| |
Ш.Батхүүгээс хураасан хөрөнгийн 80 тэрбумыг Б.Хурц хямгадсан гэнэ үү
Гэхдээ Б.Хурц "ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн зөвшөөрөлгүйгээр ямар ч мэдүүлэг өгөхгүй” гэж мэдүүлжээ. Уг нь түүнийг эрүүдэн шүүсэн, С.Зоригийн хэргийг гэмгүй иргэдэд тулгасан гэх асуудлаар шалгагдаж байна гэж таамаглаж байсан боловч эх сурвалжийн мэдээлснээр түүнийг "Стандарт” банк буюу Ш.Батхүүгийн хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа бололтой юм.
Хуулийн байгууллагаас "Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалж, Өмнөд Африкын "Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэргээр "Жаст”-ын Ш.Батхүүг яллагдагчаар татан шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа. Тухайн үедээ "Жаст”-ын Ш.Батхүүгийн 190 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн байдаг. Гэвч Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ш.Батхүүгийн "Стандарт” банкинд тавьсан өрийг татвар төлөгчдийн мөнгөөр дарсан юм.
Мөн Засгийн газраас "Стандарт” банкинд төлсөн 40 сая ам.долларыг Ш.Батхүүгээр төлүүлж, хохирлыг барагдуулна гэж мэдэгдэж байгаа. Гэвч Ш.Батхүүгийн битүүмжлэгдсэн хөрөнгөнд нэр бүхий этгээдүүд гар дүрсэн болохыг эх сурвалжууд мэдээлж байна. Тухайлбал, Ш.Батхүүгээс хурааж авсан 190 тэрбум төгрөгийн 80 орчим тэрбум төгрөгийг Б.Хурц болон түүний хамаарал бүхий хүмүүс ашигласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Энэ бол эх сурвалжийн өгсөн мэдээлэлд үндэслэсэн хардлага юм. Шүүх гэм буруутанг эцсийн байдлаар тогтооно.
undesten.mn