| |
Видео
Шинэ мэдээ
Македон улсын нэрийг өөрчлөх тухай санал асуулга болж өнгөрлөө
Бүгд Найрамдах Македон Улсын нэрийг өөрчлөх тухай Грек улстай байгуулсан Засгийн газар хоорондын гэрээний асуудлаарх бүх нийтийн асуулгыг ням гарагт явуулжээ.
Македоны Сонгуулийн хорооны урьдчилсан мэдээгээр, бүх нийтийн санал асуулгын саналын хуудсын 85,71 хувийг тоолсны дараах ирц 36,11 хувьтай байсан байна. Гректэй байгуулсан Засгийн газар хоорондын гэрээг санал асуулгад оролцогсдын 91,25 хувь нь дэмжсэн бол 5,82 хувь нь эсэргүүцжээ.
Македоны хуульд заасны дагуу сонгогчдын ирц 50 хувиас доогуур бүртгэгдсэн тохиолдолд бүх нийтийн санал асуулгыг хүчингүйд тооцдог байна.
Бүх нийтийн санал асуулгыг амжилттай болсныг хүлээн зөвшөөрөхийн тулд тус улсад 1,8 гаруй саяар тоологддог нийт сонгогчдын талаас дээш хувь нь оролцсон байх ёстой.
Бүх нийтийн санал асуулгыг амжилттай болсон гэж үзэж болно гэж Македоны Ерөнхий сайд Зоран Заев хэлжээ. Түүний үзэж буйгаар, Македон улс европын замаар урагш хөдөлсөөр байгаа аж.
Харин "Македоны дотоод хувьсгалын байгууллага-Македоны үндэсний нэгдлийн Ардчилсан нам”-ын дарга Християн Мицкоский бүх нийтийн санал асуулгыг амжилтгүй болсон гэж үзэж байна. Түүний хэлснээр, ард иргэдийн дийлэнх нь санал асуулгад оролцоогүй нь тэдний эх орон бол "Македон” гэдгийг тодорхой ойлгуулж байгаа хэрэг.
Дээрх бүх нийтийн санал асуулга нь Грек болон Македоны хооронд хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан Македон улсын нэр нь Грекийн хойд нутгийн мужийн нэртэй адилхан байгаа асуудлаар 27 жил үргэлжилсэн маргааныг эцэслэн шийдэх зорилготой юм.
Македон улсын албан ёсны шинэ нэрийн тухай гэрээнд хоёр орны Гадаад хэргийн сайд нар зургадугаар сарын 17-нд Преспа арлын эрэгт гарын үсэг зуржээ. Уг гэрээнд Балканы хойгт оршдог тус улсыг "Бүгд Найрамдах Умард Македон Улс” гэж нэрлэхээр заасан байна. Энэ гэрээ нь олон жил үргэлжилсэн маргааныг зогсоогоод зогсохгүй тус улсад НАТО болон Европын Холбоонд элсэх замыг нээж өгөх юм.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг