| |
Видео
Шинэ мэдээ
Биеэ үнэлэгчтэй хоноглосон сагсан бөмбөгчдийн тэмцээнд оролцох эрхийг хасжээ
Индонези улсад амжилттай үргэлжилж буй Азийн спортын наадмын үеэр зугаацаж цэнгэсэн Японы сагсан бөмбөгчдийн албан ёсны тэмцээнд оролцох эрхийг нэг жилээр хассан тухай Японы сагсан бөмбөгийн холбооноос лхагва гарагт мэдэгдэв.
Японы сагсан бөмбөгийн шигшээ багийн дөрвөн тамирчинд ийм шийтгэл ногдуулсны зэрэгцээ сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, 60 настай Юко Мицуягийн цалинг 3 сарын турш 10 хувиар бууруулахаар болсон байна.
Японы "B-League”-ийн тамирчид болох 27 настай Юя Нагаёши, 23 настай Такуя Хашимото, 23 настай Такума Сато болон 22 настай Кэйта Имамура нар Индонезийн нийслэл Жакарта хотын зугаа цэнгээний дүүрэгт хэдэн эмэгтэйтэй танилцаж, тэдний хамтаар ойролцоох зочид буудалд орсон аж. Тухайн үед тэд үндэсний шигшээ багийн хувцсаа өмссөн байжээ.
Энэ хэргийн дараа уг тамирчдыг эх орон руу нь буцаасан тухай өмнө нь мэдээлсэн билээ. Тэд наймдугаар сарын 21-нд Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр буруу зүйл хийсэндээ хүлцэл өчсөн байна.
Японы сагсан бөмбөгийн багийн үлдсэн найман тоглогч Азийн наадамд тэмцээнээ үргэлжлүүлж байгаа бөгөөд тэд ирэх баасан гарагт Индонези улсын шигшээ багтай долоо, наймдугаар байрын төлөө өрсөлдөх ажээ.