![]() |
Бүлэг хулгайг Д.Хаянхярваа удирдаж байсан юм биш үү?
Жижиг дунд үйлдвэрлэл (ЖДҮ)-ийг хөгжүүлэх сангаас тэрбум тэрбумаар нь хулгайлсан хулгай бол Монголд гарсан хамгийн том хулгай. Зуу зуун аж ахуйн нэгж авах зээлийг нэг л "хулгайч” авчихсан байгаа. Магадгүй, дэлхийн улс орнуудад ч ийм хулгай тэгтлээ олон гараагүй болов уу. Хулгайч гэлээ гэж зарим нь эмзэглэж магадгүй. Яагаад Монголд байтугай дэлхийд гараагүй том хулгай гээд байгаа юм гэж та лав л сонирхоно. Мөнгөн дүнгээрээ бол Оюутолгойн гэрээнүүд, Эрдэнэтийн 49, 51 хувийн хулгай, АСЕМ-ын бараг дээрэм гэмээр зүйлүүдийн дэргэд бол бага л даа. Гол нь оролцсон хүрээ, зохион байгуулалттай маш нууц аргаараа Монголд л лав урьд хожид гараагүй том хулгай. Баригдвал аргалах гэж зориуд хууль хяналтынхныг оролцуулсан байгаа. Улсын Их хурлын олонхийн бүлгийн дарга асан Д.Хаянхярваа гишүүдтэйгээ, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар, Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор.... гэхчлэн "хулгайчийг бариарай” гэж хашгираад байдаг хүмүүс бараг бүгдээрээ холбогдчихож. Тэгэхээр асар том хулгай байгаа биз?! Энэ чинь, Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангид багтаж байгаа хулгай юм. Хуульчид яриад байгаа учраас би зүйл ангиудыг авсангүй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд сонинд өгсөн ярилцлагадаа зүйл анги, ялуудыг нь тодорхой хэлсэн байгаа.
Би бол энэ хүнийг Б.Батзоригоос өмнө бөхийж, уучлал гуйгаад, бүрэн эрхээ түдгэлзүүлэн шалгуулах ёстой хүн гэж бодож байгаа. Ер нь энэ бүх хулгайг олонхийн бүлгийн дарга маань зохион байгуулчихсан юм биш шүү?! Д.Хаянхярваа нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагуудад хэд хэдэн удаа бичиг явуулж, утсаар ярьж, ийм ийм компаниудыг дэмжээрэй гэсэн байгаа. Түүнд нь зээл хөөцөлдөөд бүтэлгүй хад мөргөж яваа жижиг дунд үйлдвэрлэгчид бараг ороогүй, өнөөх л тэрбумтнуудын аж ахуйн нэгжүүд орж байгаа юм. Ингэхээр УИХ-ын гишүүд, сайд дарга нарт нууцаар зээл олгох асуудлыг чинь, парламент дахь МАН-ын олонхийн бүлэг, тухайлбал энэ бүлгийг удирдаж байсан Д.Хаянхярваа удирдаад байсан юм биш үү?! Д.Хаянхярваагаас Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд удаа дараа өгсөн нууц бичгийг би хайж яамны дэд сайд хүртэл яваад бүрэн эхээр нь олж чадсангүй. Тэр бичиг, утсаар ярьсан бичлэгүүд л бүх үнэнийг хэлж өгөх ёстой юм л даа. Хуулийн байгууллага хураагаад авчихсан гэнэ. Д.Хаянхярваа даргын ажил үүргэнд мөнгө зээлийн талаар хөөцөлдөж байх эрх үүрэг байдаг юм уу! Б.Батзориг гэж хүн дур мэдээд л гарын үсэг зураад байж уу, дээрээсээ дарамт шахалтад, зохион байгуулалттай бүлэглэлд үйлчлээд байж уу гэдгийг хэлж өгөх нууц бичгүүд, бичлэгийг яаралтай олон түмэнд ил тод болгомоор байна. Олон түмэн бол Д.Хаянхярвааг л хардаад байгаа. Тэр ерөөсөө л үл бүтэх хүн гэж. Дархан Уул аймгийн Хонгорын хордлогын гол буруутан гэгдэж байснаа уснаас хуурай гарч, санд мэнд хотод орж ирээд саарал ордонд шигдчихсэн гэх юм билээ. Одоо хүртэл үргэлжилж байгаа Хонгорын хордлогыг, олон улсын шүүхэд шилжүүлж шалгуулах саналтай хүмүүс ч байдаг юм. Яагаад гэвэл, газар нутаг, хүн малыг үй олноор нь хордуулсан тохиолдолд олон улсын шүүх авч хэлэлцэх заалт байдаг юм билээ.
Өлгийчүүдийн төлөөлөл Г.Солтан гэж хүний тухай дуугаралгүй өнгөрч болохгүй байна. Шаазангийн инженер энэ хүнийг Монголын парламентад суудалтай хүн гэдгийг мэдэхгүй явжээ. Гэнэт зүс нь танигдаж, дуу хоолой сонсогдох нь ээ "хулгайч” хүн гараад ирдэг байгаа. Би Баян-Өлгий аймгаас олон танилтай, МУИС-ийн нэг ангийн найз нөхөд минь хүртэл байдаг юм. Өнөө жил тэд нөхөд маань байнга утасдаж, чихийг минь мөн ч их халууцууллаа даа. АН-ын Д.Муратын бөөр бөгсний хэрэг яаж шившгээ хутгав?! Тэд чинь ийм бузар булай явдлыг их цээрлэдэг ард түмэн шүү дээ. Тэгтэл итгэл хүлээлгээд сонгочихсон УИХ-ын гишүүн нь шалдан нүцгэн давхиж, хийсэн хэргээсээ буцаж бултан, эрх сүрээрээ гэмгүй сэтгүүлчийг хүртэл дарамталж ямар муухай загнав. Нутгийнхан нь үзэж чадахгүй байна билээ. Тэгтэл үргэлжлээд Г.Солтан гишүүний "хулгайн” хэрэг. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарлын "Монгол шаазан” ХК-д 950 сая төгрөгийн зээл авчихсан нь худлаа юм уу? Г.Солтан нь энэ үйлдвэрийн дарга, Ерөнхий захирал, ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан, одоо ойр дотных нь хүмүүс тэнд ажиллаж байдгийг мэдэхгүй хэн байгаа юм. Тэгэхэд л нүүрээ улалзуулаад худлаа юм яриад байхын хэрэг байгаа юм уу. Тэр сайхан хүндтэй ард түмний нэрийг Д.Мурат, Г.Солтан мэтийн хүмүүс л бузарлаж байна шүү дээ.
-Энэ том хулгайн чинь ард Монголын мафи байгаа. Юуны өмнө УИХ дахь 32-ын бүлэг, түүний гол төлөөлөгч Д.Хаянхярваа, цөөнхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Н. Баяртсайхан, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-осор... нарын зэрэг хүмүүстэй хариуцлага тооцож, энэ суудлаас нь зайлуулаагүй цагт шалгалт хуулийн дагуу явагдаж, улс нийгмийн хохирлыг арилгаж чадахгүй, гэм буруутнууд завшаад л өнгөрнө гэцгээж байна.
-Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гэж залууд олон түмэн гайгүй хүлээцтэй хандаж байна. Түүний, УИХ-ын чуулган дээр хэлсэн үгийг хулгайчдыг хамгаалсан бүлэглэлийнхэн хүчтэй эсэргүүцэж, арай л хөөж гаргаагүй. Үнэн үг хэлсэн хүнд ямар их өш хонзонтой хандана вэ. Энэ хулгайчдыг хамгаалаад, Монголын парламентад аваад үлдэж байгаа хүмүүсийг өөрсдийг нь шалгаад өгөөч, эрхэм прокурор оо! Та хуулийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг гарган олон том хэргүүдийг шалгах болсон байна. Үүн дээр С.Зоригийн хэргийг нэмж шалгаад хуулийн дагуу шийдчихвэл ард түмэн яасан их баярлах бол! Ерөнхийлөгч маань лав л Чингисийн одонгоо өгнө дөө. Та түүхэнд алтан үсгээр бичигдэж үлдэнэ. Магадгүй, Улсын прокурорын үүдэн дээр таны хүрэл хөшөө сүндэрлэхийг ч байг гэх газаргүй. Харин Ерөнхий прокурорын орлогч нарт хүмүүс сэтгэл алдарч дээ. Түрүү нэг нь С.Зоригийн хэргийг хууль бусаар шийдэж байгаа гэж зөндөө яригдсан. Одоо орлогч Б.Амгаланбаатарынх нь байгаа царайг! Ийм хүн удирдаж байгаа хүмүүстэйгээ "хамсаатнуудаа шалгаад, хуулийн дагуу ял онооно” гэхэд хэн итгэх юм. Энэ хүний тухай "Зээл аваагүй гэдгээ нотол, үгүй бол ажлаа өг!” гэсэн материал сонинд нийтлэгдсэн. Дуугүй л байна. Ер нь яаж дуугарах юм бэ! Өөрийн эзэмшлийн "Цаст согоот” ХХК-иар дамжуулан 2017 онд 500 сая, 2018 онд 800 сая, нийтдээ 1,3 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авчихсан "хулгайч”, бусад хулгайчдаа шалгана гэж байдаг юм уу?! Улсын прокурорт шургалсан ийм хүмүүсээ зайлуулах бяр чадал М.Энх-Амгаланд байгаа эсэхийг мэдэхгүй.
-Улсын их хурал, Засгийн газрынхнаас ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан хүмүүсийг нэрээр нь зарлахыг олон түмэн шаардаж байна. Хулгай хийгээгүй гишүүд нь хэлмэгдээд байгаа юм. "УИХ-ын 76 хулгайч”, "Олонхийн бүлгийн 32, 33-ын бүлэглэлийнхэн 25:25 гэсэн тэнцүү харьцаатай зээл авсан” гэхчлэн мэдээ материал хөвөрч байна. Хэн нь хулгайч, хэн нь хулгайч биш гэдгийг олон түмнээрээ мэдэж авъя л даа. Гэмгүй нэг нь хилсээр хохирч болохгүй. Тэр хүмүүсийг дараагийн сонгуульд дэмжих хэрэгтэй шүү дээ.
-Парламентын олонхийн бүлгээс, тухайлбал Д.Хаянхярваагийн гарын үсэгтэйгээр ХХААХҮ-ийн яамны удирдлагад өгсөн бичиг, ярианы бичлэгийг олон түмэнд ил болгоё. Энэ том хулгайн хэргийг тэндээс удирдаад байсан байж таарна гэх хүн олонтой тааралдаж байна.
-Түрүү түрүүчийн Засгийн газрууд тоолж барамгүй олон "Сан” байгуулсан. Одоо 27 нь үлдээд байгаа юм билээ. Тэр чинь ард түмнээ гэсэн сан биш, дээгүүрээ дэл сул зүйлийг хувааж авах гэсэн бодлого л байдаг байж. Их сайхан нэр өгөхийг нь яана гээ. У.Хүрэлсүх энэ сангуудыг шалгах үүрэг өгсөн байна билээ. Мэргэжлийн шударга хүмүүсээр сайн шалгуулаасай. Аягүй бол энэ сангуудаас идээд сурчихсан, олон сайд дарга нар тодорно доо. Энэ сангуудын шалгалтыг түргэвчилмээр байна.
-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас, мэдсээр байж тэрбум тэрбумаар нь зээл авчихсан компаниудын өнөөгийн удирдлагыг хууль хяналтын байгууллага шалгаж зээлийг буцаан төлүүлээд өнгөрөх биш, хариуцлага тооцох шаардлагатай гэж ард түмэн шаардаж байгаа юм.
Монголд шудрага үнэн гэж юм ялах л ёстой доо. Энэ мафийн гинж тасарч унах цагийг ард түмэн минь тун удахгүй харах байх аа.
Эх Сурвалж: Dardas.mn
О.Admin
