|
Видео

Шинэ мэдээ

БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлал: Монголчууд визгүй зорчих уу

БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлал: Монголчууд визгүй зорчих уу

 


Өнөөдөр  БНСУ-ын Ерөнхий сайд  Ли Наг Ёны Монгол Улсад хийх айлчлал эхэлнэ. Төрийн дээд түвшний энэ айлчлал 25-27-ны өдрүүдэд үргэлжлэх юм. БНСУ-ын Засгийн газрын тэргүүн манай улсад дөрвөн жилийн дараа айлчилж байгаа нь энэ юм.

Монголчуудын хувьд энэ  хүн хүсэмжит зочин нь байж мэднэ. Учир нь  олон монголчууд Өмнөд Солонгост очиж ажиллаж амьдрах мөрөөдөлтэй, харин виз гэж саад тээг бий. Манай дарга нар ч энэ визний асуудлыг хөнгөлнө, визгүй болгох асуудлыг ярилцаж байгаа гэхчлэн хөөрхий муусайн монголчуудаа олон жил чулуу хөөлгөлөө. Яахав ярилцдаг нь үнэн ч үр дүнд хүрсэн нь үгүй.  

Одоо  Ли Наг Ён Ерөнхий сайдын Монголд хийж буй айлчлалаас  иргэд мөн л визгүй Солонгос гэсэн хүлээлттэй байгаа байх. Маргах аргагүй үнэн гэвэл энэ.

Монголчуудын хамгийн идэвхтэй, хамаарал бүхий харилцаатай гурав дахь хөрш гэвэл үнэндээ БНСУ  мөн. Инчоны нисэх буудал дээр хөл тавьж, Сөөжүү хэмээх сархадыг нь хүртэж үзээгүй монгол хүн цөөхөн байх. Олон айл өрхийн амьжиргааг Монголын төрөөс илүүтэй өөд нь татаж, монголчуудын ядуурлыг хамгийн их хөнгөвчилсөн  улс гэвэл Өмнөд Солонгос.  Тийм болохоор л Визгүй Солонгосын тухай мөрөөдлийг тээж явдаг хүн олон байж таарна.

Өмнөд Солонгос 50 сая хүн амтай , эдийн засгийн өндөр хөгжилтэй орон. Монголчууд тэнд бүгдээрээ очоод суурьшчихад мэдэгдэж мэдрэгдээд байхааргүй шахам. Сайндаа  100-300 мянган монголчууд л ирж очин ажиллана шүү дээ, тийм болхоор виз гэж цааргалаад байх хэрэггүй гэж ярьдаг хүн олон. Бодоход  нэг талаас  тийм ч юм шиг. Хэрэв визгүй болчихвол тэнд монголчууд богино хугацаагаар ажиллаж амьдраад эх орондоо ирж очоод байх боломжтой, энэ хэрээр ч  эдийн засгийн эргэлтэд  идэвхи бий болно.

Визний нөхцлийг  хөнгөвчлөх, визгүй болгох талаар  хоёр орны удирдлагуудын хооронд олон жил яригдаж байгаа  "халуун сэдэв”.

Анх Ерөнхий  сайд нарын хэмжээнд яригдсан нь  2011 оны гуравдугаар сар. Тэр үеийн Ерөнхий сайд С.Батболд БНСУ-д айлчлах үеэрээ  "Визийн нөхцөлийг илүү таатай болгох, Солонгост визгүй зорчих боломжийн талаар судалж ажил хэрэг болгохоор шат шатанд яриа хэлэлцээ хийж байгаа” хэмээн мэдэгдэж байв.

Үүнээс хойш 2016 оны сүүлчээр тухайн үеийн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил  мөн БНСУ-д ажлын айлчлал хийх үеэр  хоёр улсын иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх асуудлыг дэс дараатай шийдвэрлэх, хүмүүнлэгийн шугамаар зорчих болон оюутан, бизнес эрхлэгчдэд виз олгох нөхцлийг хөнгөвчлөх санал тавьсан байдаг.

Хамгийн сүүлд  буюу 2018 оны эхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчлах үеэр хоёр орны визний асуудлыг хөндсөн. Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, "Хоёр улсын Ерөнхий сайд нар визний асуудлаар ярилцсаж, хоёр улсын иргэд хоорондоо визгүй зорчих асуудлаар ярилцсан. БНСУ руу зорчих олон удаагийн визийг хөнгөлөх тухай яригдаж байгаа. Цаашдаа визгүй зорчдог болгохоор нэлээд нухацтай ярилцсан” гэж байв.

Энэ хүрээнд хамгийн эхэнд олон удаагийн визний  асуудал яригдсан гэдгийг онцолж байсан юм.

Харин одоо БНСУ-ын Ерөнхий сайд Монголд албан ёсны айлчлал хийхээр ирж байна. Энэ айлчлалын хүрээнд ямар ямар асуудлал яригдах вэ гэдгийг товчлон хүргэе.

Айлчлалын үеэр БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нарт тус, тус бараалхана.

Талууд айлчлалын үеэр Монгол Улс, БНСУ-ын харилцааг улс төр, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, зам тээвэр, эрчим хүч, байгаль орчин, соёл, боловсрол зэрэг өргөн хүрээтэй салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Айлчлалын хоёр дахь том зорилт гэвэл БНСУ-аас олгох  500 сая ам долларын зээлтэй холбоотой асуудал байгаа.  Тухайлбал, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд олгох  хөнгөлөлттэй зээл олгохоор Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр талууд тохирсон.  Энэ асуудлыг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлуудтай танилцах юм. Дээрхи 500 сая долларын зарим хэсгийг 15000-17000 айлын "Солонго” хорооллын байгуулалтад зарцуулна. Мөн айлчлалын үеэр талууд хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэхэд түлхэц болох Эдийн засгийн түншлэлийн (ЕPA) хэлэлцээр байгуулах талаар ярилцана.

Иргэдийн хувьд хамгийн хүлээлттэй байгаа  визний нөхцлийг хөнгөвчлөх асуудал энэ айлчлалын үеэр яригдана. Ингэхдээ  эхний ээлжинд олон удаагийн виз олголтыг өргөжүүлэх  ажлын хэрэгжилтийг  хэрхэн хангаж байгаа талаар ярилцана гэсэн мэдээлэл байна.

 Г.Хантулга


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler