| |
Сайдаас чөлөөлөх саналаас урьтаж ёс зүйгээ ухамсарла, улстөрчид өө
Б.Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас чөлөөлөх саналыг Засгийн газар, УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын прокурорын ерөнхий газраас өчигдөр парламентад уламжлав. Үүний дагуу УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг албан тушаалаас нь чөлөөлөх саналыг хэлэлцэн дэмжлээ. Уг саналыг өнөөдөр 09.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, 11.00 цагт нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх нь. Улмаар олонхын бүлэг дахин хуралдаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцэх аж. УИХ-ын тухай хуульд зааснаар Улсын ерөнхий прокуророос гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал ирүүлсэн бол ажлын хоёр өдөр буюу 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Ийнхүү ирэх амралтын өдрүүдээс өмнө энэ удаагийн парламент гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай гурав дахь саналд хариу өгөх нь.
...Бүгд л буруугүй хэмээн мэлзсэн. Аваагүй, мэдээгүй гэж гүрийсэн. Зарим нь бүр уурласан. "Уучлал гуйхгүй” гэж загнасан. Сайдаас чөлөөлөгдөж, гишүүний бүрэн эрхээ түдгэлзүүлэхдээ тулаад буй Б.Батзориг сайд хүртэл анх "Надад тийм компани байхгүй. Манай эхнэрт ч тийм компани байхгүй” гэж байсан юм шүү. Эхнэр, хүүхэд нь хаана, юу хийж явааг мэдэхгүй аятай тайлбар хийж, "арьсаа хамгаалсан” нь олон...
Х.Болорчулуун, Г.Солтан, Н.Учрал, А.Сүхбат, Н.Оюундарь, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Б.Ундармаа нарын арав орчим гишүүн болон дэд сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга асан, ерөнхий аудитор зэрэг өндөр албан тушаалтнууд өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ эзэмшдэг компаниудаар дамжуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас тэрбум, тэрбум төгрөгийн зээл авсан гэдэг нь хоосон цуурхал биш, тодорхой баримттай. Тиймээс ч УИХ-ын нэр бүхий долоон гишүүнийг АТГ-аас гэрчээр дуудаад байна. Тэгээд ч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нэн хөнгөлөлттэй зээл авснаа богино хугацаанд эргэн төлөхөө мэдэгдсэн гишүүн нэг бус. Гишүүн Н.Учрал аавынхаа компанийн авсан 950 сая төгрөгийн зээлийг төлөхөө хамгийн түрүүнд мэдэгдсэн. Мөн гишүүн Н.Оюундарь хүүгийнхээ компанийн авсан зээлийг төлөхөө ч зарлаад буй. Харин тэд зээлээ төлсөн, эсэх нь тодорхойгүй. Зээлээ төлнө гэдгээ сүр дуулиантайгаар мэдэгдсэн манай улстөрчид үнэхээр төлчихсөн бол илүү анхаарал татахуйцаар зарлах байсан биз. Юутай ч одоогоор гишүүн Ж.Энхбаяр авсан зээлээ төлсөн гэнэ. Уучлал ч гуйв. Тэрбээр энэ тухай твиттер хуудсаараа дамжуулан "Миний нэр холбогдсон компани зээлээ төлж барагдуулсан” хэмээн өчигдөр мэдээлсэн юм. Өмнө нь Ж.Энхбаяр гишүүн "Миний тодорхой хувийг нь эзэмшдэг компани монгол үхрийн чанарыг сайжруулах зорилгоор Сэлэнгэ үүлдрийн үхрийн үржлийн аж ахуйг эрхэлдэг. Энэ төслийн 20-иод хувийн санхүүжилтийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан байдаг. Гэтэл энэ салбарт хичээж ажиллаж байгаа, хувьцааны тодорхой хувийг эзэмшсэнээрээ би хийж бүтээх хүсэлтэй залууст нэмэр бус, нэрмээс болох нь их юм даа” хэмээн тайлбарласан удаатай. Гэхдээ тэр үхрийн аж ахуй эрхэлдэг, тус компани зээл авахад эрх мэдэл, албан тушаалаараа дамжуулан дэмжлэг үзүүлээгүй гэв.
Түүний адил бүгд л буруугүй хэмээн мэлзсэн. Аваагүй, мэдээгүй гэж гүрийсэн. Зарим нь бүр уурласан. "Уучлал гуйхгүй” гэж загнасан. Сайдаас чөлөөлөгдөж, гишүүний бүрэн эрхээ түдгэлзүүлэхдээ тулаад буй Б.Батзориг сайд хүртэл анх "Надад тийм компани байхгүй. Манай эхнэрт ч тийм компани байхгүй” гэж байсан юм шүү. Эхнэр, хүүхэд нь хаана, юу хийж явааг мэдэхгүй аятай тайлбар хийж, "арьсаа хамгаалсан” нь олон. Х.Болорчулуун гишүүн бүр өөрийнх нь 100 хувийн эзэмшилтэй "Дорнод гурил” компанийнхан нууцаар шахам зээл авчихсан гэх маягийн тайлбар хийсэн нь өрөвдөлтэй. Өнөөдрийг хүртэл өөдтэй уучлал гуйж, сайн илчилсэн хүн алга, харамсалтай нь.
Хууль, хяналтын байгууллага шалгаад буруутай нь тогтоогдож, дараа дараагийн арга хэмжээг авахаас өмнө ёс зүйн хувьд алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, уучлалт ч болтугай гуйх ёстой юм, уг нь. УИХ-ын гишүүний албан бланк, даргын гарын үсэг хөлөө олж ядан яваа манай нийгэмд ямар хүчтэй, нөлөөтэйг тэд ч, бид ч мэдэж байгаа. Ганцхан жишээ дурдъя. УИХ-ын гишүүдэд ирдэг өргөдөл, саналын нэлээд хувийг их, дээд сургуульд суралцах, түүний төлбөрийг төлөхөд дэмжлэг үзүүлэхтэй холбоотой хүсэлт эзэлдэг. Гишүүнд хаягласан өргөдөл бүрийн дагуу холбогдох их, дээд сургууль болон сургалтын төрийн сан руу гишүүний нэр, гарын үсэг бүхий албан бичиг илгээдэг юм билээ. Тухайн оюутан, түүний эцэг, эх хүссэн сургууль, сургалтын зээл хариуцсан сан руу шууд хандсанаас тойргоос сонгогдсон гишүүндээ өргөдөл бичсэн нь илүү найдвартай гэдгийг мэдэж байгаа. Жирийн хүмүүс хандсанаас би албан маягтаараа цохоод явуулчихвал ажил хэрэг нь илүү бүтэх магадлалтайг ч мань гишүүд андахгүй. Тиймээс л ийм нэг гажиг тогтолцоо бүтээчихсэн. Төрийн байгууллагууд руу 76 гишүүнээс ийм өргөдөл хэдэн зуугаараа очиж байгаа. Эрхэм гишүүний хэргийг бүтээгээгүй албан хаагч, хурган дарга дараа нь түүний нүд рүү эгцэлж ч харж чадахгүй, гэм хийсэн аятай гилбэлзэхээс айдаг. Тэрбумаар яригдах зээлийн дэргэд оюутны сургалтын төлбөр даанч жижиг мэт харагдаж болох ч манай улстөрчид албан тушаал, эрх мэдлээ ашиг хонжоо болгодгийн энгийн жишээ нь энэ.
Ингэж болохгүйгээ ухаарах цаг улстөрчдийн хувьд хангалттай өнгөрсөн. Хийж болох, болохгүйг нь хязгаарласан хууль, дүрэм ч хангалттай бий. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмээс авхуулаад өөрийнх нь бизнестэй ямар нэг байдлаар холбоотой хууль хэлэлцэхэд хүртэл байр сууриа илэрхийлж, санал өгөхийг нь хязгаарласан хуулийн зохицуулалт байгаа шүү дээ. Хамаарал бүхий этгээд гэж чухам хэнийг нь хэлж байгааг холбогдох хуулиудад хамгийн ойлгомжтойгоор тайлбарлаад өгчихсөн. Гэхдээ УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудлаар манай дэд хороо хуралдах ёстой. Гэхдээ уг асуудлыг АТГ, нийслэлийн прокурор гээд хуулийн байгууллага шалгаж байгаа учраас давхар асуудал үүсгэх дүрэм байдаггүй. Эхлээд хууль хяналтын байгууллагын шалгалт дуусаг. Ингээд эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэхгүй байхаар тогтвол Ёс зүйн дэд хороо уг асуудлаар хуралдана. Гэхдээ Ёс зүйн дэд хороо өөрөө хурал зарладаггүй. Иргэн, эрх бүхий байгууллагын гомдлоор хуралддаг. Өөрөөр хэлбэл, гишүүдтэй холбоотой асуудлаар гомдол ирвэл Ёс зүйн дэд хороо хуралдана” гэх тайлбар хийсэн байна лээ. Сайдаас чөлөөлөх Засгийн газрын санал, гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх прокурорын хүсэлтээс урьтаж ёс зүйн хариуцлагаа ухамсарладаг улстөрчидтэй болох цаг хэзээ юм бол доо.