| |
“Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагуудад үүрэг даалгавар өглөө
"Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү нэгдлийн удирдлагуудтай уулзаж, охин болон хараат компаниудын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудалтай танилцаж, үүрэг чиглэл өгөв. Уулзалтын эхэнд "Гашуун Сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын үйл ажиллагааг танилцуулж, зам засварын ажил хэвийн үргэлжилж байгааг онцоллоо. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай авто зам нь манай улсын нүүрсний экспортын гол гарц бөгөөд өнөөдрийн байдлаар 162 аж ахуйн нэгжийн 11129 тээврийн хэрэгсэл урт болон богины зайд нүүрс тээвэрлэлт хийж байна. 2018 оны долдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 10.6 сая тонн нүүрс тээвэрлүүлж, 39.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байгаа аж. Өнгөрсөн долдугаар сараас эхлэн их хэмжээний аадар бороо үргэлжлэн орж, үерийн аюул нүүрлэснээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замд эвдрэл үүссэн. "Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл яаралтай хуралдаж, зохих арга хэмжээг шуурхай авсны үр дүнд зам засварын ажил хэвийн үргэлжилж байгааг "Гашуун Сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болд тодотгов.
Засгийн газраас 2017 оны тавдугаар сард металлургийн кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр байгуулах зорилгоор "Эрдэнэс Стийл” ХХК-ийг хувийн хэвшлийн "Бэрэн” групптэй хамтран байгуулсан. Тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Батболд "Монгол Улсад металлургийн кокс, ган төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүрэн боломж бий. Учир нь түүхий эдийн арвин нөөцтэй. Монгол Улс 2017 онд 283.4 мянган тонн ган төмөрлөг импортолж, 283 сая ам.долларыг зарцуулсан байдаг. Нийт хэрэгцээний 90 гаруй хувийг гаднаас импортолж байна. Хэрэв металлургийн кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал дотоодын хэрэгцээг бүрэн хангахаас гадна экспортлох боломжтой болно. Үйлдвэр ашиглалтад орвол жилд 500 мянган тонн металлургийн кокс, 300 мянган ган төмөрлөг үйлдвэрлэнэ” гэлээ.
"Багануур” ХК, "Шивээ-Овоо” ХК-ийн хувьд уурхай дээр ажиллаж байгаа нийт машин механизмийн ашиглалтын хугацаа дууссан учир техник технологийн шинэчлэл хийх шаардлагатай. Мөн нүүрсний үнийг бодит өртөгт хүргэх асуудал тулгамдсаныг компанийн гүйцэтгэх захирлууд танилцуулав.
Монгол Улсын хамгийн том ураны ордын лицензийг эзэмшдэг "Мон-Атом” ХХК өнгөрсөн 10 жилийн хугацаанд дөрвөн улстай хамтарч дөрвөн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүний нэг нь Монгол-Францын хамтарсан төсөл бөгөөд орд ашиглах гэрээг 2016 онд байгуулсан аж. Уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг ирэх есдүгээр сараас ашиглалтад оруулахаар бэлтгэл хангагдаж буйг компанийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргал танилцууллаа.
Уулзалтын төгсгөлд "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү нэгдлийн удирдлагуудад хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгөв. Тухайлбал, Багануур болон Шивээ-Овоогийн уурхайнууд 2018-2019 оны өвлийн бэлтгэл ажлаа хангах хүрээнд дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр тасралтгүй хангахыг чиглэл болгосноос гадна Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын засварын ажлыг бүрэн дуусгаж, үйл ажиллагааг хэвийн явуулахад тогтмол анхаарахыг үүрэг болголоо. Мөн нэгдлийн хэмжээний шинэ төслүүдийг нэгтгэж, шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг тооцоолох хэрэгтэйг онцлоод Засгийн газраас чиглэл болгосны дагуу компанийн ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг анхааруулав.