| |
Хорин жилийн өмнө үйлдсэн хэргийн буруутанг хурууны хээ нь илчиллээ
Одоогоос 20 жилийн өмнө гарсан хүн амины хэргийг илрүүлж, шүүхээр шийдвэрлэжээ. 1998 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо 21 дүгээр байрны 56 тоотод иргэн Б нь бусдад 49 удаа хутгалагдан, нас барсан хэрэг гарсан. Дээрхи хэрэгт 1998 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч гэмт хэрэг үйлдсэн эзэн холбогдогч тогтоогдоогүй үндэслэлээр хэргийг түдгэлзүүлсэн байна.
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ням-Очир мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн эрүүгийн хэргүүдийг Цагдаагийн хэлтсүүдээс татаж хянахдаа дээрх хэргийн ажиллагааг сэргээж, "тухайн үед хэргийн газраас бэхжүүлэн авсан гарын мөрөнд дахин дүгнэлт гаргуулах” тухай даалгавар бичиж хүргүүлсэн байна. Даалгаврын дагуу дүгнэлт гаргуулахад 1 ширхэг мөр нь А.Н гэгчийн баруун гарын эрхийн хурууны дардастай тохирсон тул хяналтын прокурор Н.Ням-Очир хэргийн газраас бэхжүүлэгдсэн зарим эд мөрийн баримтуудаар харьцуулсан дүгнэлт гаргуулах тухай даалгавар бичиж, дүгнэлт гаргуулжээ. Дүгнэлтээр дээрхи гэмт хэргийг урьд 6 удаагийн ял шийтгэлтэй А.Н үйлдсэн байх боломжтой нөхцөл байдал тогтоогдсон тул 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.
Мөрдөн байцаалтын ажиллагааг Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хамтарсан ажлын хэсэг явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэмт хэргийг А.Н үйлдсэн болох нь тогтоогдож, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ням-Очир 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд А.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 19 жил 11 сар 13 хоног хорих ялыг хаалттай дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. А.Н- нь дээрх хүн амины хэргийг үйлдсэнээс хойш 4 удаа гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлж байсан болох нь тогтоогджээ. Ийнхүү олон жил илрээгүй байсан онц хүнд хэргийг прокурор хяналтаараа илрүүлж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
undesten.mn