| |
Оюутолгойд ажиллахаар ирсэн Энэтхэг инженер улаанбурханаар өвчилсөн нь тогтоогджээ
Эрүүл Мэндийн Яамнаас Улаанбурхан өвчин гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд, Улаанбурхан өвчин 2018 оны сүүлийн хагасаас маш олон оронд тархалттай байгаа. Тархалт гарах эрсдэлтэй байсан учраас бид урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохион байгуулж, тайван байсан ч өчигдөр Энэтхэг улсаас манай улсад ажиллаж байгаа иргэн улаанбурхан өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон. Энэ нь цаашдаа улаанбурханы тархалт нэмэгдэх өндөр магадлалтай болж байна гэдгийг Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл онцоллоо.
Харин ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгой компанийн уурхайд ажилладаг гадаад инженер халуурч, биеэр нь тууралт гараад эмнэлэгт хандсан. Ингээд шуурхай шинжилгээ авахад улаанбурхан өвчин мөн болох нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдож, өнөөдөр өглөө ХӨСҮТ-ийн ажилтнууд Оюутолгой руу ниссэн. Өвчтөн болон ойрын хүрээнд байсан 12 хүнийг тусгаарлаж, гадагш нь гаргахгүйгээр тэнд нь эмчлэхээр ажиллаж байна. Халдвар тарахаас сэргийлэх чиглэлээр бүхий л ажлыг зохион байгуулна. Шаардлагатай бүх эмнэлгийн хэрэгсэл, вакциныг авч явсан. Улаанбурханы дэгдэлт 2016 онд гарснаас хойш анх удаа лабораторийн шинжилгээгээр баталгаажсан нь энэ болж байна" гэсэн мэдээллийг өглөө.
Дамшрамд, Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний дэгдэлт дэлхийн 50 гаруй улс оронд үүний дотор манай хөрш ОХУ, БНХАУ-д гарч байгаа нь зөөвөрлөгдөн ирэх эрсдлийг үүсгэж байна. Мөн Азийн бүсийн Энэтхэг, Тайланд, Бангладеш, Номхон далайн баруун бүсийн Филиппин, Малайз, БНХАУ, Европын бүсэд Украин, Гүрж, Серб, Итали, ОХУ-д дэгдэлт гарч байгаа учраас анхаарах зайлшгүй шаардлагатай байгаа юм байна.
Т.Гэрэл