| |
Хакүхо: Зодог тайлах болоогүй байна
Мэргэжлийн сүмогийн дээд зиндааны хаврын барилдаанд түрүүлсэн Хакүхо Даваажаргал баруун гартаа бэртэл авсан талаар "Japan times” сонинд мэдээллээ. Осака хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр их аварга М.Даваажаргал "Хэцүү байсан ч эзэн хааны цом, үзэгчдээ хүндэтгэж өвдөлтеө тэвчсэн. Эмч бэлтгэл, сургуулилт хийхийг хориглосон. Гэхдээ би зодог тайлах бодолгүй байна” хэмээжээ. "Монголын хүчтэн, их аварга Хакүхо Хэйсэйгийн он тооллын сүүлийн башёд өвдөг шороодолгүй 15 давж түрүүлсэн. Улмаар дээд зиндаанд барилдсанаас хойших 42 дахь түрүүгээ авсан юм. Эдүгээ 34 настай Хакүхо сүмогийн арга мэх, техник ур чадвараараа үргэлж онцгойрдог. Түүний амжилтын нууц нь сэтгэлийн тэнхээ, хөлс урсгасан бэлтгэл. Өсөн дэвжиж буй залуу сүмочид бэртэл авсан Хакүхо аваргаас илүү их ухаан шаардах боллоо. Тэрбээр өнгөрсөн башёд тактикийн барилдаан хийж түрүүлсэн. Магадгүй тактикаа улам боловсронгуй болгон барилдвал ээлжит тэмцээнүүдэд түрүүлж болох юм” гэж эх сурвалжид бичжээ.