| |
Үндсэн хууль, Ерөнхийлөгч, хуульчид...
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн санал, дүгнэлтээ УИХ-д хүргүүлсэн. Ингэхдээ тэрбээр, таван багц асуудлаар Үндсэн хуулийн нийт 20 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар санал хүргүүлжээ. Энэ нь Үндсэн хуулийн нийт зүйлийн 28.5 хувийг эзэлж байна. Энэ саналтай холбоотой байр суурийг хүргэе.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга
Шүүхийн тогтолцоог засаг, захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгжийг дагуулан тогтоож байгаа нь төрийн үйлчилгээний нэг төрөл болох шүүхийн үйлчилгээг оновчтой, хүртээмжтэй байлгахад гол саад тээг болж байна. Шүүхийн ачааллыг жигдлэхэд саад болж байсныг зохицуулах санал орууллаа. Шүүхийг засаг захиргааны нэгжийг дагуулж бус тойргоор уян хатан байгуулах нь нэмэлт санхүүжилт шаардахгүй, цэвэр зохион байгуулалтын ажил байх юм. Шүүхийн сахилгын хороо байгуулах нь шинэ санал юм. Сахилгын хороо бол Шүүхийн ерөнхиий зөвлөлд одоо байгаа Мэргэжлийн хороо, Ёс зүйн хороо гэсэн бүтцийг нэгтгэсэн, бие даасан бүтэц бөгөөд үндсэн үүрэг нь сахилга алдсан шүүгчдэд итгэл үзүүлэх эсэх асуудал байх болно. Шүүгчийн хараат бус байдлыг хангах, сахилга хариуцлагыг нь дээшлүүлэх чиглэлд Улсын Их Хурлаас багц хууль батлан хэрэгжүүлсэн боловч шүүгчид хариуцлага хүлээлгэх оновчтой тогтолцоо өнөө хир бүрэн бүрдээгүй гэж үзэж болохоор байна. Хэдийгээр шүүгчид ёс зүйн болон боломжит бусад хариуцлагыг хүлээлгэх чиг үүрэг бүхий Шүүхийн ёс зүйн хороо ажиллаж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөө нь туйлын хангалтгүй байна. Тухайлбал, Шүүхийн ёс зүйн хороо сүүлийн таван жилд буюу 2014-2018 онд давхардсан тоогоор нийт 1706 шүүгчид холбогдох 1135 гомдол хүлээн авч шалгаснаас 80 гаруй хувьд нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 20 орчим хувьд сахилгын хэрэг үүсгэн шалгаж, нийт 69 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулсан байх боловч түүний 80 орчим хувь нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болжээ. Энэ хугацаанд 1135 гомдлоор ердөө 14 шүүгч л шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр сахилгын шийтгэл хүлээсэн байна. Иймд шүүхийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны болон ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг Шүүхийн сахилгын хороонд бүрэн харьяалуулж, сахилгын хорооны магадлалыг аль нэг тал эс зөвшөөрсөн тохиолдолд давж заалдах ажиллагааг салбар хуулийн хүрээнд улам боловсронгуй болгож, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны ердийн журмаас ялгамжтай байдлаар тогтоох шаардлагатай байна.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хуульзүйн ухааны доктор, О.Мөнхсайхан
Ерөнхийлөгч хэд хэдэн байгууллагаар дамжуулж Засгийн газрыг хянах замаар мэдэлдээ байлгах агуулга төсөлд байна. Тодруулбал, Ерөнхийлөгч өөрийн тэргүүлдэг ҮАБЗ болон өөрийн нөлөө дор байгуулах хөгжлийн бодлого, төлөвлөлтийн байгууллага гэгчээр Засгийн газар бүрийн хөтөлбөрийг хянуулж шийдвэрлүүлэхээр заажээ (Eрөнхийлөгчийн төслийн 39). Төв банкны эрх мэдэл дээр нэмээд Санхүүгийн зохицуулах хорооны эрх мэдлийг Монгол Банканд төвлөрүүлэх аж (Eрөнхийлөгчийн төслийн 19-2). Мөн, Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн бүх намын дотоод сонгууль болон намын гишүүний бүртгэлийг бүрэн хариуцахаар заасан (Eрөнхийлөгчийн төслийн 19-1) нь үүгээр дамжуулж намууд болон сонгогчдыг бүрэн хянах агуулгатай байна.
Дээр нь, Ерөнхийлөгч шударга бусын хонгилын түлхүүр (шүүх, ШEЗ, УEП, АТГ-г хурууны үзүүрээрээ хөдөлгөх төвлөрсөн эрх мэдэл)-ээрээ үг сөрсөн бүгдийг нам дарна. Шударга бусын хонгилын түлхүүрийг өгөхгүй гэдгээ Eрөнхийлөгч мэдэгдэв. Тэрээр УИХ-аар хэлэлцэгдэж буй төслөөс шүүхтэй холбогдсон нэмэлт, өөрчлөлтөд хамаарч буй төслийн 49.5, 49.6, 49.7, 49.8, 51.1, 51.2, 51.3, 51.5 дахь хэсгийг бүхэлд нь хасах санал гаргасан байна (ийм санал өгсөн талаар УИХ-ын вэбсайтад дурджээ). Хараат бус, шударга шүүхийг төлөвшүүлэхийг эсэргүүцсэн энэ саналыг нь хүлээн авбал Үндсэн хуульд оруулах бусад нэмэлт, өөрчлөлтийн үр дүн огт гарахгүй. Учир нь, хонгилын түлхүүртэй байхад УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, Eрөнхий сайд, намууд зэрэг бүх нөлөө бүхий хүнийг "бөлдөгдөж" өөрийн дураар хөдөлгөнө. ҮАБЗ дээр Eрөнхийлөгчийн өөдөөс Eрөнхий сайд, УИХ-ын дарга юу ч хэлж чадахгүй үгээр нь байдаг болно. Тэгээд өөрийн биeээр болон ҮАБЗ-өөр дамжуулан бүхнийг хянаж удирдана.
Eрөнхийлөгчийн төслийг бүрэн уншаагүй байж ганц хоёр тааламжтай мэт санаа (УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, сонгуулийн холимог тогтолцоо шууд заах)-г дагаад цаад ноцтой агуулгыг нь харалгүй магтан дуулсан мэдээ, пост хүчтэй яваад, төслийн сөрөг тал нь олонд хүрч огт чадахгүй байнa. Учир ойлгоно гэж итгэдэг хүмүүс ч хүртэл шүүхээ, цаашлаад ардчилсан дэглэм ээ тавиад туулгах гэж байгааг харахгүй магтан дуулаад байн уу, эсхүл ямар нэг... Eрөнхийлөгч өөрийн төслийг олон нийтэд огт танилцуулаагүй, саналыг нь авалгүй УИХ-д өргөн барьсан (ҮАБЗ-ын зөвлөмжөөр шүүгч, УEП, АТГ-ын даргыг түдгэлзүүлэх, огцруулах хуулийг ч ингэж олон нийтийн оролцоогүй өргөн барьж, УИХ-ыг элдвээр шахаж батлуулаад хогилын түлхүүрээ улам хүчирхэгжүүлсэн). Яахав наадмын амралтын хэдэн өдөр ШEЗ, ХЭҮК, яамд зэрэг хэдэн байгууллагаас хүчээр шахуу санал авсан болжээ.
Үндсэн хууль судлаач О.Машбат
УИХ-ын гишүүдийн тоог 108 болгохоос цаашихыг нь уншаарай. Ард түмэн маань төргүй болох нь байна шүү.
...Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр шүүх бүхэлдээ, шүүгчид бүгдээрээ нэг хүнээс хараат байдгийг таслан зогсоохыг зорьж байна. Шүүгчийг хараат бус байлгах үүрэгтэй ШЕЗ, шүүгчийг хариуцлагатай байлгах үүрэгтэй Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн бүрэлдэхүүн, тэдгээрийг томилох журмыг өөрчилснөөр "шударга бусын хонгил”-ыг нураах боломж бүрдэнэ
"Шударга ёсыг тогтоох” явдал бүх зөвлөлдөх санал асуулга, олон нийтийн хэлэлцүүлгээр хамгийн их дэмжигдсэн. Энэ бүхнийг бодсон, судалсан, томьёолсон төсөл маань улстөрийн амбиц, байгууллагын явцуу сонирхолд хөтлөгдөн буруу тийшээ хазайх вий.
Эх сурвалж: Eagle.mn