|
Видео

Шинэ мэдээ

80 мянган хүнд зориулсан нэмэгдлийн наана, цаана…

80 мянган хүнд зориулсан нэмэгдлийн наана, цаана…

Арван жилийн өмнө 108000 төгрөг байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдөр  гурав дахин өслөө. 2008 онд 108000, 2011 онд 140400, 2013 онд 192000, 2016 онд 240000, 2018 онд 320 мянган төгрөг болгох шийдвэр гаргав. Гэвч 80 мянган төгрөгөөр цалин нэмэгдэж буйг нийт массаараа талархан  хүлээж авахын өмнө бодит хөрсөнд хэрхэн буухыг бас л бодууштай аж.
Учир нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх оноос 320 мянган төгрөг болж байгаа нь Монголын гурван сая иргэн бус, тэрдундаа ажил хөдөлмөр эрхэлж буй 1.1 сая иргэн ч биш, ердөө мэргэжил харгалзахгүйгээр хөдөлмөр эрхэлж буй 80 мянган ажилчинд хамаатай. Өөрөөр хэлбэл, ажилчин ангийнхны найман хувийн төлөөлөлд олгож буй "хишиг” юм. Ингэж хэлэх ч бас бодит нөхцөл байдалд нийцэхгүй. Хоёр жил тутамд 60-80 мянган төгрөгөөр нэмэгдэж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр халхавчилж будаа, гурил, шатахуун, талхны үнэ хэрхэн өсч байгаад тоо бодохгүй л байгаа болохоос бодит амьдралд тов тодорхой нөлөөлж байна.
Албан ёсны статистик мэдээнээс харвал, бидний өргөн хэрэглээний хүнс талхны үнэ гэхэд   2013 онд 805 төгрөг байсан бол 2015 онд 1106, 2017 онд 1172 төгрөг
болжээ. Харин цагаан будааны үнэ 2013 онд 1862 төгрөг байсан бол 2015 онд 2410, 2017 онд 2649 болсноос хөдөлмөрийн хөлстэй зуузай холбон өссөнийг бэлхнээ харж болно.
Тиймээс цалин нэмэх лоозонгоор төр засгийг сүрдүүлж, иргэдийг сэнхрүүлсэн Ажил олгогч эздийн холбоо, МҮЭХ зэрэг байгууллагуудын тэмцлийн цаана өнөөдөр 80 мянган хүний цалин 80 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа мэт боловч цалин нэмэх сургаар дагаад үнэ нь өсчихдөг өргөн хэрэглээний барааны "шошго” маргаашаас эхлээд л нийт массыг тэр чигээр нь хөлдөө чирж буйг дурдах хэрэгтэй. Бүр тодорхой хэлбэл, жоомоо алах гээд байшингаа шатаахын үлгэр болох нь. Мөн 80 мянган төгрөгөөр цалингаа нэмүүлсэн мэт боловч одоо байгаа 2648 төгрөгийн үнэтэй кг цагаан будааг 2020 онд хэдэн төгрөгөөр худалдаж авахыг таашгүй.
Түүнчлэн айл бүрийн орлого, хүн бүрийн идэх талхтай холбогддог инфляцийн өсөлт хаа хүрэхийг хэлж мэдэхгүй.
Ямартаа ч ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх нь. Энэ талаар
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг " "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам шинэчлэн тогтооно гэсэн хуультай байгаа. Тиймээс энэ дагуу тодорхой шийдвэрийг гаргасан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь мэргэжил харгалзахгүй өгч байгаа цалинг хэлнэ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо хэд хэдэн хүчин зүйлийг харсан. Нэг цагийн 1,904 төгрөг сард 320 мянган төгрөг болгон шинэчлэн тогтоож 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр боллоо” гэдгийг хэллээ. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр торгууль автоматаар нэмэгдэхгүй гэсэн үг.
Харин МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "2019 онд 320 мянга, 2020 онд 420 мянган болгохоор бид шийдвэр гаргасан. Ингэснээр 2020 он гэхэд одоогийн үнэлэмжээр цагийн хөлс нэг долларт хүрч байгаа юм. Энэ бол бүх салбарын ажилчдын цалингийн үнэлгээг нэмэгдүүлэх гол зүйл болдог. Торгууль шийтгэлийн тухайд зөрчлийн тухай хуулиар нэгжээр тооцдог болсон учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр ямар нэгэн өөрчлөлт гарахгүй” гэсэн мэдээллийг өгсөн юм.
 
 
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler