| |
С.Амарсайхан дарга аа, “ЖДҮ корпораци”-аар зочлоорой
Монголын үндэсний жижиг, дунд, бичил үйлдвэрлэл эрхлэгчид нэгдэн "ЖДҮ корпораци” байгуулж буйгаа зарласан. Улстөрчдийн бульхайгаас болж бараг л "муу” үг мэт ойлгогдох болсон энэ нэрийг өөрчлөн жинхэнэ ЖДҮ-чид юу бүтээж, ямар амжилтанд хүрч болохыг харуулах зорилготой үндэсний үйлдвэрлэгчдийн нэгдлийн талаар та мэдээж сонссон байх. Тэд одоогоор нийслэлд 10, цаашилбал энэ ондоо багтааж 30 сүлжээ дэлгүүр байгуулахаар төлөвлөөд байгаа билээ.
"ЖДҮ корпораци” -ийн асарт тавтай морил
"Аса” циркийн өмнөх талбайд "ЖДҮ корпораци” хэмээх логотой асар буй. Энд чихэр амттан, монгол үндэсний тоглоом бүхий хүүхдийн бэлэгнээс эхлээд уран тансаг алчуур ороолт, үндэсний хувцас, жинхэнэ арьс ширэн цүнх тэргүүтнүүд бүгд бий. Орсон гарсан бүхэн "Ийм сонирхолтой сайхан зүйлсийг монголчууд өөрсдөө хийж байгаа юм байна шүү” гэж гайхаж байна лээ.
Тэд худалдаагаа илүү сонирхолтой болгохын тулд Эх үрсийн баярыг угтуулан Хүүхдийн бэлэг, түүний дараагийн долоо хоногт үндэсний үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүн, дараагийн долоо хоногт гоо сайхны бүтээгдэхүүн гэх мэт онцолсон худалдааг зохион байгуулах юм байна.
Харамсалтай нь одоогоор хүн бүр үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдээ тэр бүр мэддэггүй, урьдын адил эсгий таавчиг, үндэсний дээл, хувцас тэргүүтнээр төсөөлөөд байх шиг. Тэнд ус ундаа, чихэр амттанаас эхлээд арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас гутал, цүнх, малгай, цаашилбал дэлхийн хаана ч баймгүй халгайн нунтаг, хар манжин гэх мэт эко бүтээгдэхүүнүүд байна лээ. Ороод гарсан хүмүүс ийм худалдаа гарсан гэдгийг мэдээгүй, олон байвал тун сайхан юм ч гэлцэж байсан.
"ЖДҮ корпораци”-ийн зүгээс УИД-ын дэлгүүрийн өмнөх талбай, Драмын театр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гээд олон газар энэ үзэсгэлэн худалдаагаа сонирхуулахаар бэлтгэлээ базаасан ч зөвшөөрөл нь олдохгүй байгаа аж. Мэдээж үндэсний жижиг үйлдвэрлэгчдийн хувьд бараа бүтээгдэхүүнээ борлуулна гэдэг том даваа. Үйлдвэр бүр лангуу түрээсэлж чадахгүй, том дэлгүүрүүдэд бараа борлуулах гэдэг ч хувь өндөр, эргэлт удаан. Гэтэл зуны дэлгэр цагт зөвхөн тусгай асар байгуулаад ажиллуулах гэсэн ч зөвшөөрөл олдохгүй байна, Хотын дарга аа.
Тэд мөнгө, зээл гуйгаагүй. Газрын зөвшөөрөл, дэлгүүр шаардаагүй. Ердөө л зуны хугацаанд үзэсгэлэн худалдаа явуулах боломжийг нь олгоход болохгүй зүйл үгүй мэт. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж байдгаараа амласан хотын захиргааныхан яагаад жинхэнэ үндэсний жижиг үйлдвэрлэгчдэдээ зөвшөөрөл олгохгүй байгааг ч ойлгох аргагүй.
Магадгүй хотын дарга аа, та, үндэсний жижиг үйлдвэрлэгчид худалдаа хийх зөвшөөрөл олдохгүй байгааг мэдээгүй ч байж болно. Асуудлыг газар дээр нь шийднэ гэж тунхагласан улаан автобустайгаа "ЖДҮ корпораци”-ийн цагаан асраар нэг зочлоорой. Тэнд очоод та жижиг үйлдвэрлэгчид юу хийж бүтээж байгаа болон ямар дэмжлэг хэрэгтэй байгааг мэдэх болно. Тэдэнд багахан дэмжлэг, зөвхөн зөвшөөрөл л шаардлагатай байна шүү, анхаараарай.