| |
Битгий давар, багш нар аа
Багш нарын шантааж хийдэг цаг эхэлжээ. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн багш нар ямар нэг зүйлээр барьцаалан ажил хаядаг моодтой болсон. Өнгөрсөн жил үндсэн цалинг 1.6 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж, багш нар ажил хаяснаас цөөнгүй сургууль 9 дүгээр сарын нэгэнд хаалгаа нээгээгүй. Энэ байдал өнөө жил ч давтагдаж болзошгүй байна.
Тэд энэ удаа давуу эрх эдэлж, орон сууцтай болох гэнэ. Багш нар "Буянт Ухаа-2” хорооллын түрээсийн 972 айлын орон сууцнаас 200 квот авах шаардлагыг НОСК-т хүргүүлжээ. Харин НОСК-иас квот олгож, хэнд ч давуу байдал бий болгохгүйгээ аль хэдийнэ мэдэгдсэн. Товчхондоо багш нарт квот өгөхгүй гэдгээ шуудхан хэлсэн. НОСК-ийн энэ хариу багш нарт таалагдаагүй учраас тэд өлсгөлөн зарлахаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын өмнө суужээ.
Түрээсийн орон сууцны журмаар бол багш нар төрийн албан хаагч гэсэн ангилалд багтаж, бүртгүүлэх бүрэн боломжтой. Гэтэл багш нар яагаад бусдаас илүү эрх ямба эдлэх ёстой гэж?!
Энэ асуултад Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Ц.Мөнхтуяа "Боловсролын салбарыг эрүүлжүүлэхийн төлөө, нийгэмд шударга ёсыг тогтоож, ирээдүй хойч үеийнхээ төлөө энд сууж байна. Шударга ёсыг, эрүүл нийгмийг бий болгоход багш нар түүчээлэх ёстой гэдэг үүднээс энд сууж байна” хэмээн хариуллаа. Тэгвэл багш нэрээр квот авч, давуу эрхээр орон сууцтай болох чинь шударга ёс юм уу? Ажил мэргэжлээрээ бусдаас ялгарч, ардын хүүхдийн нэр барьж, төрийн гэсэн бүхнээс давуу эрх эдлэхээр улайрах чинь хүсээд байгаа эрүүл нийгэм чинь үү? Багш нар түүчээлэх ёстой гэнэ. Юунд вэ? Төрийг шантаажилж, давуу эрх шаарддаг шударга бусад түүчлэгчид юм уу.
Багш нар давуу эрх эдлэх ёстой юм байж. Тэгвэл эмч нар, дүүрэг хорооны энгийн албан хаагчид яах юм бэ. Бүр сэтгүүлчид, сэтгэлзүйчид, дуучид, жүжигчид яагаад квотгүй үлдэх ёстой гэж. Тэдэнд ч орон байр хэрэгтэй байна. Тэд ч ялгаагүй зээлтэй, тэдний дунд түрээсийн орон сууцанд толгой хоргодож, гэр хороололд амьдрагчид цөөнгүй бий. Хүн бүр тэгш эрхтэй. Энэ бол цэцэрлэгийн хүүхдийн мэдэх энгийн ойлголт, хамгийн наад захын шударга ёс. Гэтэл нийгмийг түүчээлэгч гэж өөрсдийгээ нэрлэсэн сэхээтнүүд маань үүнийг мэддэггүй байх нь. Тиймдээ ч бүгдэд нээлттэй боломжоос давуу эрх шаардаж, өлсгөлөн зарлана хэмээн шантаажилж байна.
Багш нар зээлтэй гэнэ, орон гэргүй гэнэ, түрээсийн газар амьдардаг гэнэ, цалин мөнгө нь хүрэлцдэггүй гэнэ. Тэгвэл өнөөгийн Монголд зээлгүй хэн байгаа юм бэ. Багш нараас бусад нь орон сууцанд орж, баян тансаг амьдраад байгаа юм уу, сэхээрээч, сэхээтнүүд минь.
Арай даварч байна. Түмний хүүхдийн нэрээр төрийг шантаажилж, албатай мэт аашлахаа больчих. Багш мэргэжлийг өөрсдөө сонгосон, өөрсдийнхөө идэх талхны төлөө энэ ажлыг хийж байгаа. Төрийн төлөө, бусдын төлөө амьдардгаа хэзээ болих юм бэ, сэхээтэн нэртнүүд минь ээ. Чадахгүй, болохгүй, бүтэхгүй бол яваад өг, ажил хайж байгаа хэдэн мянган залуус бий. Тэдэнд боломж олго. Хэдэн арван жилээр багшийн орон тоо бөглөж, өөрөө ч боловсордоггүй, өрөөлийн хүүхдийг ч сургаж гавьдаггүй атлаа төрийг шантаажлах чинь одоо бүр эмгэг боллоо. Ичиж амьдар, өөрийн амьдралынхаа төлөө бусдыг бүү ялла. Төр засгаас эхлээд жирийн иргэн хүртлээ багш та нарын шантаажны золиос болоод байна. Сэхээтэн шиг сэтгэж, сэхээрч үз.
Б.Болд, ЭХ СУРВАЛЖ:SHUUD.MN