| |
Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд шалгалт хийж байна
Булган, Төв, Орхон аймгийн зарим суманд гахайн африкийн мялзан өвчин гарсан болох нь тогтоогдон хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. Нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Онцгой комисс хуралдаж, импортын гахайн мах, өөхөнд хорио тогтоосон бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжаар уг өвчин тархах эрсдлээс урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авах үүргийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.
Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн баталсан удирдамжийн дагуу өнөөдрөөс эхлэн нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 24 ажлын хэсэг ажиллаж, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийх юм.
Ажлын хэсэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Цагдаагийн газар, Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар ажиллаж байна.
Гахайн мялзан өвчин нь хавьтлын замаар халдварладаг, өндөр халуурал, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэст үрэвсэлээр илэрдэг гоц халдварт өвчин юм. Бүх насны гахай мэдрэмтгий, ялангуяа өсвөр насны гахай өвчилсөн тохиолдолд толгой дараалан үхэх эрсдэлтэй. Гэхдээ хүнд халдварладаггүй, хүн халдварыг тээгч болдгоороо онцлог юм байна.
Иймд бусад аймаг, сум, дүүрэг, хорооноос мал, амьтан оруулж ирэхгүй байх, гарал үүсэл нь тодорхойгүй гахайн махыг хүнсэндээ хэрэглэхгүй байх, гахайн мах, түүний эд эрхтэнийг хүнсэнд хэрэглэхдээ бүрэн гүйцэд боловсруулж хэрэглэхийг АНХААРУУЛЖ байна.