|
Видео

Шинэ мэдээ

Түгжрэлийг шийдэх эцсийн зогсоол бол нийтийн тээвэр

Араас учиргүй сигналдах нь "урагшаа бушуухан шахаад өгөөч" гэсэн дохио. Түгжирч ядаж байхад гэсэн уцаар тэр хавиас ханхийнэ. Харамсалтай нь тэгж яарлаа гээд дараагийн уулзварт хүрээд хаашдаа оочирлохоос хойш утгагүй юм. Яагаад? Уулзваруудын нэвтрүүлэх чадвар гэж яаж ч болдоггүй нэг юм байна. Манай голлох уулзварууд цагт дунджаар 6000 машин нэвтрүүлэх хүчин чадалтай. Минутад 100 машин гэсэн үг. Үүнд баригдаж нийт замын хөдөлгөөний хурд хязгаарлагдана (тиймээс ч 2012-2016 онуудад "Гудамж" төслөөр нэлээд хэдэн уулзварыг өргөтгөн шинэчилсэн нь зохих үр дүнгээ өгсөн).

 

Манайх шиг түгжрэлтэй бөгөөд зүүнээс баруун тийш сунасан хэвтээ урт тэнхлэгийг дагаж бүх амьдрал нь буцалдаг хотод хөдөлгөөнийг нийтээр нь удаашрууллаа гэж бодоход нийт зорчих хурд нэг их буурахгүй болов уу. Харин ч бензин зарцуулалт багасч, аюулгүй байдал дээшилнэ гэх мэт сайн талтай. Зам өргөн бол түгжрэл бага байна гэж хүмүүс ойлгоод байдаг нь өрөөсгөл юм. Өргөн замаар сэнгэнэтэл давхилаа ч, "Уулзвар гуай” нэг гэрлэн дохиогоор 6 машин гаргадаг бол тэр хэдийгээ л гаргана.

За тэгвэл хоорондоо огтолцдоггүй уулзвар буюу гүүрэн гарцуудыг нэмэгдүүлснээр асуудлыг шийдэх биш үү? Харамсалтай нь үр дүн тийм ч сайн биш. Хотын төвийн томоохон уулзварууд дээр гүүрэн гарц барилаа гэхэд захын хаялга уулзварууд дээр түгжирч байгаа цагт зовлон маань арилахгүй. Тууш замын дундах уулзварууд дээр зогсохгүй гараад явлаа ч жишээ нь Зүүн 4 зам ч юмуу, Баруун 4 зам шиг уулзвар дээр очоод бөөндөө хүлээцгээнэ. Тиймээс одоо ид баригдаж байгаа Замын цагдаагийн хажуугийн гүүрэн гарцад нэг их найдалтгүй юм. Тайландын нийслэл Бангкок хот төвдөө томоохон гүүрэн гарцууд барьсан боловч түгжрэл улам нэмэгдсэн гэдэг. Ер нь зам, гүүр мэтийг өргөтгөж сайжруулах тусам машин нэмэгдэж, түгжрэл хэвээр байдаг зүй тогтлыг дэлхийн хотууд туршлагаараа мэдсэн байна. Дээр нь гүүрэн гарц хотын өнгө үзэмжийг муухай болгодог, явган хүнд ээлгүй, хүнд зориулаагүй машинд зориулсан хот болгодог гээд сөрөг үнэлгээ нь давамгайлах болжээ.

Түгжрэлийг шийдэх эцсийн зогсоол бол ердөө л нийтийн тээвэр бололтой. Өнөөдөр манай хотод 1000 орчим автобус үйлчилгээнд гарч байна. Энэ 1000 автобус нийт зорчигч хөдөлгөөний 50 хувийг өөр дээрээ үүрч байна. Нийслэл хотод өдөрт 400 мянга орчим автомашин замын хөдөлгөөнд оролцдог гэдэг статистик тооноос харахад ганцхан автобус цаанаа 300 орчим автомашины хөдөлгөөнийг хааж байгаа юм (ачааны болон тусгай зориулалтын машинуудыг бүдүүн тоймоор хасч тооцоход). Гэтэл өнөөдөр манай хотын автобусны тал орчим нь нь ашиглалтын нас өнгөрчихсөн, парк шинэчлэл хийх шаардлагатай, утаа угаар гаргасан, битүүмж муутай хүйтэн, бохир заваан, жолооч нар нь ааштай, явалт нь огцом бөгөөд гэмтэж бэртэх эрсдэлтэй. Карт цэнэглэх газар нь олдохгүй. 5 хүний 2 нь бэлэн мөнгө жолоочид атгуулж, ил хулгайг тэтгэсэн, автобус компаниуд нийслэлийн төсвөөс бэлэн татаас авдаг учир санаачлага байхгүй, түүнд нь жил бүр 90 орчим тэрбум төгрөг татаасанд өгч, нийслэлчүүдийн нуруун дээр томоохон ачаа болдог. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд асуудлууд шийдэгдсэнгүй, улам л овоорлоо.

 

Энэ зургийг хараарай. Гудамж дүүрэн түгжрэл үүсгэх хөнгөн тэрэгтэй хүмүүсийг нэг автобусанд багтаахад ямар орон зай үүсч байна?
 
 
М.Тулгат:https://www.facebook.com/Tulgatm/posts/2036852013079486

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler