|
Видео

Шинэ мэдээ

Тавантолгойг хоёр хувааж, Х.Наранхүүд Зүүн Цанхийг хариуцуулжээ

Засгийн газрын өнгөрсөн сарын 9-ний хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 296 дугаар тогтоолыг баталсан байдаг.

Уг тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомж, анхан шатны баримтад тулгуурлан хянаж, нягтлах ажлыг зохион байгуулж, хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн бүртгэлийг 2019 оны арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт багтаан дуусгаж, үр дүнг танилцуулах, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа хувьцааг гадаад улсын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх, арилжаалах бэлтгэл ажлыг хангуулахыг даалгасан байдаг.

Түүнчлэн олон улсын хөрөнгийн зах зээлээс боломжит богино хугацаанд, хамгийн бага зардлаар хөрөнгө босгох зорилгоор холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компаниудыг байгуулах, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдээс эхний ээлжид МҮ-011943 дугаар бүхий Цанхийн зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн охин компанид эзэмшүүлэх болон "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн охин компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад улсын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулагчдад санал болгох, 70 буюу түүнээс доошгүй хувийг "Эрдэнэс-Тавантолгой” ХК эзэмшиж байхаар зохион байгуулахыг даалгасан байдаг.

Мөн гадаад улсын хөрөнгийн биржээр хувьцаа арилжаалах үйл ажиллагааг богино хугацаанд зохион байгуулах, түүнтэй холбогдсон татвар зардлын хэмжээг хамгийн бага байлгах чиглэлээр зохих арга хэмжээ авч ажиллахыг даалгажээ.

Товчхондоо, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тодорхой хэсгийг олон улсын зах зээлд гаргахын тулд зүүн Цанхийн нэг хэсгийг тусад нь гаргасан гэж ойлгогдож байгаа юм.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт шинээр байгуулагдсан "Эрдэнэс Тавантолгой”-н охин компанийн захирлаар УИХ-ын гишүүн, Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Х.Наранхүүг томилсон тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Ж.БАЯР, ҮНДЭСНИЙ ШУУДАН

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler