хэвлүүлэх аргаа бодно доо.
-Та үнэхээр хөгжимд үнэн ч хүн юм аа.
-Эрдэм мэдлэг, авьяас чадварын уурхай, нөөц болсон ийм мундаг хүмүүсийн тухай олон түмэнд мэдүүлэх л гээд зүтгээд байгаа юм шүү дээ. Толгой сэргэлэн, бийр хурц залуус бичихгүй юм байна. Өөрөө л гүйцээхээс.