![]() |
Видео
Шинэ мэдээ
Ц.Амгаланбаярыг халчихаж чадахгүй бол дахиж "Хариуцлага, шударга ёс" яриад хэрэггүй биз дээ, У.Хүрэлсүхээ
Уг хэргийн талаар ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаатар, дэд дарга Д.Дамдинцэрэн нар өчигдөр мэдээлэл хийж, "Тухайн үед камер хянаж байсан ажилтан эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан хяналтаа сулруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон. Ерөнхий газрын даргын зөвлөлөөр уг асуудлыг хэлэлцээд 461-р ангийн дарга, харуул хамгаалалт хариуцсан дарга, ээлжинд гарч байсан ажилтанг үүрэгт ажлаас нь халах арга хэмжээ авсан. Мөн 461-р ангийн даргыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр согтуу байсан гэсэн мэдээлэл худлаа бөгөөд тэр үед дарга нь прокурортой хамт байсан юм. Хэрэгтэй холбоотой бусад мэдээллийг өгөх боломжгүй." хэмээсэн юм.
Өөрөөр хэлбэл бүхэл бүтэн эрдэнэт хүний амь нас ШШГЕГ-ын харьяа хорих ангид үрэгдчихээд байхад ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр гэгч нь хариуцлага хүлээх нь бүү хэл гуравхан ажилтнаа халсан болоод уучлалт ч гуйлгүй өнгөрөх нь л дээ.
Ийм байж таарахгүй ээ.
ШШГЕГ-ын эрхэм зорилго нь: "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эрхэм зорилго нь шүүхийн шийдвэрийг нэг мөр гүйцэтгэж, цагдан хорих, баривчлах болон хорих ял эдлүүлэх үйл ажиллагааг олон улсын жишгийн түвшинд хуулийн хүрээнд зохион байгуулах, эд хөрөнгийн холбогдолтой шийдвэр бүрийн биелэлтийг хангах, үйлчлүүлэгч, хэрэглэгчид шуурхай үйлчлэхэд оршино." гэж байдаг аж.
Гэтэл
хүний амь нас хохирсон явдал гарчихаад байхад нэр бүхий ажилтан жаахан алдаа гаргачихаж гэсэн тайлбар өгөх нь үнэхээрийн хариуцлаггүй хэрэг.
Учир нь хариуцлагатай ажиллах стандартыг бий болгох, мөрдүүлэх нь л ШШГЕГ-ын дарга, генерал Ц.Амгаланбаяр гэгчийн хариуцсан үүрэгт ажил нь юм.
Иймээс уг хэрэгтэй холбоотойгоор нэн даруй албан тушаалаас нь зайлуулж, хариуцлага тооцох ёстой албан тушаалтан бол ШШГЕГ-ын дарга, бригадын генерал, доктор Ц.Амгаланбаяр гарцаагүй мөн.
Нөгөөтэйгүүр Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн хамгийн их ярьдаг сэдэв бол сахилга, хариуцлагыг дээшлүүлэх.
Энэ яриа нь үнэхээр У.Хүрэлсүхийн бодит эрмэлзэл үү? хий хоосон шоу, уран илтгэл үү? гэдгийн нэг шалгуур нь энэ явдал ч болж мэдэх юм.
Өөрөөр хэлбэл хорих ангийн стандарт, аюулгүй хэвийн ажиллагааг удирдлагаар хангах үүрэгт ажлаа хийж чадалгүй, бүхэл бүтэн хүний аминд хүрэх хэмжээний эрсдэлт байдал бий болгосон ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаярыг халчихаж чадахгүй бол дахиж "Хариуцлага, шударга ёс" яриад хэрэггүй биз дээ, Ерөнхий Сайд У.Хүрэлсүхээ.
sonin.mn
