|
Видео

Шинэ мэдээ

Худалдсан “бараа”-гаа буцааж авахад нь хуулийн мафийнхан оролцдог уу?

Худалдсан “бараа”-гаа буцааж авахад нь хуулийн мафийнхан оролцдог уу?

НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
 
Улс минь баян юм. Цагдаагийн нэг хурандаагийн "хадгалж” байсан 1.3 сая ам.доллараас улбаалаад арвин нөөц бүхий алт, мөнгөний ордын талаар бүгд мэддэг боллоо.
Тэр орд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байдаг. Салхитын мөнгө-алтны үндсэн орд юм.
Тус орд газрын уурхай 2013 онд АМГТГ-т нөөцөө танилцуулжээ. Салхит нэртэй хоёр лиценз бүхий уурхай нэг тонн алт, 1000 тонн мөнгөний нөөцтэй юм байна.
Харин өнөөдөр энэ орд улс дамнасан хүмүүс, аж ахуйн нэгжүүд, тэр ч бүү хэл Монгол Улсын хууль хяналтын байгууллагын ажилтнууд оролцсон "хэргийн эзэн” болоод байна.
Өөрөөр хэлбэл, Салхитын мөнгө-алтны үндсэн ордыг булаалдсан асуудал иргэний, захиргааны, эрүүгийн хэрэг болон шалгагдаж байна. Түүх нь ийм юм байна. Монгол Улсын иргэн 1976 онд төрсөн Шаравын Мөнгөншагай. Түүний дүү Ш.Булгантуулын нөхөр 1985 онд төрсөн Ганхуягийн Жаргалан гэдэг хоёр залуу 2010 оны арваннэгдүгээр сарын 12-нд "Жи Пи Эф” гэдэг компани байгуулжээ.
Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулсан "Жи Пи Эф” компанийг үүсгэн байгуулагч Ш.Мөнгөншагай тэр үед Баянгол дүүргийн III хороололд, Г.Жаргалан нь IV хороололд нийтийн орон сууцанд амьдарцгаадаг, 9922….41 гэсэн хос дугаар хэрэглэдэг хамаатнууд байв. Ингэхдээ Ш.Мөнгөншагай 60, Г.Жаргалан 40 хувийг нь эзэмшиж Г.Жаргалангаа компанийн гүйцэтгэх захирлаар томилсон байгаа юм. Тэр компани нь нэг ширээ, нэг скайнер, нэг компьютер, нэг принтер гэсэн хөрөнгөтэй, тэдгээр нь 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр үнэлэгдэж байжээ.
Гэсэн атлаа компани байгуулангуутаа ашигт малтмалын хайгуулын 7991Х, 12772Х, 12773Х лицензийг шилжүүлэн авчээ.  Үүнээс хоёр жилийн дараа буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 23-нд  БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Си Си Эм Икс” ХХК-д Ш.Мөнгөншагай 60 хувиа, Г.Жаргалан 40 хувиа Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ хийгээд шилжүүлчихсэн байна. Түүнийх нь дагуу 2012 оны долдугаар сарын 30-нд "Жи Пи Эф” компанийн ТУЗ хуралдаж 05 тоот шийдвэр гаргаж, Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан хоёрыг бүрэлдэхүүнээс хассан байна.
Тухайн үед "Жи Пи Эф” компани нь ямар нэг үйл ажиллагаа явуулж, улсад татвар төлж эхлээгүй байв. Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нар тухайн үед компаниа, ашигт малтмалын лицензүүдийн хамт 8.000.000 /найман сая/ юаниар худалджээ.
Харин Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нараас "Жи Пи Эф” компанийг нь худалдаж авсан  "Си Си Эм Икс” ХХК  ашигт малтмалын 7991Х, 12772Х, 12773Х лицензийг "ажилд оруулж” А буюу ашиглалтын лиценз болгон долоон тэрбум гаруй хөрөнгө оруулалт хийжээ. Энэ бол дээр хэлсэн Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байдаг Салхитын мөнгө-алтны үндсэн ордыг ашиглаж эхэлсэн гэсэн үг. Гуравхан жилийн дараа 2015 онд тэнд 40 гаруй үндсэн ажилтантай, 100 орчим ажилчинтай уурхай ажиллаж эхэлсэн байна. Үүний зэрэгцээ Салхитын ордоос санаанд багтамгүй ашигт малтмал ундрах нь тэр.  Гэтэл энэ ордын хайгуулын компанитайгаа хамт зарсан Ш.Мөнгөншагай 2015 оны долдугаар сарын 2-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд  "Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааны шилжилт хийсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар хандсан байна.
Тэрээр Захиргааны шүүхэд гаргасан өргөдөлдөө "…2015 оны тавдугаар сард Ш.Мөнгөншагай миний бие "Жи Пи Эф” ХХК-ийн эзэмшиж буй 60 хувийн хувьцааг 2012 оны долдугаар сард Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ байгуулан "Си Си Эм Икс” ХХК-д шилжүүлсэн болохыг мэдлээ. "Си Си Эм Икс” ХХК нь БНХАУ-ын иргэдийн өмчилдөг компани юм байна. Дээрх зөрчлийг арилгах үүднээс УБЕГ-ын дарга Ц.Пүрэвдоржид "Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааны шилжилт хийсэн бүртгэлийг хүчингүй болгох тухай хүсэлт явуулсан. Үүний дараагаар УБЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Пүрэвжаргал нь 2015 оны зургадугаар сарын 22-ны 8/8456 дугаар Өргөдлийн хариугаар татгалзсан хариу ирүүлсэн.
Улсын бүртгэгч Ч.Батцэцэг нь Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг кохицуулах тухай хуулийг зөрчиж бүртгэлийг хийсэн байгаа нь харагдаж байна. Иймд "Жи Пи Эф” ХХК-ийн дээрх хууль зөрчиж хийсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Ингээд өмгөөлөгч Б.Батзаяаг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр илгээсэн байгаа юм. Бас Ш.Мөнгөншагай 2016 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тэр үед Ш.Мөнгөншагай III хорооллоосоо "Кристал таун” руу нүүж, 9922-той дугаараа 9911…….. болгон өөрчилсөн байв.
Ш.Мөнгөшагай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ гурван шаардлага тавсан байлаа.
Тэрээр "… Иргэн Ш.Мөнгөншагай болон "Си Си Эм Икс” ХХК-ийн хооронд 2012 оны дөрөвдүгээр сарын 23-нд байгуулсан гэх "Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаатай холбоотой Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, иргэн Г.Жаргалан болон "Си Си Эм Икс” ХХК-ийн хооронд 2012 оны дөрөвдүгээр сарын 23-нд байгуулсан гэх "Жи Пи Эф” ХХК-ийн 40 хувийн хувьцаатай холбоотой Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, "Жи Пи Эф” ХХК-ийн 2012 оны долдугаар сарын 30-ны өдрийн 05 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах” гэсэн гурван шаардлагыг гаргасан байна.
Ш.Мөнгөншагай  нэхэмжлэлдээ "…Нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай нь хурдан морины уяач, адуучин бөгөөд голдуу хөдөө амьдардаг учир компанийн дийлэнх хувьцааг эзэмшигчийн хувьд үйл ажиллагааны бүхий л эрхээ Гүйцэтгэх удирдлагад бүрэн шилжүүлж, итгэл үзүүлэн ажиллаж байсан. "Жи Пи Эф” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалан нь компанийг 2010 оноос удирдан ажилласан. Тэрээр 2012 он хүртэл "…Компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Уул уурхай зогсонги байдалд орсон тул хятад хөрөнгө оруулагч хайж байгаа. Хөрөнгө мөнгө дутагдалтай байгаа” гэдэг мэдээллийг нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайд өгч байсан.
Улмаар Г.Жаргалан нь 2012 оны сүүлчээс нэхэмжлэгч Ш.Мөнгөн­шагайгаас холбоогоо тасалсан. Иймд нэхэмжлэгч Ш.Мөнгөншагай нь 2015 оны эхээр өмгөөлөгч хөлсөлж шалгалт хийлгэхэд "Жи Пи Эф” ХХК-ийн 100 хувийн хувьцаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Си Си Эм Икс” ХХК-д шилжсэн болохыг мэдсэн.
Ш.Мөнгөншагай нь "Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцааг шилжүүлсэн гэх гэрээнүүдэд гарын үсэг зураагүй. Мөн  "Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх зөвшөөрлийг өгөөгүй юм” гэжээ. Энэ их марзан зүйл болоод хувирчихсан.
Нэг тонн алт, 1000 тонн мөнгөний нөөцтэй Салхитын мөнгөний ордын хайгуулын лицензийг эзэмшиж байсан Ш.Мөнгөншагай 2010 онд "Жи Пи Эф” ХХК-ийг байгуулснаасаа хойш 2015 оныг хүртэл бүтэн таван жил зөвхөн гүйцэтгэх захирал, хүргэн дүү Г.Жаргалангийнхаа үгийг сонсоод л компаниа огт тоохгүй явчихсан болоод байгаа юм.
Мөн бүтэн таван жил хөдөө хурдан морь уяж, адуу маллаад, Улаанбаатар дахь гэр орон нь III хорооллоос "Кристал таун” руу нүүж, 9922-той гар утасны дугаар нь 9911…….. болж хувирсан байна. Илбэ мэт амьдрал биш гэж үү. Хамгийн гол нь хайртай дүүг нь авч ханилсан, хүргэн Г.Жаргалан хамаг хөрөнгийг нь зарж хаячихаад, 2012 оноос харилцаа холбоогоо таслаад одоог хүртэл сураггүй алга болсон байна.
Харин мань Ш.Мөнгөншагай маш тайван хүн юм. "…Яасан юм бол, учрыг нь олж өгөөч” гээд Захиргааны шүүх, Иргэний шүүх хавиар нэхэмжлэл гаргаад гурван жил заргалдаж байгаа ажээ.
Хошин шогийнхон ч сэтгэхээргүй марзан аргаар шүүхийнхнийг амраалгүй, одоо цагдаа, АТГ-ынханд ажил тариад байгаа иргэн Ш.Мөнгөншагайгийн оролцсон, Салхитын мөнгөний ордыг тойрсон явдал хэрхэн өрнөх бол.
 
Үргэлжлэл бий.
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler