| |
Хувь тэнцүүлсэн тэтгэврийг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барилаа
Хуулийн төсөлд хувь тэнцүүлсэн буюу бага тэтгэвэр авч байгаа эхчүүдийн тэтгэврийн хэмжээг бүрэн тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх зохицуулалтыг тусгажээ.
1991 оны Тэтгэврийн хуулиар тэтгэвэрт гарах насанд хүрээгүй ч 4-өөс дээш хүүхэдтэй эхчүүд, улсад 27-гоос дээш жил ажилласан эмэгтэйчүүд, улсад 32-оос дээш жил ажилласан, 55 насанд хүрсэн эрэгтэйчүүд тэтгэвэрт гарсан билээ.
Улмаар дараа нь гарсан бусад хууль тогтоомжоор нөхөн олговор, хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах болсон ч тэтгэврийн хэмжээ нь харьцангуй бага тогтоогдсоор ирсэн юм. Тухайлбал, 1997 оны хоёрдугаар сараас өмнө хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдийн 87.5 хувь нь 2018 оны улсын дундаж тэтгэврээс бага тэтгэвэр авч байна.
Тиймээс эдгээр эхчүүдийн тэтгэврийг дор хаяж бүрэн тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ.
Ингэснээр өдгөө амьд сэрүүн байгаа 21.3 мянган иргэний тэтгэвэр 50,000-70,000 төгрөгөөр нэмэгдэх юм байна.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс