| |
Ц.Элбэгдорж:Өөрийнхөө зуурсан бантанг надад үүрүүлэх гэсэн тийм арга байж магадгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Швейцарийн Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад урилгаар оролцож байна.
Тэрбээр "Давос”-ын чуулга уулзалтын эргэн тойронд болж буй үйл явдлын талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан хуваалцжээ.
Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын Улсын ерөнхий прокурорын газрын удирдлагуудтай уулзах үеэр хэлсэн үгний талаар "Надтай холбоотой Тавантолгойн асуудал яригдаж байна гэсэн. Би мэдээж Давосын ажлаа дуусгаад очно.Тавантолгой, төмөр замтай холбоотой асуудалд надад холбоотой зүйл байхгүй. Ер нь өөрийнхөө зуурсан бантанг магадгүй надад үүрүүлэх гэсэн тийм арга байж магадгүй. Тавантолгойд илэрхийлсэн миний санал бодлууд, шүүмжлэлд эмзэглэж явдаг улсууд байдаг байх л даа. Өөрсдийнхөө бурууг хүнд тохох гэсэн арга явж байгаа.
Ер нь Монгол авлигын эсрэг их идэвхтэй тэмцдэг орон байсан шүү дээ. Нэг үе дэлхийн орнуудаас 120-д жагсаж байснаа авлигын эсрэг эрчимтэй, шүүхийн шинэчлэл хийж ажиллаад 70 руу оруулсан амжилтад хүрч байсан. Энэ сэдэв Монголын барьж авах ёстой сэдэв. Авлигыг иргэд, ялангуяа залуучууд их ярьж байгааг маш их дэмжиж байна. Тэр тэмцэл цаашаа үргэлжлэх ёстой гэдэг дээр би санал нэг байгаа юм. Авлигын эсрэг тэмцэх нь зөв, тэмцэгч нь хэзээ ч нэр сайтай байдаггүй” хэмээн ярьжээ.
Ерөнхийлөгч Х. Баттулгын Улсын ерөнхий прокурорын газрын удирдлагуудтай уулзах үеэр хэлсэн үг
Эдийн засгийн асар их боломж, өгөөжтэй ийм компанийг хууль зөрчин ард түмний өмчлөлөөс гаргаад гадныханд 100 жилээр үнэгүй өгөх гэрээ байгуулах үйл ажиллагааг төрийн өндөр албан тушаалтнууд зохион байгуулсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон Цахиагийн Элбэгдорж гэдэг хүн энэ үйл ажиллагааг зохион байгуулсан. Ерөнхий сайд байсан М.Энхсайханаар гардан энэ үйл ажиллагааг зохион байгуулсан нь бүгд баримт, нотолгоотойгоо байгаа. Би тодорхой эзэнтэй ярьж байна.
Энэ бол 60 тэрбумын нэгэн адил албан тушаалын гэмт хэрэг мөнөөс мөн. Үүнийг яагаад одоо болтол шалгадаггүй юм бэ гэж асуумаар байна. Гэмт хэргийн үр дагавар тодорхой.
Энэ ордыг 1960-1990 он хүртэл Тавантолгойн ордын нөөцийг төрийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг тогтоож, цогцоор ашиглах ТЭЗҮ-ийг баталж, орон нутгийн чанартай уурхай ажиллаж эхэлсэн байсан. Гэтэл хувийн компани уг ордод хайгуул хийж, нөөц тогтоосон гэж худал мэдүүлээд гадныхантай нийлж, хууль бусаар хувьчилж авах гэж оролдсон хэрэг удаа дараа гарсан шүү. Төрийн өмчөөр хайгуул хийгдэж нөөц тогтоогдсон төрийн өмчийн ордыг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр хэн нэгэнд өгч хэрхэвч болохгүй гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх. Үндсэн хуулиа хэрэгжүүлж, газрын баялгийг жинхэнэ эзэд болсон иргэд үр шимийг нь хүртэх ёстой.
Энэ ордыг 2015 онд 100 жилээр авах гэж дайрсан. Дараа нь 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Ж.Эрдэнэбат гэж Ерөнхий сайд тохоон томилогдсон. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Ерөнхий сайдын ямар ч шалгуургүй хүн гэнэт Ерөнхий сайд болсон. Олон хүн дургүйцсэн” гэж ярьсан.
Ингээд Ж.Эрдэнэбат 2016 оны арваннэгдүгээр сарын 16-нд Тавантолгойг зүтгүүлсэн. 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Ажлын хэсгийн ахлагч Дашдоржид даалгасан байсан. Монгол Улсын иргэдэд үр өгөөжөө өгөх ёстой ордыг 100 жилээр авах оролдлого дахиад хийгдсэн байна.
Үүнийг танд /Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд/ өгч байна. ЖДҮХС-г сайдын шийдвэрээр захиран зарцуулах эрхийг 2016 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр, 2016 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Тавантолгойн орд газрыг ашиглах ажлыг хэсэг байгуулаад дахиад 100 жилээр нь авах гэж зүтгүүлсэн.
Тиймээс би ЖДҮХС буюу Тавантолгойг батлуулах "кноп” болон 178 хуудас бүхий Тавантолгойн ордыг ашиглах гэрээ, 142 хуудас бүхий 2015 оны долдугаар сарын 2-ны өдөр УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар байгуулагдаж байсан Тавантолгойн гэрээг шалгах Ажлын хэсгийн дүгнэлтийг өгч байна.