| |
Гэр бүлийн хувилбарт үйлчилгээний бүтээн байгуулалтын шинэлэг загварын нээлт боллоо
Нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарсан гэр оронгүй, хүнд нөхцөлд амьдарч байгаа хагас болон бүтэн өнчин 4-18 насны хүүхдүүдийг хүлээн авч сурч боловсрох нөхцөл боломжоор ханган халамжлан хүмүүжүүлж нийгэмшүүлэх 24 цагийн үйл ажиллагаатай төрийн үйлчилгээний байгууллага юм.
2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус Цогцолбор 2018-2019 оны хичээлийн шинэ жил, Гэр бүлийн хувилбарт үйлчилгээний бүтээн байгуулалтын шинэлэг загварын нээлтийн үйл ажиллагаагаа амжилттай хийлээ. Уг үйл ажиллагаанд Нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Нийслэлийн дотоод аудитын газрын хэлтсийн дарга Ж.Жамбалдорж болон дүүргүүдийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг халамж асрамжийн төвүүдийн дарга удирдлагууд, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд хүрэлцэн ирж хүүхдүүдэд хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж гэр бүлийн шинэлэг орчинд илүү ихийг сурч мэдэж өв тэгш хүмүүжилтэй иргэн болж төлөвшихийг хүсэн ерөөлөө.
Өнөөдрийн байдлаар тус цогцолборын Хүүхдийн төвд 4-16 насны 100 орчим хүүхэд, Залуучуудын төвд 16-18 насны 40 орчим залуус амьдарч сурч хүмүүжиж байна. Тус Цогцолборын хүүхдүүд Амгалан цогцолбор, 92, 55-р сургуулиудад хамран суралцаж байна. Хүүхдүүд маань сурлага хүмүүжил, урлаг спортын олон амжилтуудаар хичээлийн шинэ жилээ угтаж байгаа ба тэдний сурч амьдрах орчин илүү тав тухтай болох боломж бүрдсэнд хүүхэд бүр баяртай байна.
Хүүхдийн асрамж халамжийн үйлчилгээг гэр бүлийн хувилбарт үйлчилгээнд шилжүүлэх гэр бүлд дүйцэхүйц орчин нөхцөлд сурч амьдруулж гэр бүлийн хүмүүжлийг олгох зорилгоор 2017 оны 12-р сард Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээний стандарт шинэчлэгдэн батлагдан гарч 2018 оны 01 сараас мөрдөгдөж эхэлсэн. Энэ стандартыг хэрэгжүүлэх зорилгоор тус Цогцолбор энэ онд Гэр бүлийн хувилбарт үйлчилгээг өөрийн байгууллагадаа хэрэгжүүлэх зорилго тавьсан. Энэхүү зорилгынхоо хүрээнд хүүхдүүдийнхээ амьдарч буй орчин нөхцөлийг гэр бүлийн орчинтой дүйцэхүйц загварт оруулах ажлын саналыг хамтран ажилладаг "Цэцэглэх ирээдүй холбоо” ТББ-т тавьснаар энэхүү ажил биеллээ олсон юм.
Өмнөх жилүүдэд Цогцолборын хүүхдүүд төвлөрсөн нийтийн байдлаар амьдарч байсан бол өнөөдрөөс эхлэн 8 гэр бүлд хуваагдан гэр бүлийн системд шилжиж хүүхдүүдэд гэр бүлийн хүмүүжлийг олгох боломж нөхцөл бүрдээд байна. Ингэснээр хүүхдүүд гэр бүл дотроо ах нь дүүгээ асран халамжилдаг, дүү нь ахаасаа үлгэр дуурайл авдаг, гэр бүлийнхээ асуудлыг хамтдаа шийдвэрлэдэг, хөдөлмөрийн анхан шатны дадал чадварыг эзэмших, хамтран сурч хөгжих зэрэг хүмүүжлийг олж авах таатай нөхцөл бүрдсэн юм. Цаашид энэ загварыг улам боловсронгуй болгох хүүхдэд гэр бүлийн хүмүүжил олгох мэргэжлийн нийгмийн ажил үйлчилгээг хүүхэд бүрт хүртээмжтэй байдлаар улам сайжруулан ажиллахаар төлөвлөж байна гэж нийслэлийн Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбороос мэдээллээ.