|
Видео

Шинэ мэдээ

Хүүхдийн тоглоомын талбайд хүнийрхэж хандаа юу даа

 

Хүүхэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах тоглох эрхтэй. Урин дулааны цаг ирэхэд орон сууц, гэр хороололын ойр орчмын хуванцар гулсуур, дүүжин савлуур зэрэг нь хүүхэд өнжих талбар болдог. Гэтэл "хүсэхэд хясна” гэгчээр хүүхдээ тоглуулах тоглоомын талбайн эрүүл ахуй, аюулгүй байдал эцэг, эхчүүдийг түгшээх нь цөөнгүй. Өөрөөр хэлбэл, чанар стандартад нийцээгүй, хүрээлэн буй орчин нь бохир тоглоомын талбай нийслэлд олон бий. Сүүлийн жилүүдэд олон улсын жишгийг дууриаж янз бүрийн өнгө үзэмж, загвар хийц бүхий тоглоомын талбай барих нь элбэгшсэн. Харин барьж байгуулахын хэрээр аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал үргэлж яригддаг. Тэгвэл хүүхдийн тоглоомын талбайн чанар стандарт, эрүүл ахуйн байдал ямар байгааг сурвалжиллаа.

ХОГИЙН ЖАЛГА, МАШИН ЗАМТАЙ ОЙРОЛЦОО ТОГЛООМЫН ТАЛБАЙ БАРЬЖЭЭ

ам ихээр төвлөрсөн Сонгинохайрхан дүүргийн XIX хороонд байх хүүхдийн тоглоомын талбайд бид очив. Баянхошууны гэр хороололд байгуулагдсан уг шинэхэн тоглоомын талбайн гулсуур дээр хүүхдүүд эргэх зайгүй ар араасаа авирч харагдана. Наанаас нь нэгэн бүсгүй "Болгоомжтой унав. Алив бууцгаа” гэж шаардана. Ойр хавиар нь архи, пивоны шил хөлөөр хөглөрөх аж. Ямартай ч тус тоглоомын талбайд хүүхэд бүдэрч уналаа гэхэд хөл, гараа шалбалах орчин аль хэдийнэ бүрджээ. Учир нь стандартын дагуух зөөлөвчгүй байх бөгөөд оронд нь хайрга асгажээ. Мөн энд тэндгүй шилний хагархай хэвтэх нь нүдэнд торно. Түүнчлэн тоглоомын талбайн хажууд хогийн цэг гэмээр том жалга, автомашины зорчих хэсэг байсан юм.

Үүнээс үзэхэд тэнд хэзээ мөдгүй хүүхэд осолд өртөж, гэдэсний халдвараар өвчлөх эрсдэл бий болж. Гэвч үүнд санаа зовсон хэн ч алга. Хогийн цэг болон автомашины зам дагуу тоглоомын талбай барьж байгуулдаг нь хаанахын жишиг вэ. Тус талбайд унаж босон гүйх багачуудын дунд хөл, гараа шалбалах явдал юу ч биш бололтой. Тэд тоглохыг мэднэ үү гэхээс орчин тойрон нь аюултай, эрүүл байх нөхцөлгүй болсон гэдгийг хэрхэн мэдэх билээ. Бид сүүдрэвчинд нарлан суух хижээл насны бүсгүйчүүд дээр очиж уулзахад ”Энэ хавьдаа цор ганц тоглоомын талбай нь энэ. Олон хүүхэд ирж тоглодог. Бие биенээ өндөр дээрээс түлхэж унагачих гээд хэцүү байдаг юм. Бид хүүхдүүдээ бүрий болохоор гаргаж тоглуулдаг.

Тэгэхлээр тоглоомын талбайд хэсэг хүмүүс архи, тамхи хэрэглээд сууж байдаг. Хүүхдүүдийн нүдэн дээр буруу үлгэр дууриал үзүүлж байна. Хүүхдийн тоглоомын талбай болохоос архичдын салхилж суудаг газар биш. Энэ тоглоомын талбай ашиглалтад ороод нэг жил болж байгаа. Анх энэ тоглоомын талбайг барихад нэлээн хүн эсэргүүцсэн. Учир нь үерийн далан таглаж барьсан байдаг юм. Энэ хавьд их үер буудаг. Тоглоомын талбай байгуулаагүй байхад ус тогтох нь бага байж. Үүнийг барилаа гээд хүүхдүүд л бэртэж байна. Олон тоглоом байсан ихэнх нь эвдэрч гулсуур л үлдсэн дээ” хэмээн ярьсан юм. Ингээд тоглоомын талбайд тоглох багачуудтай уулзахад "Гэрийн минь ойролцоо тоглоом байдаггүй.

Энэ тоглоомын талбайг зорьж ирээд тоглохоор ба с тоглоом байхгүй. Хайрга, чулуу, шороо зэргээр айл гэр болж тоглодог” гэж байлаа. Ингэхдээ энд тэндээс хог түүж цуглуулан бохиртсон гартаа таарсан бүрээ эвлүүлэн тоглодог байна. Тухайн орчинд тоглоомын талбай байх нь яавч зохицохгүй харагдаж байв. Чухам хэн гэдэг эрх мэдэлтний хийсэн ажил юм бол доо. Хажуугаар нь цагаан тоос манарган давхих машинууд, ялаа шумуул шавсан, хамар цоргисон үмхий үнэртсэн хогийн жалга гээд тус тоглоомын талбайг тойрсон асуудал мундахгүй олон юм. Хүүхдүүд ч цээрлэх, халгахыг мэдэхгүй байна. Бид Сонгинохайрхан дүүргийн ХIX хороогоор орж тус тоглоомын талбайн нөхцөл байдлын талаар асуухад "Сар бүрийн 5,15- ний өдөр хогоо тогтмол ачдаг. Тэр хүүхдийн тоглоомын талбайн ойролцоох жалга хогийн цэг биш. Үерийн ус зайлуулах хоолой.

Хүмүүс шөнийн цагаар хогоо тэр жалга руу аваачиж хаядаг. Бид шаардлага хүргүүлдэг ч тоодоггүй юм” гэж хорооны зохион байгуулагч хэллээ. Дараа нь бид Баянгол дүүргийн XI хорооны хүүхдийн тоглоомын талбайд очлоо. Ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас тус талбайд шалбааг тогтжээ. Мөн цонх нь хагарсан жижиг байшин байх ба дотор нь төмөр, архины шил зэрэг хог овоолсон байв. Ойр хавьд нь завсар зайгүй мод ургаж хүн явахын эцэсгүй болж. Гулсуурнууд нь цөмөрч эвдэрсэн байх ба ойр орчин нь мөн л хогоор хүрээлэгджээ. Ш а ва р шалбааганд хутгалдсан тоглоомын талбай хавиар модны навч таслан гүйх хоёр хүүхэдтэй таарав. Тэдний нэг "Манай найз энэ гулсуур дээр гулсаж байгаад шилбээ зүссэн.Түүнээс хойш бид энд тоглохоон больсон” гэсэн юм. Ийн нийслэлийн алслагдсан гэр хороололд хүүхдийн тоглоомын талбай ихээр баригддаг ч үнэндээ стандартад нийцдэг үгүй нь эргэлзээтэй байна.

Гэр хорооллын нэгээхэн хэсэгт хүүхдийн тоглоомын талбайн асуудал хэцүүхэн байна. Харин орон суунцы дундах тоглоомын талбай мөн л ялгагдах зүйл алга. Тухайлбал, Гэмтлийн эмнэлгийн ойролцоох хүүхдийн тоглоомын талбайн савлуур, гулсуур зэрэг нь хамгаалалтгүй байх ба үүнээс унасан хүүхэд ямар бэртэл авах нь тодорхой. Тус тоглоомын талбайд бяцхан охиноо тоглуулж өөрөө алсаас ажиглан суух өвөө дээр очиж хууч хөөрөхөд "Ач охин тогломоор байна гээд зүгээр суулгадаггүй. Энэ хавьдаа ганц тоглоомын талбайтай. Унаж бэртэх тохиолдол ол он. Ядаж цементэн талбайд зөөлөвч тавьж болдоггүй юм байхдаа. Бас энэ дээхэн үеийн төмөр гулсуурыг аваад хаячихаж чадахгүй байгаа юм даа.

Энэ гулсуур дээр олон хүүхэд гулсах юм. Хойш савж унах вий гэхээс түгшдэг” гэлээ. Өвөө охиныгоо нүдний цөцгий мэт хайрладаг бололтой. Тоглох бүрт нь нүд салгалгүй харж жоохон эвгүй хөдөлбөл араас нь очиж "хүүе ингэ, тэг” гэж хөөцөлдөнө. Мөн хажууханд нь суух бүсгүйтэй уулзахад "Орон сууцны дундах тоглоомын талбайн багагүй хэсгийг хайрга эзэлдэг, мөн заавал нэг эвдэрхий тоглоом байдаг. Талбайд хурц үзүүр, ирмэгтэй тоглоом байрлуулахгүй нь мэдээжийн асуудал. Үүний оронд тухайн тоглоом дээр ямар бие бялдартай, хэдэн настай хүүхдүүд тоглох вэ гэдгийг тусгаж өгсөн бол илүү өгөөжтэй байх. Гулсуурын тавцангийн хашилтын нүхээр нэлээд биерхүү хүүхэд ч багтчихаар юм билээ. Унах эрсдэлтэй” гэлээ. Урьд нь тус тоглоомын талбайд гурван настай охин савлуурт цохиулж, гэмтэж байсныг нарлан суух хүмүүс онцолсон юм. Харин тоглож байсан найман настай хүү дамнуурган төмөр дээрээс зүүгдэн үсэрч харагдана.

Ямартай ч ойр хавьд овоорсон хогийн цэг харагдсангүй. Тоглоомын талбай машин замд тун ойрхон. Хүүхдүүд ойр хавиар хөөцөлдөн гүйх ба автомашины осолд өртөх вий гэх айдас хэний ч сэтгэлд хурна биз. Энэ мэтчилэн хогийн цэг бараадуулж тоглоомын талбай бариад байвал гэдэсний халдварт өвчин, осол аваар хэрхэн тасрах билээ. Гэр хорооллын хүүхдүүд аюулгүй цэвэрхэн орчинд тоглох эрхээ эдэлж чадахгүй байна. Олон улсад хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлын талаар есөн стандартыг тогтоосон байдаг гэнэ. Харин манай улс үүний дөрвийг нь л дагаж мөрддөг аж. Тодруулбал, дээрх дөрвөн стандартад орон сууцын гаднах талбай хурц ирмэггүй, автозам, машины зогсоолоос хол, зогсоолын дээр байрлуулахгүй зэрэг заалтыг тусгажээ. Гэвч манай улсад энэ стандарт бүрэн мөрдөгдөж чадахгүй байгааг мэргэжилтнүүд онцолж байв.

НЭГ ТОГЛООМЫН ТАЛБАЙГ 30-70 САЯ ТӨГРӨГӨӨР БАРЬДАГ БАЙНА

Хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлын стандартад зогсоолын дээд талд хүүхдийн тоглоомын талбайг байрлуулж болохгүй гэж заасан хэдий ч нийслэлийн орон сууцууд зогсоол дээр тоглоомын талбай барьсан байх нь энгийн үзэгдэл. Гэр хороолол болон төвийн орон сууцны дундах тоглоомын талбай хүүхэд бэртэж гэмтэх, өвчлөх эрсдэлийг дагуулсан байсан бол баячуудын хороолол гэгдэх "Ривер гарден”, "Маршал Таун” хотхоны хүүхдийн тоглоомын талбай гялтайх шил, чулуу ч үгүй нэг бүрчлэн зөөлөвчөөр бүржээ. Борчуудын хүүхдүүд бэртэж гэмтэх нь хамаагүй болж таарах нь л дээ. Хогийн цэгийн ойролцоо өглөөнөөс орой хүртэл тоглох хүүхдүүд хөөрхийлэлтэй. Үерийн ус тогтдог нам дор газар, авто замын дэргэд гэхчилэн гологдол газраа л тоглоомын талбай байгуулахад илүүчилнэ. Хүүхдэд учирч болзошгүй эрсдэлийг огт тооцохгүй юм. Гэмтэл согог судлалын үндэсний төвд тоглоомын талбайд тоглож байх явцдаа гэмтэл авсан гэх хүүхдүүд цөөнгүй ирдэг байна.

Энэ талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн гэмтэл согогийн I тасгийн их эмч Р.Баярсайхан "Хүүхдийн осол гэмтлийн шалтгааны дийлэнх хувийг уналтын бэртэл эзэлдэг. Тэр дундаа 1-4 насны хүүхдүүд тоглоомын талбайд тоглоомноос унаж бэртсэн гэх тохиолдол олон. Амбулаториор өдөрт 40-50 хүүхэд үзүүлдэг. Үүний 40 орчим хувь нь тоглоомын талбай дээр унаж бэртсэн байдаг” гэв. Хэзээд цөмөрч эвдэрч мэдэх хуванцар гулсуур, хамгаалалтгүй дүүжин савлуур иж бүрэн хүүхдийн тоглоомын талбай байгуулж байгаа царай нь энэ. Гэтэл хэчнээн төгрөг үүнд зарцуулдаг нь хэний ч анхаарлыг татна. Үнэндээ нэг тоглоомын талбай 30-70 сая төгрөгөөр босдог байна. Ингэхдээ тоглоомыг нь ямар материалаар хийснийг тодруулдаггүй, худалдаж аваад л гүйцээ. Ийм тоглоом худалддаг хэд хэдэн газар нийслэлд байдаг байна. Гадна тоглоомын талбайд байдаг дасгалын төмөр хэрэгслүүд хүүхдүүдэд заналхийлж байдгийг эцэг, эхчүүд хэлсэн. Нийслэлд байгаа бүх л тоглоомын талбайд ийм төхөөрөмж бий. Залуус, ахмадуудад биеийн чилээгээ гаргахад нь дөхөм болгох зорилгоор тоглоомын талбайд байрлуулдаг ч үндс эн хэрэглэгчид нь хүүхдүүд. Шилбэ, гуяны булчин чангалах зориулалттай төхөөрөмжид хүүхэд хөлөө хавчуулж, бэртэл авсан тохиолдол цөөнгүй гэнэ. Гадаадын улсууд хүүхдийн тоглоомын талбайд хийлдэг тоглоом байрлуулдаг гэсэн. Харин манайд эсрэгээрээ мод, төмөр байрлуулах. Хүүхэд өргөөд дийлэхгүй төмөр савлуур ч байх жишээтэй. Өөрсдийн биеийн жингээс хүнд тоглоомыг хөлөөрөө түлхэн, хөөргөж тоглох нь юу л бол. Урин дулааны цагт гэдэсний халдварт өвчин гарах тохиолдол элбэг байдаг. Гэтэл хүүхдийн тоглоомын талбайтай зэргэлдээ хогийн цэг барьж байгаа нь эрсдэлийн тоог нэгээр нэмж буй хэрэг. Иймд хогийн цэгтэй толгой холбосон хүүхдийн тоглоомын талбайд хараа хяналт тавьж, чанар стандартыг мөрдүүлэхгүй бол утгаа алдах нь байна. Хүүхдийн тоглоомын талбайд хүнийрхэж хандаад байвал олон багачууд эрүүл мэнд, бие махбодоороо хохирох нь байна.

Үндэсний шуудан



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler