| |
Шинэ жилийн бэлэг
Гурван настай бяцхан охин Ханако шинэ жилийн гацуур модны доор өөрийн хүслээ шингээсэн жижигхэн бэлэг бэлдэж тавилаа. Их гоё алтан цаасаар бүрж, гял цал болсон саатай туузаар хичээнгүйлэн боосон бяцхан хайрцаг гацуур модны нүд гялбам чимэглэл дотроос яагаад ч юм нүдэнд шууд тусна.
Ханако охины нүүр инээмсэглэлээр дүүрэн, сэтгэл зүрх нь баяр хөөрөөр бялхан байлаа. Арга ч үгүй биз маргааш чинь шинэ жилийн баяр шүү дээ...
Хаалганы хонх жингэнэн дуугарч охины аав ажлаас тарж ирэв. Сато сан ажилдаа ихэд ядарсан шинжтэй уур уцаартай харагдана.
Алтан цаасаар бүрсэн жижигхэн бэлгийг хараад аав нь ууртай нь аргагүй "...Ийм үнэтэй цаас хаанаас авав, мөнгөгүй байж ямар ч хэрэггүй зүйл хийгээд..." гэж охиноо зэмлэв.
Үнэндээ ядуу зүдүүгийн эрээн бараан амьдрал туулан байгаа энэ айлын байдал Ханако охины ээж нь тэнгэрийн оронд одсоноос хойш бүүр ч их дорджээ.
Буруу зүйл хийсэн юм шиг охин тэрүүхэндээ гэмшингүй гулчигнаад өрөө рүүгээ орлоо. Шинэ жилийн бэлгээ аавдаа өгөх юмсан, хурдан өглөө болоосой хэмээн дахин дахин бодсоор охин унтлаа.
Хагас нээсэн шёүжиний /цаас нааж хийдэг цонх/ завсраар өглөөний агаар сэнгэнэн орж ирнэ. Далайн усан зогсоолын орчмоос өглөөний 7 цагийн хонх дүн дан хэмээн дуугарлаа. Охин орноосоо үсрэн босч ёолкны мод руугаа хар хурдаараа гүйн очив.
Өчигдөр орой охиноо зэмлэсэндээ дотроо ихэд гэмшсэн Сато санд охин өнөөх гоёмсог хайрцгаа сарвайн байдгаараа инээмсэглэж "Ааваа таны бэлэг..." гэлээ.
Дотор нь юу ч байсангүй. Аав дахиад л уурлаж "Хүн хуурч наадаж тоглохоо боль, охин минь. Бэлгэн дотор ямар нэгэн юм байхгүй бол бэлэг биш. Заавал хүнд юм хийж өгч бай" гэхэд нүдэнд нь нулимс цийлэгнэсэн бяцхан охин "Ааваа, та харахгүй бас мэдрэхгүй байгаа юм уу. Ааваа энэ хайрцаг хоосон бишээ. Энэ дотор дүүрэн миний үнсэлт байгаа. Миний төлөө хичээж байгаа аав тандаа үнсэлт бэлэглэх гэсэн юм" гэв.
Сэтгэл нь шимширсэн аав өөрийн эрхгүй бяцхан охиноо тэврэн авч өөрийгөө зүхэн уйллаа.
Охины нь бэлэглэсэн үнсэлт дүүрэн энэ хайрцаг "хөл нугарсан" хүндхэн өдрүүдэд хүч чадал хайрлаж, аз жаргал баяр хөөр бялхсан цаг мөч бүрт бахархал болон одоо ч хадгалагдаж байдаг юм.
Тиймээ, дэлгүүрийн лангуун дээрх өндөр үнэтэй шинэ жилийн бэлэгнүүдээс охиных нь аавыгаа хайрлаж сэтгэлээ шингээсэн үнсэлт хамгийн үнэтэй бэлэг юм даа.
Сато сан нас дээр гарсан ч энэ алтан, гоёмсог жижигхэн хайрцгийг үргэлж биедээ авч явдаг. Хичээл зүтгэл дүүрэн он жилүүд харвасан сум шиг өнгөрөхөд охин нь их сургуулиа дүүргэж, мөр бүтэн нэр дүүрэн амьдралын гараагаа эхэлсэн билээ.
Одоо Ханако охин нь Окинавад өөрийн нэртэй дэлгүүрээ нээж амжилттай яваа. "Хорвоо дээр охиноо бодож амьдарч, охиноосоо ийм насан туршийн гайхалтай бэлэг авсан би азтай хүн шүү" гэж тэр дандаа бахархан боддог.
Орчуулсан Н.Базарсүрэн, Токио
zaluu.com