Эрхэм гишүүд ээ, та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Миний бие ард түмнийхээ өгсөн итгэл, оногдуулсан үүргийн дор Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар хоёр жил гаруй хугацаанд ажиллаж байна.
Итгэл найдвар, шинэчлэл өөрчлөлтийн асар их хүлээлтийг хөсөрдүүлдэхгүй гэсэн зүтгэл маань сайн хамт олон, зорилго нэгт танхимын гишүүд шинэчлэлийн төлөө сэтгэл гарган зүтгэсэн аймаг орон нутгийн удирдлагууд болон төрийн бүх шатны албан хаагчид, бүтээн байгуулалтыг гардан хийсэн ажилсаг түмэн, итгэл өгөн дэмжсэн ард түмний дэмжлэгтэйгээр хүндхэн цаг үед бас боломжийн үр дүн, бодит бүтээмжтэйгээр үргэлжилж байна.
Бид цаасан дээр ажиллаж, улстөржиж хийрхэн цаг алдалгүйгээр хийж бүтээхэд бүхий л цаг хугацаа, ажил үйлс, хүсэл зоригоо дайчлан зориулсан нь өнөөдөр та бүхний өмнө нүүр бүтэн зоригтой зогсох боломж олгож байгааг шуудхан хэлмээр байна. Хийж бүтээсэн бодитой ажлууд, цаашдаа хийж бүтээх ажил үйлс маань бүгдийн нүдэн дээр ил тод хангалттай хурдтайгаар үргэлжилж байгааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй харж байгаа. Сөрөг хүчин огцрохыг шаардсан. Огцрохын тулд бодит шалтгаан хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар улс орныхоо эдийн засаг, ард түмнийхээ амьжиргаа, Монгол Улсын гадаад нэр хүнд харилцаа, хамтын ажилллагааг бүхэлд нь нуруундаа үүрч явдаг онцгой ач холбогдол, үүрэг бүхий төрийн том багана юм.
Хэсэг бүлгийн хангагдаагүй эрх мэдэл, хэн нэгний явцуу эрх ашгаас үүдсэн үндэслэлгүй, бодлогогүй тэмцэлд ганхаж тогтворгүйтэх юм бол ард түмний язгуур эрх ашигт шууд харшлахуйц хариуцлагагүй үйлдэл болно. Тиймээс сөрөг хүчний өргөн барьсан огцруулах үндэслэлд бодитой тоо баримттай хариулт товчхон өгье.
Эдийн засаг 17.3 хувийн өсөлттэй байснаа 6.3 болж, бодитойгоор гарсан нь үнэн. Гэхдээ 17.3 хувийн эдийн засгийн өсөлт өгч байхад Оюутолгой зэрэг томоохон үйлдвэрийн нөлөө бараг тал хувийг нь бүрдүүлсэн юм.
Өнөөдөр яагаад Монголын эдийн засгийн өсөлт ийм болов гэвэл бодитой хөрсөн дээрээ бууж, гадны хөрөнгө оруулалт, гадны дэмжлэг туслалцаагүй болсон энэ цаг үед өөрсдийнхөө дөрвөн булчингаар хийж бүтээснээрээ энэ эдийн засгийн өсөлт бий болсон юм. Жишээлбэл 2014 оны хагас жилийн статистикээр үзвэл 5.3 хувийн өсөлт байна.
Айлаас эрэхээр авдраа уудал, гаднаас сураглахаар өөрсдөө хөдөлмөрлө
Энэ өсөлтийн гурван функцийг манай уул уурхайн импортын бус олборлолтын өсөлт эзэлж байгаа. Харин 1.9 хувийг нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл бүрдүүлж байгаа юм. Энэ бол дотоодын эдийн засгаар бүрдүүлж байгаа цэвэр өсөлт юм. Монголчууд бид нар ингэж л амьдрах ёстой. Айлаас эрэхээр авдраа уудал, гаднаас сураглахаар өөрсдөө хөдөлмөрлө, Монголдоо бүтээцгээ, хийж болох зүйлээ өөрсдөө хийе гэсэн энэ зорилтын хүрээнд өөрийн гэсэн эдийн засгийн өсөлт бий болж байгаа юм. Хоосон тоогоор хөөцөлдөж хэрэггүй. Дараа нь Засгийн газар УИХ-ын хяналтгүй долоон их наяд орчим төгрөгийг тооцоо судалгаа, бодлогогүй зарцуулсан нь улс орны эдийн засгийг өвчлүүлснийг Олон улсын хөндлөнгийн байгууллагууд дүгнэлээ гэх үндэслэлд хариу өгье. Энэ бол худлаа. Дэлхийн банк 2014 оны 10 дугаар сард хийсэн илтгэлдээ "Монголын төсвөөс гадуурх зардал нь эдийн засгийн өсөлтийг бууруулах бус харин ч Олон улсын зах зээл дээрх эрдэс баялгийн үнэ унасан гадаад орчны таагүй нөхцөлд эдийн засгийн өсөлтийг хангах гол хүчин зүйл болжээ” гэж дүгнэсэн байгаа юм. Гэвч энэ нь төлбөрийн тэнцэлд дарамт учруулах эрсдэл бий болгосон тул Засгийн газар, Монголбанкны энэ онд эхлүүлсэн төсөв мөнгөний хумих бодлого нь энэхүү эрсдлийг хязгаарлахад чухал арга хэмжээ боллоо гэж Олон улсын байгууллагууд дүгнэсэн байна.
Монгол Улсад өрийн дарамт бодитойгоор нүүрлэж өр 50 хувиар нэмэгдэн ДНБ-ээс давлаа гэх асуудлын тухай ярья. Олон улсын валютын сангаас хөгжиж байгаа орнуудын өрийн шалгуур үзүүлэлтийг тогтоохдоо бодлого болон институцийнх нь үнэлгээний индексийг тооцож үр дүнг нь сул, дундаж, хүчтэй гэсэн гурван ангилалд хувааж үздэг юм байна. Монгол Улсын гадаад, дотоод өрийн үлдэгдэлийн ДНБ-нд эзлэх хувийг Олон улсын валютын сан, Дэлхийн банкны шинжээчид тооцож үзээд дундаж гэсэн ангилалд оруулсан. Монгол улсын өрийн үлдэгдэл ДНБ-нд харьцуулсан шалгуур үзүүлэлтийн түвшин нь өнгөрсөн есдүгээр сарын 30-ны байдлаар 49.3 хувьтай байна. Засгийн газрын чадамжгүй, эдийн засгийн бодлогогүй урагшгүй байдлаас гадаадын шууд хөрөнгө оруулалт буурлаа гэж та бүхэн дүгнэсэн байна лээ.
Энд залруулга хийх нь зүйтэй. Оюутолгойн эхний шатны хөрөнгө оруулалт 2010-2012 онд хийгдэж байхад нэг тэрбумаас 4.9 тэрбум ам.доллар болтол өсөж үүнийг дагалдсан бизнесийн хөдөлгөөн Монголд голлох нөлөө үзүүлсэн юм.
Нэгдүгээр үе шат дуусч хөрөнгө оруулалтын хэмжээ үндсэндээ зогссон.
Хоёрдугаарт 2010-2012 онуудад дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өндөр байснаар манай 40 орчим аж ахуйн нэгж Олон улсны зах зээл дээр "IPO” хийх замаар хөрөнгө татсан бол 2012-2014 онуудад нүүрсний үнэ тасралтгүй унасаар өмнөх шиг хувьцаа гаргаж, хөрөнгийн биржээс хөрөнгө босгох, төслөө өргөжүүлэх шинэ хөрөнгө оруулалт татах үйл ажиллагаа багассан байна.
Гуравдугаарт 2010 оноос эхлэн 2012 оны тавдугаар сар хүртэл гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хязгаарлах эрх зүйн актуудыг УИХ-аас баталж, улстөржүүлэн хөрөнгө оруулагчдыг шахах хандлага давамгайлсан. Ийм учраас гадаадын хөрөнгө оруулалт багассан. Харин шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд УИХ-тай хамтран Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр олгох хуулиудыг баталж зарим хориглогдсон байсан хуулиудыг цуцалсан. Ингэснээр хөрөнгө оруулалт нэмэгдэх боломж нөхцөл бүрдсэн. Монгол улсад бүртгэлтэй 54337 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон гэх үндэслэлийг манай Засгийн газар болон статистикийн байгууллагууд нягталж үзсэн. Эдгээр байгууллагууд гэнэтхэн үйл ажиллагаагаа зогсоогоогүй юм байна. Эдгээрийн 10.2 хувь нь байгуулагдснаасаа хойш ямар ч тайлан ирүүлдэггүй учраас оруулдаг юм байна. Харин 36 хувь нь үйл ажиллагаа явуулаагүй тайлан ирүүлсэн.
Ингэхээр 45-50 хувь нь байгуулагдсанаасаа хойш тайлан ирүүлээгүй, үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуйн нэгж байдаг юм байна. Дээр нь "Монгол-999” гэх ажиллагаагаар Тавантолгойн хувьцаа авах зорилгоор маш олон зохиомол компаниуд үүсчихсэн байж. За өрийн асуудлын хувьд тогтож ярилцан ард иргэддээ нэг мөр ойлголт өгөх шаардлагтай байгаа юм.
МАН-ынхан их буруу ойлголт ард иргэдэд төрүүлэх юм
Би хоёр хөршийн тухай ярья. Нэгдүгээрт бид хамтраад ажиллаж байхад ямар хэмжээний өр тавиад тэрнээс хэчнээн хэмжээнийхийг нь төлөөд хэдийг нь төлж чадахгүй явж байгааг эхлээд хэлчихье.
Манай МАН-ынхан их буруу ойлголт ард иргэдэд төрүүлэх юм. Өмнөх Засгийн газрын үед Оюутолгойгос 250 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг хүүтэй нь авсан. Эндээс бид 166 сая ам.долларыг нь төлчихөөд байна. Одоо цаана нь 90 гаруй сая ам.доллар үлдсэн. Хоёр янзын хэлбэрээр төлж байгаа. Эхнийх нь бэлнээр төлж байна. Сая 10 дугаар сард 115 сая ам. доллар бэлнээр төлсөн. Нөгөө хэлбэр нь Оюутолгой Монгол Улсын төсөвт төлөх татвараас нь суутгаж авдаг. Үнэн хэрэгтээ бид Монгол Улсын төсөвт мөнгө авахгүй байгаа. Харин орж ирсэн хэдэн төгрөгөө өр төлөхөд зарцуулж байна. Энд ямар нэгэн маргаан гаргахгүй байх гэж бодож байна.
Үндсэндээ 460 тэрбум төгрөгийг ард иргэддээ амласан 21000, нэг сая төгрөгийг тарааж өгөхөд зарцуулсан. Хоёрдугаарт "Эрдэнэс МGL” гэдэг компанид хэдэн тэрбум төгрөгийн өртэй байсан гэхээр 416 тэрбум төгрөгийн өртэй байсан юм. Бүгдээрээ мэдэж байгаа. "Чалко”-той гэрээ хийгээд мөнгийг нь авч ирээд тараачихсан. Өнөөдөр ч энэ өрийг төлж дуусаагүй байна. 2014 оны есдүгээр сарын 30-ны байдлаар 97 орчим тэрбум төгрөгийг төлөөд байна. Гуравдугаарт Монголбанкны зээлийн өр 361 тэрбум төгрөг байсныг тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийг өмнөх Засгийн газрын үед бүрэн өгч чадахгүй орхисон байсан. Үүнийг бид дотоодод бонд босгож 122 тэрбум төгрөгөөр төлсөн.
Шинэчлэлийн Засгийн газар хоёр их наяд зургаан зуун тэрбум төгрөгийн өр төлсөн
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш хоёр жилийн хугацаанд хоёр их наяд зургаан зуун тэрбум төгрөгийн өр төлөөд байна. Тэгэхдээ өмнөх Засгийн газраас үлдсэн бүх өр төлөгдөөгүй. Одоо 500 тэрбум төгрөгийн өр үлдсэн. Юу юу үлдсэн гэвэл "Чалко”-д 200 орчим тэрбум төгрөгийн өрийг төлж дуусгана. "Эрдэнэс Тавантолгой”-н 100 тэрбумийн өрийг бас төлнө. Бондын үлдэгдэл 190 ингээд нийтдээ 500 орчим тэрбум төгрөгийн өрийг төлнө. Энэ бол ирээдүй цаг дээр шүү. Хоёр их наяд зургаан зуун тэрбумыг бид төлөөд дуусгалаа. Энэ бол үндсэндээ бидний авсан бондын мөнгө шүү. "Чингис бонд” чинь өөрөө 1.5 тэрбум ам.доллар буюу хоёр их наяд зургаан зуу орчим тэрбум төгрөг юм. Би өнгөрсөн хоёр жилд энэ тоо баримтаа нэг мөр болгоё гэж их хэлсэн. Дандаа л еэ еэ бөөвөө, болохгүй байна гэхээ больцгооё л доо. Бид хамтраад ард түмэндээ амлачихсан, өгчихсөн шүү дээ. Бид тэрийг чинь чардайгаад мардайгаад, төлөөд мөлөөд яваад байна шүү дээ. Ийм ийм юм аа яагаад ойлгохоо больчихсон юм бэ. Яагаад ингэж улстөржүүлээд байдаг юм бэ гэж би мөн ч их хэлсэн дээ. Ингээд өмнөх өр ширийг орхичихъё.
Одоо "Чингис бонд”-той холбоотой нэг мөр ойлголттой болъё. Энэ бондоос 2.5 их наяд орчим төгрөг бий болсон. Үүнээс гадна 580 сая ам.долларын Евро бонд, 30 тэрбум иений "Самурай бонд” гээд нэлээн олон зээл авсан. Үүний мөнгөн хэмжээ нь хоёр их наяд гаруй төгрөг болж байгаа. Нийлээд дөрөв гаруй их наяд төгрөгийг яаж төлөх юм бэ, хэзээ төлөх вэ гэдэгт асуудал гарч байгаа. Үүний хуваарийг гаргуулсан. Хоёр эх үүсвэрээс төлнө. Нэг хэсгийг нь төсвөөс заавал төлөх ёстой аймгуудын зам, цахилгаан станцуудад хөрөнгө оруулж байгаа.
Нөгөө хэсэг нь цементийн үйлдвэр, гурил, гутал, ноос, ноолуурын үйлдвэр гэх зэрэг дандаа төслийг дэмжсэн арга хэмжээнд энэ зээл явж байгаа. Тийм хоёр эх үүсвэрээс энэ мөнгийг төлнө. Төсөв дээр ямар ачаалал ирэх вэ гэвэл зээлийг 2017, 2022 онд төлөх ёстой. 2017 онд төсвөөс 660 тэрбум гарна. Үлдэгдэл мөнгө нь арилжааны банкаар дамжуулаад компаниудад олгосон зээлээс төлөгдөнө. Энэ жил манай нийт хөрөнгө оруулалт 800 орчим тэрбум төгрөг байгаа. 2017 онд Монгол Улсын нийт хөрөнгө оруулалт 1.6 орчим их наяд төгрөг болно. Тэрний 30 хувиар нь бид зээлээ төлчихнө. Хоёрдахь нь 2022 онд төлнө. Тэр үед нэлээн их буюу 1.6 их наяд төгрөг төлнө. Тэрнээс "Чингис бонд”-ын мөнгө буюу төсвөөс 1.5-ыг төлнө. 2022 онд төсвийн нийт хөрөнгө оруулалт 4.5 их наяд болохоор байгаа юм. Түүнийхээ 1.5 их наядыг "Чингис бонд”-ын өоөнд өгнө.
Эх орон, үр хүүхдээ өрөнд оруулчихъя гэж боддог нэг ширхэг монгол хүн байхгүй
Энд дахин улстөр хийх шаардлагагүй. Эх орон, үр хүүхдээ өрөнд оруулчихъя гэж боддог нэг ширхэг монгол хүн байхгүй. Өнөөдөр ийм хэмжээний мөнгөөр юм хийчих юмсан, босгочих юмсан, овоолоод оцойлгочих юмсан гэсэн л хүсэл тэмүүллээр шинэчлэлийн Засгийн газар ажилласан, ажиллаж байна.
Үнхээр яаж ч муулаад та бүхний нүдэнд илхэн харагдаж байгаа биз дээ. Улс орон, компани, айл өрхүүд ингэж л хөгждөг. Тодорхой хэмжээний зээл аваад хэрэгтэй зүйлдээ зарцууллаа, тодорхой хугацаанд төллөө, гүйцээ.
Бие биенээ хэмлэсэн асуудалд эмзэглэж явдаг. Бид улс орноороо 25 жилийн өмнө ардчиллын замыг сонгосон. Ардчилсан улс. Хэт их гүтгэлийг орон даяар цацдаг боллоо. Өөрийнх нь харалган зорилго бүтэж байвал бусдыгаа гүтгэдэг боллоо. Шударга ёсыг тогтоох ёстой хууль хүчний байгууллага улс төржлөө. Дуугүй байна гэдэг нь доройдоо биш. Би хүлцлээ, тэвчлээ хоёр жил. Аавынх нь албан тушаалыг авахын тулд охиныг нь мөнгө завшсан мэт, найзыг нь гүтгэдэг бохир тоглоом бүрдлээ.
МАН бид л биш бол бусад нь чаддаг байх ёсгүй гэдэг аминч үзэлтэй байж болохгүй. МАН улсын төсвөөр байшин барилга барьж өмчилдөг байж болохгүй. Хөшүүн хойрго, хүнд сурталтай байж таарахгүй.
Шинэчлэлийн Засгийн газар 20-30 жилд хийгдээгүй бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн. Цаашдаа ч хийж, хэрэгжүүлнэ. Төрийн үйлчилгээ улам шуурхай болж, шинэ нисэх буудал, цахилгаан станцуудыг ашиглалтад оруулна.
Монгол бол хөгжлийн зам дээр гарч, нөхцөл нь бүрдсэн ард түмэн. Монгол хүн бүрийг хөгжлөөрөө олон улсад дээгүүр үзүүлэлт үзүүлэхийн төлөө ажиллана. Олон улсын санхүү, зах зээлийн гол тоглогч улс орон болно. Тэргүүлэгч эдийн засагтай ард түмэн болно. Нийгэм, эрүүл мэндийн хувьд эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
Монгол оронд гэрэлтэй өдрүүд олон бий гэдэгт итгэдэг. Та бүхний гүтгэлэг биш бодитой шүүмжлэл алдаа дутагдлыг залруулахад дэмжлэг болдог. МАН-ын тавьсан үндэслэлээр Засгийн газраа огцруулахгүй байхыг хүсч байна. Хэл амаа ололцоод явах өргөн боломж байна. Ард түмний язгуур эрх ашиг гэж эв нэгдэл, харилцан ойлголцол, ирээдүйд итгэх итгэл юм. Би ард түмнийхээ язгуур эрх ашгийг эцсээ хүртэл өмгөөлнө, хамгаална. Бидний Монгол үүрд бадран мандаг.
Өглөөний сонин