| |
Оросын байлдааны хөлөг онгоц Украйны хөлөг онгоцуудыг эзлэв
Өчигдөр Хар тэнгисийг Азовын тэнгистэй холбодог Керчийн хоолойд зорчиж явсан Украйны байлдааны хоёр, нэг чирэгч хөлөг онгоцыг хил зөрчсөн гэх үндэслэлээр ОХУ-ын байлдааны хөлөг онгоцнууд гал нээж хүчээр зогсоосон байна. Гал нээсний улмаас Украйны усан цэргүүд шархадсан гэх мэдээлэл ирж байна.
Энэхүү үйл явдал гарсантай холбогдуулан Украйны ерөнхийлөгч Пётр Порошенко, улс орондоо "дайны бэлэн байдал” зарлахаар болж "энэ бол Оросын цэргийн түрэмгийлэл” хэмээн мэдэгдлээ. Киевын нотолж байгаагаар, байлдааны хуягласан 2 хөлөг онгоц чирэгч онгоцны хамт Одесс хотоос Керчийн хоолойгоор дамжин Мариуполь хот руу явж байсан, энэ талаараа оросуудад урьдчилан мэдээлсэн гэж байгаа ч Москва Украйнчуудыг хил зөрчсөн гэж үзэж байгаа аж.
Украины тэнгисийн цэргийн хүчний шуурхай мэдээгээр, "Бердянск”, "Никополь” гэх их бууны 2 хуягласан хөлөг онгоц дайсны галд өртөж, явах боломжгүй болсон, "Яны-Капу” гэх чирэгч онгоц бас явах боломжгүй болсноор Оросын тусгай хүчин хөлөг онгоцнуудыг саатуулжээ. Тэгвэл Оросын Холбооны аюулгүй байдлын албанаас, "хил зөрчсөн Украйны хөлөг онгоцнуудыг зогсоохын тулд зэвсэг хэрэглэсэн, үүний дүнд Украйны тэнгисийн цэргийн хүчний 3 хөлөг онгоцыг ОХУ-ын усан хилд саатуулсан, Украйны шархадсан 3 цэрэгт эмнэлгийн тусламж үзүүлсэн, тэдний амь насанд аюул байхгүй” гэж мэдэгдэв.
Европын холбооны зүгээс ОХУ-ын гүүрний доогуур хоёр улсын усан онгоц аль аль нь чөлөөтэй зорчих эрхтэйг сануулан, үүсээд байгаа нөхцөл байдалд талуудыг тайван, энхийн замаар шийдэхийг уриалсан юм. НАТО-ын хэвлэлийн төлөөлөгч Оана Лунжеску, "НАТО Украин улсын бүрэн эрхт байдал болон газар нутгийн халдашгүй дархан байдлыг дэмждэг, тиймээс ч Азовын тэнгис дэх боомт руу чөлөөтэй зорчих эрхтэй” гэжээ.
Киев, Москвагийн хооронд 2003 онд байгуулсан гэрээгээр, хоёр орон Керчийн хоолой болон Азовын тэнгисийг хамтран эзэмшихээр болсон ч саяхнаас Орос улс Украйны боомтод орж байгаа, боомтоос гарч байгаа бүх хөлөг онгоцнуудад үзлэг хийх болжээ. Украйны ерөнхийлөгч Порошенко өнөөдөр парламентын ээлжит бус хуралдаан зарлаж, улс оронд 60 хоног дайны байдал зарлахыг санал болголоо. Порошенко энэ талаар хэлэхдээ: "дайны байдал тогтооно гэдэг бол нэн яаралтай цэрэг татлага явуулж, Украйны зэвсэгт хүчин цэргийн ажиллагаа явуулна гэсэн үг биш” гэлээ. Харин Орос улс энэ хэрэг явдалтай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулах хүсэлт тавьж өчигдөр хуралдсан байна.