| |
ЖДҮ эрхлэгч нэрийн дор татвараас чөлөөлөгдсөн байжээ
Авлигатай тэмцэх газар сар тутмын 25-ны өдрийн хэвлэлийн хурлаа өнөөдөр хийлээ. Уг хурлаар 2019 оны 3 дугаар сард хийсэн ажлын талаар товч мэдээлэл өгөв.
Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нар оролцов.
Экспорт, импортын гэрчилгээ олгох үйлчилгээг журамлахаар ажиллаж байна
ЖДҮ эрхлэгч нэрийн дор томоохон аж ахуйн нэгжүүд гаалийн албан татвараас чөлөөлөгдсөн байна
Жижиг, дунд үйлдвэрийн ангилалд хамаарахгүй зарим томоохон аж ахуйн нэгжийн импортолсон тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, хөнгөлөлт үзүүлж байжээ. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Гаалийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын нэгжтэй хамтран ажиллаж байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүрт өгөх болно.
Он гарсаар төрийн 2499 албан тушаалтан "Авлигын эсрэг сургалт”-д хамрагдаад байна
Авлигын эсрэг сургалт нь нийтийн албан тушаалтнуудад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн холбогдох зүйл заалтуудыг таниулан сурталчлахаас гадна авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах зан үйлд сургаж байгаагаараа ач холбогдолтой юм.
Хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг 4 дүгээр сарын 05-ны өдрөөс нийтэд мэдээлнэ
Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг ирэх 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны хооронд Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулж, олон нийтэд нээлттэй мэдээлэхээр бэлтгэл ажлыг хийж байна. Өмнөх жилийн адилаар улсын хэмжээний нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг хуваарийн дагуу цахим хуудсанд байршуулах болно.