| |
Н.Баяртсайхан огцрох болзлоо хангалаа
МАН сонгуульд ялсныхаа дараа буюу 2016 оны долдугаар сарын 21-нд Эрхүүгийн Улс, ардын аж ахуйн дээд сургууль, Москвад Төрийн удирдлагын академи төгссөн Н.Баяртсайханыг УИХ-аар хэлэлцүүлээд Монголбанкны ерөнхийлөгчөөр томилж байлаа.
Н.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгч болдог өдөр нэг ам.долларын ханш 2 043.40 төгрөг байв. Тэгвэл үүнээс хоёр жил гурван сарын дараа буюу өчигдөр 2 564.90 төгрөг болсон байна.
Нэг ам.доллар 521.50 төгрөгөөр нэмэгджээ.
Бас түүнийг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдсон өдөр дизелийн түлш 1640, АИ-95 бензин 1730, АИ-76, 80 бензин 1450, АИ -92 бензин 1530 төгрөгийн үнэтэй байлаа. Тэгвэл өчигдөр дизелийн түлш 2220, АИ-95 бензин 2211, АИ-76, 80 бензин 1732, АИ -92 бензин 1874 төгрөгт хүрсэн байна.
Нэмэгдсэн зөрүү нь 288-580 төгрөг болж байна.
Ер нь бол ам.долларын өсөлтийг дагаад бензин шатахуунаас гадна талх, гурил, мах гээд өргөн хэрэглээний барааны үнэ огцом өсч байна. Өөрөөр хэлбэл, Монголбанкны барих ёстой ханшны өсөлт ард түмний халаасыг тэмтэрч байна.
Харин Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан уржигдар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр валютын ханшны талаар мэдээлэл хийхдээ "…Төгрөгийн ханш ийнхүү сулрахад эдийн засгийн дотоод болон гадаад хүчин зүйл нөлөөллөө. Би гадаад зах зээлийг ажиглаж байна” гээд хээвнэг сууж байна.
Тиймээс мөн өдөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэвлэлийн бага хурал зарлаж "…Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх буюу хариуцлага тооцох асуудлыг хөндөн тавьж байгаагаа мэдэгдэж байна”гэж сэтгүүлчдэд ярьсан юм.
Энэ зөв. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан огцрох ёстой. Тэр болзлоо хангачихсан.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин