| |
Эрсдэлтэй, итгэхэд бэрх орчноо “Эрлэгийн элч”-тэй адилтгах уу, иргэний дайнтай зүйрлэх үү
Сая цагаан сараар орон нутгийн авто замд 10 гаруй хүн ослын улмаас нас барсан харамсалтай мэдээг улс даяараа шогшроод л өнгөрөв. Жолооч нар анхаарал болгоомжгүй, хурд хэтрүүлснээс гэсэн бурууг тэдэнд тохдог, энэ ч үнэний хувьтай. Гэхдээ нөгөө талаасаа замын аюулгүй байдлын түвшин хэр байгааг бас эндээс харж болно. Манай дарга нарын өргөнөөс нь хумсалж, хүний дарга нарын зузаанаас нь хугасласан авто зам иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг хэр хангаж чадаж байгаад эргэлзэх шалтгаан бий.
Түргэн хоолны газарт хамтаараа хооллосон хүмүүс хордлогод орсон тухай мэдээлэл өчигдөр түглээ. Зарим эх сурвалжид дурдснаар 50 орчим хүн хордсон бололтой. Бидний амьдарч буй орчин маань ийм итгэхэд бэрх, эрсдэлтэй байгаагийн илэрхийлэл.
Монгол Улсын Үндсэн хуулинд иргэд аюулгүй орчинд ажиллаж амьдрах эхртэй гэсэн заалт бий. Иргэдийнхээ аюулгүй ажиллаж амьдрах орчинг бүрдүүлэх бий болгох нь төрийн үүрэг гэдгийг сануулах хэрэгтэй байх. Гэтэл дэлхийн дунджаас долоо дахин их хүн Монгол Улсад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл хангагдаагүйгээс амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна гэсэн тоо баримт байна. Энэ аюулын харанга биш үү.
Кино үзээд гарч явсан оюутан залуугийн дээрээс барилгын төмөр унаж амь насыг нь хохироосон, Ландкрузер-200 авто машин "тэнгэр”-ийн төмрөнд оногдож жолооч нь хорвоог орхиж байв. Бороотой өдөр ажлаа тараад харьж явсан төрийн албан хаагч устай траншейнд унаж, хөл бөмбөг тоглож байсан жаал хүү, унадаг дугуйгаараа зугаалж явсан бяцхан охин аюултай орчныхоо золиос болж амь насаа алдсан. Харин энэ бүхний төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй. Их удаж сургуулийн захирал нь л ажлаасаа халагдсан байх. Тухайн нутаг дэвсгэр дээрээ аюулгүй орчныг бүрдүүлэх, хяналт тавих үүрэгтэй хороо, дүүргийн Засаг дарга нар харин нүдэн балай чих нь дүлий өнгөрсөн. Манайд хариуцлагын тогтолцоо ийм алаг цоог, дарга нарын толгойг илэх маягаар тооцогддог. Уг нь зуд ирвэл ухна хуцандаа гэх үг байдаг биш билүү.
Байсхийж байгаад сэтгэл сэрхийлгэж, хүний амь нас эрсдэж байдаг талбар бол барилгын салбар. Үүнийг олон нийт "нулимастай бүтээн байгуулалт” хэмээн нэрлэж байсан удаа бий. Мэргэжлийн хяналтын байгууллагын судалгаанаас харахад нийт барилгын 86 хувь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байдаг ажээ. Хоёр жилийн өмнө барилгын дулаалга хийж байсан 4 залуу нэг дор амиа алдаж байсан харамсалтай тохиол бий. Энэ салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлын хэм хэмжээ сахьдаггүйгээс жил бүр 10 гаруй хүний амь нас хохирдог. 2017 оны нэг судалгаагаар "сүүлийн гурван жилд барилгын салбарт 101 удаагийн осол гарч үүний улмаас 67 хүн нас барж, 40 хүн хүн хүнд, хөнгөн гэмтжээ” хэмээн дурджээ.
Налайхын уурхай гэж хэтрүүлж хэлбэл "Эрлэгийн эзэн” бий. Энд сар бүр нэг хүн газрын гүнд амь насаа алддаг гэсэн судалгаа байна. Түүнчлэн жилд 1000 орчим хүн үйлдвэрлэлийн ослоор энддэг байна. Тогтмол хэмжигдэхүүн гэдэг шиг үйлдвэрлэлийн ослоор нас барагчдын тоо олон жилийн турш 900-1000 гэсэн тоонд "тогтвортой” хэлбэлзэж байгаа нь ажлын байран дээрхи аюулгүй ажиллагаанд ахиц дэвшил гарахгүй байгааг илтгэж байна. Үйлдвэрлэлийн ослоос гадна монголчуудад зуны цагт үер усны, өвлийн улиралд осгож бээрэх гэж цаг бусын хоёр аюул бас байна.
Өнгөрсөн 2018 оны 12 дугаар сарын дундуур ҮАБЗ болон Цагдаагийн Ерөнхий Газар хамтран "Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Энэ үеэр дурдагдсан нэг ноцтой тоо баримт гэвэл гаднын шалтгаант нас баралтаар жилд 15-17 мянган хүн амиа алддаг тухай мэдээлэл байв.
Дээрхи хэлэлцүүлгийн үеэр дурдагдснаар бол зам тээврийн осол, хөдөлмөрийн аюулгүй байдлын осол, золгүй байдлаар амь насаа алдах, архи, согтууруулах ундаанд хордох, амиа хорлох, хүчирхийлэл, бусдад хорлогдох, бусад осол гэмтэл, химийн бодисын хордлого, өвчлөл ба гаднын шалтгаант нас баралтаар Монгол Улсад өдөрт дунджаар 40-45, жилд дунджаар 15-17 мянган хүн амиа алдаж байгаа гэсэн дүн гарчээ. Мөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо баримтаас харахад жилдээ 250-300 хүн бусдын гарт амь үрэгдэж, 300-400 хүн зам тээврийн ослоор нас барж, 2,000 гаруй хүн золгүй байдлаар амиа алдаж, 600-700 хүн амиа хорлож байна гэсэн статистик тоо байна. Статистик тооноос харахад золгүй байдлаар амиа алдаж байгаа хүний тоо өндөр байна. Үүнд үйлдвэрлэлийн осол, бичил уурхайнуудын зэрэг нөхцөл байдал нөлөөлдөг. Манай улсын уул уурхайн салбарт 2009-2013 оны хооронд гэхэд 278 удаагийн осол аваар гарсны улмаас 330 хүн нас барсан тухай мэдээ байна.
Хэдэн жилийн өмнө Монголд гадны нөлөөгөөр цаг бусаар эндэж байгаа хүний тоог Сирийн иргэний дайнд амь үрэгдсэн хүний тоотой жишиж байсан удаа бий.
Дөнгөн данган 3,2 сая хүн амтай улсад жилд дунджаар 17 мянган хүн цаг бусаар гадны шалтгаантайгаар амь насаа алдаж байгаа нь үнэхээр хэтийдсэн харамсал гэхээс яах билээ. Ялануяа үүнд багагүй жин дарж байгаа хөдөлмөрийн аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ослыг хязгаарлах бууруулах боломж бий. Манай хяналтын байгууллагынхан хэрэг явдлын дандаа араас нь буюу ниргэсэн хойно нь хашгирдаг болохоор хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад ахиц дэвшил гарахгүй байгаа юм.
М.Нэргүй