![]() |
Гуравдугаар овоолгын нөхөн сэргээлт Монголын уул уурхайд жишиг тогтооно
Талбайн усалгааг 40 тоннын багтаамжтай усжуулалтын белазын тусламжтайгаар дөрөвдүгээр сараас эхлэн 10-р сарын сүүлч хүртэл цаг агаарын байдлаас хамааран тогтмол хийнэ. Моддын арчилгаа, нөхөн тарилтыг цаг тухайд нь явуулахаас эхлээд экологийн мэргэжилтнүүдийн ажил мундахгүй их. Мөн биологийн нөхөн сэргээлтийн үр дүнд овоолгын хүрээлэн буй орчинд бий болсон экосистем, амьтан, ургамлын бүлгэм хэрхэн өөрчлөгдөх явцыг урт хугацааны туршид ажиглаж, үнэлэлт хийдэг. Одоогоор энд дөрвөн зүйлийн 39000 мод, байгалийн 72 зүйлийн ургамал ургаж байна. Мөн 36 зүйл шавьж, 19 зүйл шувуу, гурван төрлийн хөхтөн амьтан бүртгэгджээ. Эндээс уул уурхайн ашиглалтын дараа байгалийн унаган төрх бүрэн сэргэж буй сайхан дүр зургийг харж сэтгэлээ амрааж болно.
"Эрдэнэт үйлдвэр” сонгосон газраа тэгшлэх, үржил шимтэй хөрсөөр хучих зэргээр техникийн нөхөн сэргээлтийг өөрсдийн машин техник, хүн хүчээр хийдэг. Түүнээс гадна биологийн нөхөн сэргээлтийн талаар цаашид баримтлах бодлого, үйл ажиллагааг тодорхойлох зорилгоор хөрс, ургамал, амьтны мониторингийн судалгааг Технологийн сургууль болон Природа ХХК-ийн мэргэжилтнүүдээс бүрдсэн зөвлөх багтай хамтран гүйцэтгэсэн юм. Ил уурхайн хоосон чулуулгийн зөвхөн 3-р овоолго дээр хийсэн нөхөн сэргээлтийн мэдээлэл ийм байна.
Үүний зэрэгцээ уурхайчид "Ногоон-төгөл”-д 25 төрлийн 12000 мод, үйлдвэрийн бүсэд нийт 127 мянган мод тарьж ургуулсан. Түүнээс гадна "Сэлэнгэ” амралтын баазынхан байгалийн унаган төрхийг хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, байгалийн нөөц баялгийг хамгаалах тал дээр тун санаачилгатай ажилладаг. Найман жилийн өмнө "Хустайн нуруу”-наас бугын 10 или анх авчирч нутагшуулсан нь одоо хэдэн арваар тоологдохоор өсч үржсээр байна. Мөн тарвага, гөрөөс нутагшуулан, галуу, цацагт хяруул зэрэг шувуу тэжээн өсгөж байгаа нь амрагчдын нүдийг хужирладаг. Цаашид зэрлэг гахай, бор гөрөөс, аргаль, янгир, баданга хүдэр сэргээн нутагшуулах бэлтгэл хангаж буй талаар Сэлэнгэ амралтын баазын Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны инженер Г.Бас-Эрдэнэ ярьсан юм.
"Эрдэнэт үйлдвэр” уурхайн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах, байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллийг бууруулах, тэтгэн сайжруулах зорилго хөтөлбөрөө ийнхүү "онц” хэрэгжүүлж, Монголын уул уурхайд жишиг тогтоож байна.
М.ОДГЭРЭЛ
