| |
Хойд эцэгтээ зодуулсан дөрвөн настай хүү ухаан оржээ
Дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол нь зодсон хэрэг энэ сарын 11-нд Баянгол дүүрэгт гарсан. Хүүгийн ээж энэ харгислалын талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гарган хүүхдийн 108 утсанд дуудлага мэдээлэл өгсөн байдаг.
Улмаар хүү гурван ч удаа хагалгаанд орсон ухаангүй хэвээр байгаа гэх мэдээллийг албаныхан өгч байв. Тэгвэл одоо биеийн байдал нь хэр байгаа талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатараас тодруулахад "Хүү одоо нүдээ нээж, нэрээр нь дуудахад анзаардаг болсон. Биеийн байдал нь тогтвортой болсон гэж хэлэхэд эрт байна. Бидний зүгээс хүүгийн ар гэрийнхэнтэй ойр ажиллаж туслалцаа үзүүлж байгаа. Хүүгийн тухайд хагалгааны дараах эрсдэлийг даваад гарах нь чухал байна” гэсэн мэдээллийг өглөө.
Хүний санаанд багтамгүй үйлдэл гаргаж, дөрөвхөн настай бяцхан хүүг гурван удаа хагалгаанд ортол нь зодсон Т нь эрхэлсэн тодорхой ажилтай, 27 настай нэгэн байжээ.
Тэрбээр дөрвөн настай хүүгээ эхийг нь хөдөө явсан хойгуур орондоо шээлээ гэх шалтгаанаар модон хусуураар хэвтэрт ортол нь зодсон хэргээр цагдаагийн байгууллагад гурав хоног цагдан хоригдож байгаад батлан даалтад гарган шалгаж байгаа юм байна.
Х.Соёл