| |
Байнгын хороо: Шанхайд консулын газар нээн ажиллуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ
Төрийн ордонд өнөөдөр хоёр байнгын хороо хуралдах хуваарьтай байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар гэмт этгээдийг шилжүүлэх тухай гэрээг соёрхон батлах болон Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар байгуулах тухай асуудлуудыг хэлэлцэнэ.
Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо 14.00 цагаас хуралдаж хоёр хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг хийх хуваарьтай байна.
Ингээд байнгын хороодоор хэлэлцэх асуудлын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас "Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Гадаад харилцааны яамаар төлөөлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Мянганы Сорилтын Корпорациар төлөөлүүлэн Амеркийн Нэгдсэн Улсын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/
2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас "Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь нарын 3 гишүүн 2018.06.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.