| |
Өмчийн бүх сургуулийг нэгдүгээр ангид шалгалт авч, уралдуулан элсүүлэхийг хориглов
Нэг жилийн дотор дөрөв дэх сайдын нүүрээ үзсэн Боловсрол соёл шинжлэх ухааны яам хөдөлгөөнд орж эхэллээ. Ё.Баатарбилэг сайдын тамгаа авсан өдрөөсөө эхлэн цөм хөтөлбөрийг шинэчилж, багш нарын ажлын ачааллыг багасгах талаар ам гараад авсан. Тэгвэл дээрх ажлууд эхнээсээ хэрэгжиж эхлэв.
Тодруулбал, бага ангийн сурагчдын дунд уралдаан тэмцээн, олимпиад зохион байгуулахыг хориглосон бол 2018-2019 оны хичээлийн жилд өмчийн хэлбэрээс үл хамааран ерөнхий боловсролын сургуулийн төгсөх IX, XII ангийн сурагч болон багш нарыг БСШУСЯ-наас баталсан олон улсын болон дотоодын тэмцээн, олимпиадаас бусад ажилд оролцуулахгүй байхыг тушаал гарган шийдвэрлэсэн. Харин авьяас чадварыг нээн хөгжүүлэх, ахмад үе, уламжлалаа хүндэтгэх, байгаль орчноо хамгаалах, харилцааны соёлд суралцах, бие бялдрыг нь хөгжүүлэх чиглэлээр ганцаарчилсан бус багийн уралдаан, тэмцээн зохион байгуулж болох юм. Мөн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн багш нарын илүү цагийн мөнгийг бүтнээр нь олгохоор болсон нь багш нарынхаа нийгмийн асуудлыг ийнхүү шуурхай эцэслэн шийдвэрлэв.
Үүгээр зогсохгүй олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байсан асуудлыг шийдвэрлэжээ. Тухайлбал, урлагийн сургуулиас бусад өмчийн бүх сургуулийг нэгдүгээр ангид шалгалт авч элсүүлэхийг хоригложээ.
Хоёрдугаарт, өмчийн бүх сургуульд 6 нас хүрээгүй бол нэгдүгээр ангид элсүүлэхийг хориглосон шийдвэрийг гаргав.
Цаашид их дээд сургуулийнхаас өндөр төлбөртэй ерөнхий боловсролын сургуулиудын төлбөр, мөн чанаргүй их дээд сургуулийг тоог бууруулахад анхаарч тодорхой шийдвэр гаргахаар ажиллаж эхэлжээ.
Эх Сурвалж: Dorgio.mn