|
Видео

Шинэ мэдээ

Боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх “Дижитал сургалт” төсөл хэрэгжинэ

Боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх “Дижитал сургалт” төсөл хэрэгжинэ

Боловсролын салбарын судлаач, эрдэмтдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг асуудал нь боловсролын үйлчилгээний тэгш бус байдал хэмээн тодорхойлдог. Ялангуяа боловсролын байгууллага хаана байршиж байгаагаас хамааран сургалтын чанар ялгаатай байгаа юм. 
Суралцагч бүрт боловсролыг тэгш байдлаар хүргэж, ирээдүйн мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх асуудалд салбарын яам анхааран ажиллаж байна. Энэ ч утгаараа Сингапур Улсын "All in Technologies Pte Ltd” компанитай хамтран "Дижитал сургалт” төслийг хэрэгжүүлэхээр тохиролцож, төслийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Төсөл хэрэгжиж эхэлснээр боловсролын үйлчилгээ тэгш хүртээмжтэй болно гэж үзэж байгаа аж. 

Дээрх төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр болж Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа, газрын дарга Т.Ням-Очир, Сингапур Улсын "Allin Technologies Pte Ltd” компанийн захирал, удирдах зөвлөлийн дарга Эдвин Ли болон 21 аймаг, нийслэлийн сургуулиудын захирал нар оролцлоо. Уг төслийн хүрээнд багш нарыг мэргэшүүлж, хөгжүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүнийг баяжуулан, хичээл, сургалтын үйл ажиллагаанаас бусад цагт бие даан сурч, хөгжих бодит боломж бүрдэхийг онцолсон юм. 

Шинээр хэрэгжих төслийг нээж салбарын сайд Ц.Цогзолмаа "БСШУС-ын яамнаас сургалтын чанар, үр дүнгийн зөрүүг багасгах талаар судалгаа эрэл хайгуулыг хийж байгаа бөгөөд сургалтад мэдээллийн технологийг түлхүү ашиглаж, тэгш хүртээмжтэй боловсролыг дэмжих зорилгоор Сингапур Улсын "Allin Technologies Pte Ltd” компанитай хамтран "Дижитал сургалт” төслийг хэрэгжүүлэхээр болж байна. Төслийн эхний санхүүжилт нь хоёр сая америк доллар байх бөгөөд төслийг Улаанбаатар хотын гэр хороолол, хөдөөгийн сум, баг дахь ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг дээр хэрэгжүүлнэ. Төслийн үр шимийг 300 сургууль, цэцэрлэг, таван мянган багш, 100 мянган хүүхэд хүртэнэ. Төслийн хөрөнгө оруулалтыг багш нарын мэргэжил дээшлүүлэлт, дижитал анги танхим байгуулах, сургалтын агуулгыг Харвардын Их сургууль зэрэг дэлхийн шилдэг боловсролын байгууллагуудын боловсруулсан бага насны хүүхдэд зориулсан шилдэг хөтөлбөрийн туршлагаар баяжуулна. Мөн сургалтын хэрэглэгдэхүүн, ном сурах бичгийг орчин үеийн жишигт нийцүүлэх зэрэг үйл ажиллагаанд зарцуулна” гэж хэллээ. Мөн Сингапур улсыг зорих эхний ээлжийн баг ирэх сарын 15-нд хилийн чанад руу хөлгийн жолоо залах юм байна. 

Цаашид төсөл ямар үр дүн авчирсан, боловсролын тэгш байдал арилсан эсэхэд Харвардын Их сургуулийн профессор Сноу тэргүүтэй судлаач, эрдэмтдийн баг хяналт, шинжилгээ үнэлгээ хийх юм байна. Мөн "Тогтвортой хөгжлийн зорилт-2030” баримт бичигт тусгагдсан "Мэдлэгт суурилсан боловсролын тогтолцоо бүрдүүлэх” зорилтын биелэлт энэхүү төслийн хүрээнд сайжирах ажээ.

БСШУС-ын яамны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир "Багш нараа чадавхижуулах нь шинжлэх ухаан технологи хөгжсөн өнөө үед шаардагдаж байгаа гол асуудал юм. Ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэдэг багш нар маань чадавхижсанаар мэдлэг боловсролтой улсаа хөгжүүлэх иргэд бий болно. Тиймээс энэхүү төслийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн төдийгүй Боловсролын дата төвөө түшиглэн дижитал сургалт явуулах боломж байна. Дата төв нь 1,5 сая хэрэглэгчийн хэрэглээг даах чадвартай, өргөтгөх боломжтой. Нэгэнт үндэс суурь нь байгаа болохоор ямар нэгэн саадгүйгээр боловсролын үйлчилгээ улс даяар тэгш хүрэх боломжтой. Хамгийн гол нь үр дүнтэй хэрэгжүүлж, хүүхэд бүр үр шимийг нь хүртэх нь чухал” гэж байлаа. 
Уг төсөл гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд жилд хоёр сая ам.долларын хөрөнгө оруулалтай байх ажээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler