|
Видео

Шинэ мэдээ

ИОГ ХҮҮХДИЙГ ШИЛЖИЛТИЙН НАСНЫ СЭТГЭЛ ГУТРАЛААС ХАМГААЛНА

ИОГ ХҮҮХДИЙГ ШИЛЖИЛТИЙН НАСНЫ СЭТГЭЛ ГУТРАЛААС ХАМГААЛНА

 

Хувь хүний төлөвшил бага наснаас эхэлдэг. Тэгвэл хүүхдийн хүмүүжил, зан төлөвшилд онцгой тустай зүйлийн нэг нь иог юм.

Хүүхдийн иог нь амьсгал болон хөдөлгөөнд нь анхаарах замаар бие сэтгэл, оюун бодол, авьяас чадвараа илүү ихээр танин мэдэж өөртөө итгэлтэй, хариуцлагатай, эеэлдэг хувь хүн болон төлөвшихөд тусалдаг. Тэр ч бүү хэл хүүхдийг ямар нэгэн зүйлд хэт туйлширч хэтрүүлэлгүйгээр тэнцвэртэй хандах чадварт сургадаг аж.

Иог нь дэлхийн өнцөг булан бүрт өөр өөрийн онцлогтойгоор үүсч, хөгжин өнөөг хүртэл уламжлагдан иржээ. Хүмүүс үүнийг бие махбодио ухамсартайгаар хөдөлгөх замаар өөрийгөө танин мэдэх, хөгжүүлэх цаашлаад бие махбодь төдийгүй сэтгэлзүйн түвшинд эрүүл амьдрах зам гэж хардаг.

Бид амьдралын дадал хэвшилээ зөв болгож чадах аваас бие эрүүл, ухаан саруул, эрч хүчээр дүүрэн байх бүрэн боломжтой. Харин энэхүү дадал хэвшил нь бидэнд хүүхэд наснаас бий болдог. Тиймээс л бага наснаасаа иогоор хичээллэх нь олон талын ач холбогдолтой.

Тухайлбал, орчин үеийн өрсөлдөөн ихтэй нийгэмд хүн хамгийн шилдэг нь байж нэг нэгнээсээ дээгүүр гарахыг хичээдэг. Харин иог хүүхдэд хүн бүр ялгаатай бөгөөд тэдний хийж чадах зүйлс мөн өөр тул бусадтай муйхраар өрсөлдөх бус өөрийгөө танин мэдэж өөрийн давуу талыг хөгжүүлж дутагдалтай талаа бусадтай харьцуулахгүйгээр хүлээж авахыг зааж сургадаг. Ингэснээр тэднийг шилжилтийн насны сэтгэл гутрал болон өөрийгөө голох байдлаас сэргийлэх ач тустай аж.

Мөн хүүхдийн иогийн дасгалууд нь мод, чулуу гэх мэт байгалийн аливаа юмс үзэгдэл болон амьтны хэлбэр дүрстэй байрлал, дасгалыг хийлгэх замаар байгаль эх төдийгүй амьтай бүхнийг хүндэлж хайрлах сэтгэлийг бага наснаас нь суулгаж өгдөг байна. Ийнхүү багаасаа иогт суралцах нь хүүхэд бие бялдарын хувьд хөгжөөд зогсохгүй зөв зохистой амьдралын хэв маягт суралцаж, оюун бодлоо удирдаж төвлөрч сурдаг гэнэ.

иогийн багш М.Биндэрьяа хэлэхдээ "Техник технологи хөгжихийн хэрээр хүүхдэд сатаарах зүйлс олон болсон өнөө цагт иогийн дасгалуудыг хийх нь тэдний биеийн бүтэц үйл ажилгааг илүү мэдэрч улмаар өөр дээрээ, амьсгал дээрээ төвлөрч сурахад нь тусалдаг. Түүнчлэн оюун бодлоо тайвшруулах амьсгалын техникүүдийг сурсанаар хүүхэд өдөр тутмын амьдралын ямар ч үед илүү оновчтой хариу үйлдлүүдийг хийж сурна. Хүүхдийн иогийн дасгалуудыг ганцаарчилсан болон багаар хийдэг тул тэд маань бие даан ажиллах төдийгүй багаар ажиллах чадварыг давхар суралцах боломжтой. Тэдний сэтгэхүй угаас хязгааргүй уудам тааварлахад бэрх байдаг тул бага наснаас иог хийж хэвшснээр энэхүү чанараа улам бүр хөгжүүлж аливаад илүү нээлттэй бүтээлчээр хандах чадварт суралцдаг” гэв.

Дээрх бүгдийг цөөн үгээр багцлаад хэлэхэд, иогоор хичээллэснээр хүүхэд бие махбодийн хувьд хөгжиж уян хатан, эрч хүчтэй эрүүл болоод зогсохгүй сэтгэлзүйн хувьд өөртөө итгэлтэй, оюун санааны түвшинд анхаарал төвлөрөл сайтай аливаа асуудалд эерэгээр хариу үйлдэл үзүүлж чадахуйц сэтгэлийн хаттай болдог ажээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler